Азербайжан улс сургуулийн байранд хижаб хориглосон нь ойрын холбоотон Турк улстай маргалдахад хүргэв

Т.Давааням, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Азербайжаны боловсролын яам сургуулийн дүрэмт хувцасны шинэ журмыг мөрдүүлж эхэлсэнтэй холбогдуулан хижаб (толгойн алчуур) өмссөн сурагч охидыг сургуульд оруулахаас татгалзах болжээ.

Үүний улмаас нийслэл Баку хот дахь төрийн өмчит сургуулиудын гадна, мөн өмнөд бүсийн Масалли, Жалилабад зэрэг хэд хэдэн дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн байна.

10.5 сая хүн амтай, газрын тос, байгалийн хий олборлогч тус улсад эсэргүүцлийн жагсаал гарах нь ховор үзэгдэл юм.

Азербайжан улс үндсэн хуулиараа шашнаас ангид төртэй бөгөөд засгийн газар нь үүнийг хатуу мөрддөг.

Ерөнхийлөгч Илхам Алиев 2003 оноос хойш эрх барьж байгаа бөгөөд өөрийнх нь бодлогыг эсэргүүцэгчдэд хүлээцтэй ханддаггүйгээрээ алдартай.

Түүнийг шүүмжилсэн сөрөг хүчний улс төрчид болон олон тооны хараат бус сэтгүүлчид шоронд хоригдож байгаа.

Азербайжан улс нь хөрш зэргэлдээ орших Турк, Иран гэсэн хоёр улсын нөлөөллийн дунд оршдог.

Азербайжанчууд нь түрэг угсааны ард түмэн, турк хэлтэй төстэй хэлээр ярьдаг бөгөөд Турк улс нь тэдний хамгийн ойрын холбоотны тоонд ордог юм.

Гэвч өмнөд хөрш Ираны нэгэн адил Азербайжаны хүн амын дийлэнх нь (60 гаруй хувь) шийт урсгалын исламын шашин шүтдэг бол Туркийн хүн амын ихэнх нь суннит урсгалыг дагадаг.

Тус улсын дотоод хэргийн яамны мэдээлснээр Даваа гарагт журмыг зөрчихийг оролдсон, мөн "нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн" гэх үндэслэлээр 37 хүнийг саатуулжээ.

Есдүгээр сарын 21-ний өдөр батлагдсан уг журамд төрийн өмчит сургуулиудад "боловсролыг шашнаас ангид байлгах зарчим"-д харшлах хувцас өмсөхийг хориглосон байна.

Уг журамд "хижаб" гэдэг үг шууд дурдагдаагүй ч аравдугаар сарын 6-наас эхлэн багш нарт ч мөн ижил төстэй шаардлага тавьж эхэлжээ.

Азербайжаны эрх баригчид Иранаас ирэх шашны нөлөөнд эртнээс болгоомжтой хандаж ирсэн. Учир нь Иран улсад Азербайжан улсад амьдардгаас олон азербайжан үндэстэн оршин суудаг юм.

Аравдугаар сарын 13-ны шөнө Азербайжаны тусгай харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын төрийн албанаас "гадаадын хакеруудын бүлэг" төрийн 100 гаруй цахим хуудсанд халдсан тухай мэдэгджээ.

Өөрсдийгөө "313 баг" (Кибер Исламын Эсэргүүцлийн Хөдөлгөөн) гэж нэрлэсэн Ираныг дэмжигч бүлэг уг халдлагын хариуцлагыг хүлээсэн байна.

Азербайжаны албаны хүмүүс сурагчдын хувцаслалттай холбоотой шинэ журмаа хамгаалсаар байгаа.

Парламентын гишүүн Нигар Арпадараи "1news.az" цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа хүүхдүүд хижаб өмсөх шийдвэрийг өөрсдөө гаргадаггүй, харин гэр бүлийнхнийхээ нөлөөнд автдагийг тайлбарлажээ.

"Хүүхдэд шашин сонгох эрх чөлөө байхгүй. Энэ бол насанд хүрэгчдийн ухамсартайгаар гаргадаг шийдвэр юм" гэж тэр хэлсэн байна.

Энэхүү маргаан Азербайжаны хамгийн ойрын холбоотон болох Турк улс руу ч хальжээ. Хоёр улс өөрсдийгөө "нэг үндэстэн, хоёр улс" гэж тодорхойлдог.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ихээхэн сүсэг бишрэлтэй хүн бөгөөд улсдаа "шашинлаг үеийг" бий болгох тухай ярьж байсан удаатай.

Түүний ахлах зөвлөх Октай Сарал саяхан Азербайжаны эрх баригчдын тогтоосон журмыг "хүлээн зөвшөөрөхийн аргагүй" гэж нэрлээд "энэ алдаагаа засахыг" уриалжээ.

"Толгойн алчуур бол саад тотгор биш, харин итгэл үнэмшлийнх нь хэрэгцээ юм!" хэмээн Сарал сошиал хуудсандаа бичсэн байна.

Туркийн эрх баригч АК намын (Шударга ёс ба хөгжлийн нам) хэд хэдэн гишүүн ч мөн энэ асуудалд дуу хоолойгоо нэгтгэжээ.

Анкара дахь Азербайжаны элчин сайдын яамны гадаа "Көклю Дегишим" (Köklü Değişim) хэмээх исламист хөдөлгөөнийхөн, харин Истанбул дахь консулын газрын гадаа "Өзгүр-Дер" (Özgür-Der) хэмээх консерватив исламист бүлгийнхэн тус тус жижиг хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

Ерөнхийлөгч Алиевын "Шинэ Азербайжан" нам Туркийн албаны хүмүүсийг "илт гүтгэлгийн шинжтэй" мэдээллийн аян өрнүүлж, "үндэслэлгүй буруутгал" хийж байгааг шүүмжилж, Саралын

мэдэгдлийг улс орных нь дотоод хэрэгт оролцсон явдал хэмээн буруутгажээ.

Энэ сарын эхээр Илхам Алиев өөрөө хэн ч “бидний амьдралд хошуугаа дүрэх эрхгүй” хэмээн мэдэгдэж байв.

Гэхдээ Азербайжан, Туркийн энэ маргааны цаана өөр нэг шалтгаан байж магадгүй юм.

Туркийн эсэргүүцэгчид хижабын энэ асуудлыг Азербайжан улс Израильтай тогтоосон нягт харилцаатай холбон тайлбарлаж байна.

Учир нь Израиль улс Бакуд зэвсэг нийлүүлдэг бөгөөд хариуд нь Азербайжанаас газрын тос худалдан авдаг юм.

Газын зурвас дахь нөхцөл байдлын улмаас Турк, Израиль хоёр улсын харилцаа эрс муудаад байгаа бол Азербайжан улс хоёр талтай хоёултай нь хэвийн харилцаагаа хадгалахыг хичээж байна.

Гэвч энэ бол тун нарийн тэнцвэр шаардсан асуудал юм.

Пүрэв гарагт Азербайжаны нийслэл Баку хотноо болсон бүс нутгийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр Израилын ерөнхийлөгч Исаак Херцогийг үг хэлэхэд Турк, Иран болон бусад улсын төлөөлөгчид танхимыг орхин гарсан байна.

 

Эх сурвалж: BBC