Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

Үргэлжлүүлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулгаас:

Монгол улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн боловч 1963 оноос Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж, цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан.

Манай улсын хэмжээнд 2021 оны байдлаар 19,337 цусны донор бүртгэгдсэнээс 7,837 донор тогтмол цус, түүний бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж, цуглуулсан цусны нэгж бүрд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 36  нэр төрлийн 103,265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 61,675 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлэгт олгоод байна.

Бүтээгдэхүүний 78%-ийг цус сэлбэлт судлалын үндэсний төв дангаар бүрдүүлсэн бөгөөд 22%-ийг нь бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, зарим сум дахь нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цусны салбар төвд  бэлтгэн эмчилгээнд олгожээ.

Өндөр хөгжилтэй орнуудад цус, цусан бүтээгдэхүүний 75 хувийг 65-аас дээш насны хүн амд хэрэглэдэг, бага, дунд орлоготой орнуудад 52 хувийг нь 0-5 насны хүүхдэд хэрэглэгдэг дэлхийн статистик байдаг бол манай улсын хувьд цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэгч өвчтөнүүдийн 50.5 хувь нь 36-65 насны хүмүүс буюу идэвхтэй донорын насныхан байна.

Ирээдүйн чиг хандлага, түүний төсөөллийн талаар:

Монгол улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй донор /24-45 нас/-ын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар 2 дахин буурахаар байгаа бөгөөд дунджаар 20 орчим жил үргэлжлэх цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь тулгамдсан гол асуудал болж байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссоос авсан хариу арга хэмжээний хүрээнд удаа дараа бүрэн болон хэсэгчилсэн хөл хорионы дэглэм тогтоож ирснээс шалтгаалан цус цуглуулалтын хэмжээ буурсан бөгөөд хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний дүнд эмнэлгийн хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүний тасалдалгүйгээр цар тахлын хүнд үеийг даван гарсан.

Гэвч энэ төрлийн эрсдэлд шуурхай хариу арга хэмжээ үзүүлэхэд байнгын бэлэн байдалд байдаг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчдыг цусны донорын үүрэг гүйцэтгүүлэх, анагаахын боловсрол олгодог боловсролын байгууллагын хөтөлбөрт цус сэлбэлт судлалын хөтөлбөр тусгахтай холбоотой зохицуулалт шаардлагатай нь харагдаж байна.

Цусны донор, цус сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг, тэдэнд эрүүл мэндийн үзлэг хийх, цус, түүний бүрэлдэхүүн хэсэг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан бий болгох шаардлагатай байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн орон тоо 2014 оноос хойш 20 гаруй хувь нэмэгдсэн байхад цус, түүний бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлийн хэмжээ 2021 оны байдлаар 85-109.1 хувь болж нэмэгдэн, 2035 он гэхэд дахин 210-275 хувь өсөх тооцоолол гарч байна. Энэ ачааллыг өнөөгийн хүний нөөцийн хэмжээгээр давах ямар ч боломжгүй байгаа төдийгүй цус сэлбэлт судлалын салбарын зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийг статус, дэлхий нийтээр баримталж буй “нэгдсэн тогтолцоо”-нд үе шаттайгаар шилжих асуудлыг тодорхойлох шаардлагатай байна. 

Энэхүү хуулийн төсөл нь хуулийн зорилго, хуульд тодорхойлогдох шаардлагатай нэр томьёоны тодорхойлолт, зарчим, үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо, Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагын бүрэн эрх, цус сэлбэлт судлалын харилцаанд оролцогч төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан, эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавигдах шаардлага, цусны донороос цус, түүний бүрэлдэхүүн хэсгийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, устгах үйл ажиллагааны зохицуулалт, цусны донорын мэдээллийн сан, цусны донорын эгнээг өргөжүүлэхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, алдаршуулалт, урамшуулалт, нийгмийн халамж, хариуцлагын хэсгийг тусгасан нийт 8 бүлэг, 35 зүйлтэй байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг улсын төсвөөс нэмж санхүүжүүлэх шаардлагатай.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолж байна:

  1. Цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж үүний хэрээр цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж улам сайжирч, цус сэлбэлт судлалын салбар хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ.
  2. Иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэнэ.
  3. Цус сэлбэлт судлалын үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна.
  4. Цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарснаар эрүүл аж төрөх ёсны талаарх ойлголт сурагч, оюутнаар дамжин өргөжнө.
  5. Цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болохын дээр тэдний нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал сайжирч, цусны донорын тоо нэмэгдэнэ.
  6. Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ.

видео: