Викториа Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Викториа Бекхэмийн хувцас загвар, гоо сайхны бүтээгдэхүүний компани 2008 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш анх удаа ашигтай ажилласнаа өчигдөр зарлажээ.

Спайс Гёрлз охидын хамтлагийн гишүүн асан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан захирлаар нь ажилладаг Victoria Beckham Holdings Ltd компани 2025 онд 7.5 сая фунт стерлингийн ашигтай ажилласныг Даваа гарагт танилцуулсан санхүүгийн тайлан харуулсан байна.

“Бид бүгд ашиг орлого, өсөлтийн энэ мөчийг харахын төлөө удаан хугацаанд шаргуу ажилласан юм” гэж Financial Times сонинд хатагтай Бекхэм ярьжээ.

“Бид бизнестээ тулгарч байсан асуудлуудын талаар маш ил тод байсан бол одоо боломжийн хурдаар өсөн нэмэгдэж байна. Хорин жилийн дараа л хүмүүс миний брэндийг хэн нэг алдартай хүний брэнд гэж үзэхээ больж байна” гэж тэр цааш нь ярьсан юм.

Өнгөрсөн онд Викториа Бекхэмийн бизнесийн түүхийн тухай баримтат киног Нэтфликс үзэгчдэдээ хүргэсэн нь борлуулалтад зарим талаар нөлөөлсөн гэж үзэж байна.

Өчигдрийн тайланд тус компанийн хувцас загварын салбарын борлуулалт 2025 оны турш хоёр оронтой тоогоор хэмжигдэх өсөлт үзүүлсэн бол 2019 онд байгуулагдсан гоо сайхны салбар нь “өнөөдрийг хүртэл хугацааны хамгийн хүчтэй өсөлт”-өө үзүүлсэн тухай дурджээ.

Тухайлбал “Foundation Drops” бүтээгдэхүүн нь арьс арчилгааны салбарын борлуулалтыг хоёр дахин өсгөж, хүлээлтийн жагсаалтдаа 25,000 орчим захиалагчтай болсон байна.

Нэтфликсийн баримтат кинонд Викториагийн бизнес олон арван саяын алдагдалтай ажиллаж, нөхөр Дэвид нь санхүүгээр тусалсан тухай өгүүлдэг.

“Тэр над дээр ирээд жаахан мөнгө хэрэгтэй байна…бидэнд арай илүү мөнгө хэрэгтэй байна…бизнест маань илүү их мөнгө хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Энэ байдал бид хоёрт хоёулд маань хэцүү байсан. Учир нь надад үүнийг удаан үргэлжлүүлэх мөнгө байгаагүй” гэж Сэр Дэвид Бекхэм ярьж байв.

Викториа Бекхэм “Тэр надад итгээгүй бол би одоог хүртэл бизнес эрхлэхгүй байх байсан” гэж нөхрийнхөө тусламжийн талаар ярьжээ.

Тэрбээр 2017 онд компанийнхаа 30 хувийг NEO Investment Partners хөрөнгө оруулалтын санд зарснаар 30 сая фунт стерлинг татаж, бүтцийн өөрчлөлтийг эхлүүлсэн нь ийнхүү үр дүнд хүрсэн байна.

Даваа гарагт өнгөрсөн оны санхүүгийн тайлан танилцуулахдаа Victoria Beckham Holdings Ltd компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дэвид Бэлхассен “Хувцас загвар, гоо сайхны салбарын хоёр өсөлтийн хөдөлгүүр, улам бүр тэлж байгаа олон улсын хэрэглэгчдийн бааз, төвлөрсөн үйл ажиллагааны загвар нь манай бизнесийг ашигтай ажиллах дараагийн үе шатанд баттай шилжүүлж байна” гэж мэдэгджээ.

Компанийн гүйцэтгэх захирал Сибилла Даррикаррер Лунель “Манай анхны ашигтай ажиллагаа нь Викториа Бекхэмийн хувьд түүхэн мөч бөгөөд олон жилийн сахилга баттай гүйцэтгэл, стратегийн хөрөнгө оруулалтын үр дүн. Тансаг хэрэглээний зах зээл, макро эдийн засаг хүнд сорилттой тулгараад буй энэ үед ийм үр дүн гаргасан нь бүр ч онцгой болгож байгаа юм” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC