Евро ангиллын АИ-92 автобензиний үнэ долоо хоногийн дотор ₮1,800-аар нэмэгдэж, ₮4,970-д хүрчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр гаргадаг гол нэрийн барааны үнийн мэдээллийг танилцууллаа. 

Тус мэдээлэл дундаас бензин шатахууны үнэ хамгийн анхаарал татахуйц байна. Тодруулбал АИ-92 автобензиний нэг литр нь 3,040 төгрөг өмнөх сараас 10.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ. 2025 оны наймдугаар сарын 25-ны байдлаар АИ-92 автобензин 2,590 төгрөгөөр зарагдаж байв. 

Тэгвэл дизель түлшний нэг литр нь 4,185 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсжээ. 2025 оны наймдугаар сарын 25-ны байдлаар дизель түлш 2,990 төгрөгөөр борлуулагдаж байсан юм. 

Үндэсний статистикийн хороо энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж Евро ангиллын АИ-92 автобензиний үнийг тооцож эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хамгийн өндөр үнийн өсөлттэй байгаа бүтээгдэхүүний нэг бол Евро ангиллын АИ-92 автобензин юм.

Тухайлбал Евро ангиллын АИ-92 автобензин нэг литр нь 2026 оны дөрөвдүгээр сард 2,970 төгрөгөөр зарагдаж байсан бол долоодугаар сард 3,121 төгрөг болсон. Улмаар наймдугаар сарын 24-ний байдлаар тус автобензиний нэг литр нь 4,970 төгрөгт хүрч, долоо хоногийн өмнөх үнээс 1,800 гаруй төгрөгөөр нэмэгджээ.

Албаны эх сурвалжийн авсан мэдээллээр Евро ангиллын АИ-92 автобензин Петровисын шатахуун түгээх станцууд дээр 4,980 төгрөг, Тэс петролиум дээр 4,950 төгрөг, Сод монгол дээр 3,290 төгрөг, Шунхлай дээр 4,970 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд бензин шатахууны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг доорх графикаас харна уу. 

Мөн түүнчлэн 2026 оны наймдугаар сарын 24-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.3 хувь, өмнөх долоо хоногоос 0.9 хувиар тус тус буурсан байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад төмсний үнэ 6.8 хувь, сонгинын үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 3 хувь, хонины ястай махны үнэ 1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, адууны ястай махны үнэ 0.5 хувиар тус тус буурчээ.

Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал хонины ястай махны нэг килограмм нь 25,882 төгрөг болж 54.2 хувиар, үхрийн цул мах 35,508 төгрөг болж 45.8 хувиар, 600 грамм атар талх 2,926 төгрөг болж 13.5 хувиар өссөн байгаа юм.