Senzu буюу М.Азбаяр дэлхийн аваргад эргэн ирлээ
Цахим спортын Counter Strike-2 тоглоом сонирхогчдын хүсэн хүлээдэг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "PGL Major Singapore 2026" Сингапур улсад эхлэхэд бэлэн боллоо.
Тив тивийн шилдэг 32 баг өрсөлдөх тус тэмцээн энэ сарын 24-нөөс ирэх сарын 13-н хүртэл үргэлжилнэ. Чансааны онооноос хамаарч 32 багийг үндсэн гурван шатанд хувааж тоглуулах бөгөөд нэгдүгээр шатны тоглолтууд маргааш эхэлнэ.
Нэгдүгээр шатанд манай улсаас "Chinggis Warriors", мөн дэлхийн аваргын эрхийг Ази бүсээс авсан senzu, mzinho нарын тоглож буй "BC Game Esports" (Энэхүү тэмцээнд GOSH нэрээр оролцож байгаа) баг тоглоно. Гурван хожилтой найман баг хоёрдугаар шатанд шалгарах бол гурав хожигдсон найман баг тэмцээнээ өндөрлүүлнэ.
"Chinggis Warriors" багийн хувьд маргааш 13:00 цагаас Европын "100 Thieves" багийн эсрэг Во1 журмаар тоглоно. Харин "BC Game Esports" баг 14:00 цагаас Хойд Америкийн "Team Liquid" багтай мөн адил Во1 журмаар тоглох хуваарьтай байна. Тэгвэл "The MongolZ" баг тус тэмцээний хоёрдугаар шатнаас оролцож байгаа бөгөөд энэ сарын 28-наас тоглолтууд нь эхэлнэ.
Senzu буюу М.Азбаярын хувьд 2025 оны зургаадугаар сараас хойш хоёр удаагийн дэлхийн аварга өнжсөний дараагаас ийнхүү дэлхийн томоохон түвшинд өрсөлдөхөөр эргэн ирлээ. Энэ удаа өөрийн багын найз, багийн хамтрагч mzinho болон Counter Strike-2 тоглоомын алдарт тамирчин s1mple нартай дэлхийн тавцанд хэр хол явж чадах вэ гэдэг хүндхэн сорилттой нүүр тулаад байна.
Харин mzinho буюу Б.Аюуш өнгөрсөн долоодугаар сард "The MongolZ" багаас гарснаас хойш ийнхүү дэлхийн хэмжээний том багуудтай хүч үзэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
