ШҮҮГЧ: А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй

П.Сайнжаргал, IKON.MN
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүгдэгч А.Ганхуяг, Ч.Мөнхбаяр, К.Киэбаум, Л.Жонсоб, Ж.Эрдэнэбат нарт холбогдох "Залилах гэмт хэрэг"-тэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцуулав. 



Шүүгч хэлэхдээ "Ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, хохирлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн.

Уг хэргийн хувьд таван багц үйлдэлтэйгээр яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн. Үүний дөрвөн багц үйлдэл нь гурван шатны шүүхээр хянагдаад хүчин төгөлдөр болсон байдаг. 

Өнөөдөр нэг багц үйлдэл буюу залилах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. 

"Залилах гэмт хэрэг үйлдсэн байна" гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Уг гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа.

Учирсан хохирол, хор уршгийг А.Ганхуягийн зүгээс хувийн болон компанийнхаа эд хөрөнгөөр нийтдээ 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Үүнийг шүүхээс онцгойлон анхаарч үзнэ. Холбогдсон хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байна.

А.Ганхуяг нь хохирлыг бүх хөрөнгөөрөө хариуцаж нөхөн төлсөн. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн.

Мөн шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр оролцоо болон оролцсон хэлбэрт ял оногдуулах журмыг харгалзаж үзлээ. Өөрөөр хэлбэл хамжигчийн үйлдэл нь гүйцэтгэгчид оногдуулах ялаас бага байх ёстой. Эдгээр нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн.

Хувийн байдал буюу эрүүл мэнд, гэмт хэрэгт анх удаа оролцож байгаа байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл гэдгийг тус бүрд нь харгалзан үзсэн" хэмээв. 

 шүүхээс торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ

  • Ганхуягийн тухайд 40 сая төгрөгөөр
  • К.Киэбаум 35 сая төгрөгөөр
  • Л.Жонсоб 30 сая төгрөгөөр
  • Ж.Эрдэнэбат 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Цагдан хоригдсон хоногуудыг хасаж тооцвол:

  • Л.Жонсоб 29.8 сая
  • К.Киэбаум 34.7 сая
  • А.Ганхуяг 39.8 сая төгрөгөөр торгуулийн хэмжээ тогтоогдсон.

Мөн "Өмнөх шийтгэх тогтоолуудаар А.Ганхуяг хорих ял эдлээд явж байгаа. Энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялд нэмж нэгтгэх шаардлагагүй буюу тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна. 

Торгууль төлөх хугацааны хувьд  К.Киэбаум, Л.Жонсоб нарын хувьд 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй.

Ж.Эрдэнэбатын хувьд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацааг тогтоож өглөө. Эрүүл мэнд, цалин хөлс, орлого олох байдлыг харгалзаж үзсэн.

А.Ганхуяг хорих ял эдэлж дууссаны дараа зургаан сарын хугацаанд төлөх хугацаа тогтоож өглөө. Уг хугацааг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солигдоно.

Ч.Мөнхбаярын хоёр жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрхийг хассан. Нэг жилийн хугацаанд зорчих хязгаарлах ял оногдуулсан. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн" гэдгийг шүүгч хэллээ. 

ВИДЕО: