Нийслэлийн ирэх оны төсвийн орлогыг ₮4.6 их наядаар тооцож, 1,000 орчим орон тоог цөөлөхөөр төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулахдаа нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна.

Ирэх оны төсвийг агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан зарцуулахаар боловсруулжээ. 

Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлж, иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн үр ашиггүй ажиллаж буй 1,000 орчим орон тоог цөөлөхөөр төлөвлөж, хэмнэгдсэн хөрөнгийг ажлын ачаалал өндөртэй албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төсөлд тусгажээ.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гол эх үүсвэр нь нийслэлийн төсөв байсан. Харин ердөө долоон хувь нь бусад эх үүсвэрээс хэрэгждэг байжээ.

Нийслэл цаашид хувийн ААН-үүдтэй хамтарч, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эргээд бизнесүүд ашиг орлоготой байх бодлогыг баримталж, ирэх жилүүдэд хотын эдийн засгийн тэнцвэрийг сайжруулж, бизнесүүдээ дэмжинэ гэдгийг нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барих үеэрээ хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Нийслэлийн төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар заасан байдаг билээ.