COP17-ын онцлох үр дүн: Эрчим хүчний шилжилтэд манлайлж, сэргээгдэх эрчим хүчний томоохон худалдан авагч болно
Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, бага ч хамаагүй хувь нэмрээ оруулахыг хичээн амьдарч байгаа билээ. Энэхүү өөрчлөлтөд Монгол Улс хамгийн ихээр өртөж байгаа буюу агаарын дундаж температур дэлхийн дунджаас хоёр дахин их нэмэгдсэн.
Манай улсын хувьд 2025 онд UNFCCC буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод хүргүүлсэн 2022 оны хүлэмжийн хийн үндэсний тооллогын статистикаар нийт хүлэмжийн хийн ялгарлын 42.04 хувь нь эрчим хүчний салбарт ногдож буй. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх, ногоон эрчим хүчийг дэмжих нь дэлхийн дулаарлын эсрэг хийж чадах том хувь нэмэр юм.
"Оюу толгой" компанийн хувьд COP17 хурлын үеэр цаашид Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлж, CO2 багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ зарлалаа.
Мөн Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөжийг бий болгох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Энэ бол дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани стратеги төлөвлөгөөндөө Монголын сэргээгдэх, ногоон эрчим хүчний үйлдвэрлэл, эх үүсвэрийг дэмжих бодлого барьж, хөрөнгө оруулна гэсэн үг. Монгол Улсын хувьд олзуурхууштай том мэдэгдэл энэ байв.
“Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал нь манай үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг.
Бид байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх, ойжуулалтыг дэмжих замаар ойн салбарт хөрөнгө оруулж, усны нөөц ба чанарыг сайжруулахад анхааран ажилладаг. Энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, дотоодоосоо сэргээгдэх эрчим хүчийг худалдан авч Оюу толгой уурхайн үйлдвэрлэлдээ ашиглах хүрээнд төр, орон нутаг, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, эрчимжүүлнэ” хэмээн “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
