Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн энэ цаг үед орон сууц түрээсийн залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨВ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн энэ цаг үед орон сууц түрээс, бараа бүтээгдэхүүний худалдаатай холбоотой залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав. 

Прокурорын байгууллага энэ оны эхний найман сарын байдлаар нийт 30,597 залилах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 16,271 буюу 53.2 хувь нь тухайн онд шинээр бүртгэгдэн шалгагдсан хэргүүд байна.

Шинээр бүртгэгдэн шалгагдсан 16,271 хэргийн 924 нь зөвхөн наймдугаар сард шинээр бүртгэгдэн шалгагдсан хэргүүд гэдгийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр хэллээ. 



Тэрбээр "Жил бүрийн наймдугаар сараас эхлэн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн яарсан, анхаарал болгоомж суларсан нөхцөл байдлыг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэгдэх нь ихэсдэг.

Иймд иргэд та бүхэн аливаа зар мэдээлэлд шууд итгэлгүйгээр сайтар нягталж, шалгах нь зүйтэй.

Ялангуяа орон сууц түрээслэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах, төрөл бүрийн сургалт, үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр танаас урьдчилгаа төлбөр нэхэж байгаа тохиолдолд сайтар нягталж шалгаарай.

Мөн та үл таних этгээдэд банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг хувийн болон санхүүгийн мэдээллээ хэзээ ч бүү шилжүүлэн өгөөрэй.
Залилагч этгээдүүд тухайн гэмт хэргээ үйлдэхдээ танаас яаралтай мөнгөө шилжүүл яг одоо мөнгөө шилжүүлбэл таны бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулах гэж байна гэх зэргээр сайтар тунгааж, шийдвэр гаргуулахгүй байх нөхцөл байдлыг бий болгодог. Эргэлзээтэй мэдээлэл, санал хүсэлттэй тулгарсан тохиолдолд ойр дотнын хүндээ хэлэх, холбогдох байгууллагад хандах нь зүйтэй" хэмээн зөвлөлөө. 

Эргэлзээтэй мэдээлэл, санал хүсэлттэй тулгарсан тохиолдолд ойр дотнын хүндээ хэлэх, холбогдох байгууллагад хандахыг зөвлөлөө.

Таны нягталж шалгасан нэг удаагийн шийдвэр таны хөрөнгө мөнгө, цаг хугацааг хамгаална.

ВИДЕО: