CNN-ийг үүсгэн байгуулагч Тэд Тернер 87 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

CNN хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэж, Америкт, дараа нь дэлхий дахинд мэдээ түгээх арга барилд хувьсгал хийсэн гэгддэг нэртэй бизнесмэн Тэд Тернер өчигдөр буюу Лхагва гарагт 87 насандаа таалал төгсжээ.

Тэр бас мэргэжлийн спортын клубүүдийг эзэмшиж, жүжигчин Жэйн Фондатай гэрлэж, буяны болон байгаль орчныг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байсан хүн юм.

1938 оны арваннэгдүгээр сард Охайо мужийн Цинциннати хотод төрсөн Роберт Эдвард “Тэд” Тернер III цэргийн сургуульд суралцсаныхаа дараа Брауны их сургуульд элссэн ч төгсөж чадалгүй хөөгдөж байжээ.

Санхүүгийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутралын улмаас аав нь амиа хорлосны дараа тэр гэр бүлийнхээ зар сурталчилгааны бизнесийг удирдаж эхэлсэн гэдэг.

1970 онд хэд хэдэн радио станц худалдаж авсныхаа дараа Тернер санхүүгийн хүндрэлтэй Атланта телевизийн сувгийг худалдан авч байжээ.

Арван жилийн дараа тэр Turner Broadcasting System компаниасаа олсон ашгаар CNN телевизийг үүсгэн байгуулсан байна.

1980 онд байгуулагдсан CNN нь анхны 24 цагийн мэдээний суваг байсан бөгөөд сүүлдээ энэ загвар нь АНУ болон дэлхий даяар нэвтэрсэн юм.

Сүүлд CNN нь TBS, TNT, Turner Classic Movies, Cartoon Network зэрэг спорт, зугаа цэнгээний сувгуудыг өөртөө нэгтгэжээ.

Телевизийн хаант улсаа өргөжүүлэхийн зэрэгцээ 1980-аад оны үед Холливүүдийн MGM/UA Entertainment студийг Тернер худалдаж авсан ч хэдхэн сарын дараа буцаан зарж байв.

Энэ наймааны дараа тэр MGM студийн томоохон киноны санг эзэмшилдээ үлдээсэн байна.

1996 онд Turner Broadcasting компани Time Warner-тай нэгдсэнээр Тернер хэвлэл мэдээллийн аварга том группийн дэд ерөнхийлөгч болсон юм.

Хэвлэл мэдээллээс гадна Тернер 1976 онд Atlanta Braves бэйсболын клубийг худалдаж авсан нь World Series тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, 1995 онд аварга болж байв.

Тэр бас NBA-ийн Atlanta Hawks, NHL-ийн Atlanta Thrashers багуудыг эзэмшиж байгаад 1996 онд байгуулсан томоохон бизнесийн хэлцлийн хүрээнд Time Warner компанид шилжүүлж байжээ.

Бусад спортын төрлүүдээс дарвуулт завины Courageous багийг амжилттай удирдаж, 1977 онд Америкийн цомын эзэн болгож байв.

Дарвуулт завины шохоорхол нь түүнийг хэвлэл мэдээллийн өөр нэг магнат Роберт Мердоктой өрсөлдөхөд хүргэсэн юм.

1983 онд Сидней-Хобартын уралдаанд Мердокын ивээн тэтгэсэн завь Тернерийн завийг мөргөж живүүлсэн нь тэдний өрсөлдөөнийг улам хурцатгаж байв.

Энэ ослын дараа Тернер нударган зодоонд Мердокыг дуудаж байсан гэдэг.

Тернер бас 1980 оны Москвагийн зуны олимпыг Өрнөдийнхөн бойкотолсны дараа үүссэн олон улсын хурцадмал байдлыг намжаахын тулд Сайн Санааны Наадам зохион байгуулсан нь 2001 он хүртэл үргэлжилсэн юм.

Бизнес, спортын үйл ажиллагаанаас нь гадна Тернерийн хувийн амьдрал олны анхаарлын төвд байсаар ирсэн.

1991 онд тэр Time сэтгүүлийн оны хүн болохтойгоо зэрэгцэн жүжигчин Жэйн Фондаг өөрийн гурав дахь эхнэрээ болгосон юм.

Арван жилийн дараа тэд салсан бөгөөд Фондагийн загалмайн шашны сүсэг бишрэлийг Тернер үүнд буруутгаж байжээ.

Харин Фонда энэ талаар “түүнд бүх цагаа хажууд нь өнгөрөөх хүн хэрэгтэй. Энэ бол хайр биш, хүүхэд асрахтай адил” гэж ярьж байв.

1998 онд Тернер НҮБ-ын дэргэд уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, технологи, эрүүл мэндийн асуудал хариуцсан UN Foundation санг байгуулахад нэг тэрбум ам доллар хандивлаж байжээ.

Тэрбээр 2003 онд өөрийн сонирхдог зүйлд бүх цагаа зарцуулахаар Time Warner дахь албан тушаалаа орхиж байсан юм.

 

Эх сурвалж: AFP