Мафитай холбоотой хэрэгт шалгагдаж байсан Италийн цагдаагийн газрын дарга асан амиа хорложээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Италийн цагдаагийн газрын дарга асан Жанни Де Женнаро амиа хорлосон тухай уг асуудалд ойр эх сурвалж Бямба гарагт мэдээлжээ.

Тэрбээр 1992 онд мафийн эсрэг тэмцэгч өндөр албан тушаалтны амийг хөнөөсөн хэргийг дахин шалгах ажиллагаанд саад учруулахыг завдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан юм.

78 настай Де Женнаро 2000-аас 2007 оны хооронд Италийн үндэсний цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ. Италийн аюулгүй байдлын салбарын хамгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг болох тэрбээр 1980, 1990-ээд онуудад Сицилийн Коза Ностра мафийн бүлэглэлтэй хийсэн тэмцэлд гол үүрэг гүйцэтгэж байв.

Долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Сицилийн Кальтаниссетта хотын прокурорууд түүнийг гэрийн хорионд суулгах хүсэлт гаргаж байжээ. Энэ нь 1992 онд Палермо хотод мафийн эсрэг тэмцэгч шүүгч Паоло Борселлино болон түүний хамгаалалтад явсан таван цагдаагийн аминд хүрсэн автомашины дэлбэрэлтийн хэргийг шалгах ажиллагаанд саад учруулахыг завдсан гэх сэжигтэй холбоотой байсан байна.

Шүүгч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч прокурорууд давж заалдсан бөгөөд ойрын хоногуудад эцсийн шийдвэр гарахаар хүлээгдэж байсан юм.

Ойрынх нь хүмүүсийн мэдээлснээр энэхүү мөрдөн шалгах ажиллагаа олон хүнд, тэр дундаа Де Женнарод гэнэтийн цочирдом мэдээ болсон байна. Тэрбээр ямар нэгэн буруу зүйл хийгээгүйгээ илэрхийлж байжээ.

Долоо хоногийн турш түүнтэй ярилцсан өмгөөлөгч Франческо Берторотта "La Repubblica" сонинд өгсөн ярилцлагадаа "Тэр маш их цочирдсон байсан" гэж хэлсэн байна.

Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр Де Женнаротой холбогдох боломжгүй болсон ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэний дараа түүний цогцсыг Тоскана дахь зуслангийн байрнаас нь олжээ.

Де Женнарогийн зуслангийн байр байрладаг Тоскана мужийн Гроссето хотын прокурорууд амиа хорлосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдлөг эхлүүлснийг Ansa агентлаг мэдээлсэн байна.

Мөрдөн байцаагчид энэ үеэр түүний гэр бүлийнхэндээ зориулж бичсэн салах ёс гүйцэтгэсэн агуулгатай зурвасууд болон бусад баримт бичгүүдийг илрүүлсэн гэнэ.

Борселлиногийн аллагыг мөрдөн байцаалт нь Италийн орчин үеийн түүхэнд хамгийн ээдрээтэй үйл явдлуудын нэг болсон юм.

Энэхүү аллага болохоос хоёр хүрэхгүй сарын өмнө Де Женнарогийн ойрын хамтрагч, мафийн эсрэг тэмцэгч шүүгч Жованни Фальконе мөн мафийнхны зохион байгуулсан бөмбөгдөлтийн улмаас амиа алдаж байв.

Цагдаагийн байгууллага хэд хэдэн хүнийг сэжигтнээр татсан боловч хожим тэдний гэм буруугүй болохыг тогтоож байжээ. Гэвч үүний дараа хэрэг шалгах ажиллагааны явцад хүмүүсээс хуурамч мэдүүлэг гаргуулж авсан байж болзошгүй гэх сэжиг илэрч байв.

Эдгээр үйл явдлуудын шалтгаан одоог хүртэл маргаантай хэвээр байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах, мөрдөн шалгах ажиллагааг төөрөгдүүлсэн этгээдүүдийг илрүүлэх ажил үргэлжилсээр байна.

Хэргийн үнэн мөнийг тодруулахыг удаа дараа шаардсаар ирсэн Борселлиногийн гэр бүлийнхэн Де Женнаро нас барсан тухай мэдээг ихэд харамсан хүлээж авчээ.

Шүүгчийн хүү Манфреди Борселлино "Үнэний бас нэг хэсэг түүнтэй хамт устсан байж магадгүй" хэмээн харамсалтайгаар хэлсэн байна.

Де Женнарогийн үхэлд улс төрийн хүрээнийхний янз бүрийн хариу үйлдэл, байр суурь илэрхийлжээ. Ерөнхий сайд Жоржиа Мелони эмгэнэл илэрхийлсэн бол түүний зарим холбоотнууд нотлох баримт хангалтгүй байхад Де Женнарод хэт их дарамт учруулсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг буруутгасан байна.

Шадар сайд Антонио Таяани "Чөлөөт, ардчилсан, иргэншсэн улс оронд шударга ёсыг шүүхийн танхимд тогтоодог болохоос шүүхийн гадна шийддэггүй" гэж мэдэгджээ.

"Акул" хэмээх хочтой Де Женнаро нь Фальконетой хамтран мафийн эсрэг томоохон хэргүүдийг шалгаж, мафийн эсрэг мэдүүлэг өгсөн Томмазо Бушеттаг тусгай хамгаалалтын дор Бразилаас Италид шилжүүлэн авчрах ажиллагааг удирдаж байв.

Хожим нь тэр мафийн эсрэг мөрдөн байцаах газрыг удирдаж, долоон жилийн турш цагдаагийн ерөнхий газрын даргын албыг хашсан бөгөөд үүний дараа Италийн тагнуулын үйл ажиллагааг зохицуулах газрыг толгойлж байжээ.

Гэхдээ түүний карьерын замнал маргаан дагуулсан үйл явдлуудаас ангид байгаагүй юм. Тэрбээр цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2001 онд Женова хотод болсон "Их найм"-ын (G8) дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хариуцаж байлаа. Тухайн үед цагдаа нар болон даяаршлын эсрэг үзэлтнүүдийн хооронд томоохон мөргөлдөөн гарсан нь Италийн орчин үеийн хууль сахиулах байгууллагуудын түүхэнд хараар бичигдэх үйл явдал болсон юм. Гэвч тэр өөрийнхөө бурууг хүлээхээс татгалзаж, хожим бүрэн цагаадсан байна.

Хамгийн сүүлд Де Женнаро 2013 онд төрийн өмчит батлан хамгаалах салбарын Finmeccanica (сүүлд Leonardo нэртэй болсон) компанийн ерөнхийлөгчөөр томилогдож, 2020 оныг хүртэл ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters