Шүүгдэгч Л.Жонсобд ₮29.8 сая, К.Киэбаумд ₮34.7 саяын торгох ял оногдуулав
Ногоон автобусны гэх тодотголтой хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүгдэгч А.Ганхуяг, Ч.Мөнхбаяр, К.Киэбаум, Л.Жонсоб, Ж.Эрдэнэбат нарт холбогдох "Залилах гэмт хэрэг"-тэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцуулав.
Шүүгч "Ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, хохирлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн.
Уг хэргийн хувьд таван багц үйлдэлтэйгээр яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн. Үүний дөрвөн багц үйлдэл нь гурван шатны шүүхээр хянагдаад хүчин төгөлдөр болсон байдаг.
Өнөөдөр нэг багц үйлдэл буюу залилах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.
"Залилах гэмт хэрэг үйлдсэн байна" гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Уг гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа" гэв.
Шүүхээс торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ
Торгуулийн хэмжээ:
- А.Ганхуяг 40 сая төгрөгөөр
- К.Киэбаум 35 сая төгрөгөөр
- Л.Жонсоб 30 сая төгрөгөөр
- Ж.Эрдэнэбат 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Цагдан хоригдсон хоногуудыг хасаж тооцвол:
- Л.Жонсоб 29 сая 805
- К.Киэбаум 34 сая 790
- Ганхуяг 39 сая 985 төгрөгөөр торгуулийн хэмжээ тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийг К.Киэбаум, Л.Жонсоб нар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
