Индэр    
15 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл

Редакцын бус нийтлэл
Зураг

Өмнөх өчиг

Дональд Трампад тэр хүслэн болоод байгаа Нобелийн энх тайвны шагналыг нь өгчихмөөрсөн. Дайн хийхгүй гэсээр байгаад Барак Обама (Нобелийн энх тайвны шагналтан), тэр үеийн АНУ, Өрнөд өнөөдөр Ираныг ямар болгочихсон, Иран нь 1979 оны лалын хувьсгалынхаа стратегийн зорилго дээрээ баттай зогссоор, дээр нь бүр цөмийн зэвсэг, баллистик пуужингийн маш том хөтөлбөр хэрэгжүүлчихсэн шиг, Арабын 4 нийслэлийг прокси хүчнийхээ гарт хийчихсэн, лалын хувьсгалаа тэлж экспортлох тэнхлэг тойргоо томсгохын босгон дээр АНУ, Израиль хоёр 2025, 2026 онд дараалан хамтарсан цэргийн ажиллагаа явуулсан ба явуулж буй нь нэн шинэ түүх мөн л дөө.

1948 оноос хойш тасралтгүй дайтсан, дайны гал байнга дүрэлзэж байдаг Ойрх Дорнодыг төвхнүүлэх Д.Трампын санаачилсан “Авраамын хэлэлцээр” (Abraham Accords) гэж XXI дипломатын түүхнээ мөнхрөх тэр том гэрээ, түүний төлөөх чармайлтыг нь монгол уншигчдадаа ухуулан таниулж, тархи угаалт хийхээр би зориглоё. Хүлцээрэй, уншаарай. 

Гунигт түүх

1947.11.29–НҮБ-ын Ерөнхий Ассамблейн № 181 тогтоол–79 жилийн өмнөх түүхэн үйл явдал. Өнөөгийн Израиль Улсын, тэр үеийн Британийн мандат дор оршиж асан Палестины нутагт Жүүдийн ба Арабын гэсэн хоёр төрт-улс байгуулах тухай дэлхийн хамтын нийгэмлэгийн түүхэн шийдвэр. 1948 оны хавартаа амжиж жүүдүүд (еврейчүүд) төрт-улсаа байгуулсан бол палестины арабчууд өнөө хүртэл байдаггүй. Олон мянган жилийн өмнөх уугуул нутагтаа жүүдийн төрт-улс сэргээн байгуулахыг эргэн тойрны араб улсуудын хэн нь ч хүлээн зөвшөөрсөнгүйгээр барахгүй шууд устгахаар бүслэн байлдлаа. Арабын 5 улс элбэж дайрч довтлоод олон арав дахин хүчтэй байсан хэрнээ ялж чадсангүй. 1956, 1967, 1973 гээд олон удаагийн хамтарсан дайнаар арабчууд Израилийг барсангүй. Түүхэн үечлэл:

  1. 1948-1979 он буюу 31 жилийн турш Жүүдийн төрт-улс сөнөхийг хүлээжээ. Тэвчээр барагдсан Египет анх удаа жүүдийн төрт-улс оршин байх эрхтэй хүлээн зөвшөөрч шан татав.
  2. 1979-1994 он буюу дахин 14-15 жил Жүүдийн төрт-улс сөнөчихсөн байхыг үзэх гэж  Египетээс бусад нь хүлээцгээжээ. Тэвчээр барагдсан Палестины Чөлөөлөх Байгууллага 1993 онд, Иорданы Вант Улс 1994 онд анх удаа жүүдийн төрт-улс оршин байх эрхтэй хүлээн зөвшөөрчээ.
  3. 1994-2020 он буюу дахин 26 жилийн турш дээрхи хэдээс бусад нь, Палестины ХАМАС тэрхүү Жүүдийн төрт-улс сөнөчихсөн байхыг үзэх гэж  цөхрөлтгүй горьдон хүлээжээ. Одоо ч зарим нь хүлээж байна.

Гунигт түүх гэж ердөө энэ л дээ. Нөгөө сөнөөсэй гэсэн Израиль нь хөгжиж дэвжээд алга болсон, гүйцэгдэхээсээ өнгөрсөн. Сөнөөнө гэсэн Палестин нь лалын шашны там дотор, Жихадаас (“Лалын ариун дайн”) өөр гийгүүлэх юмгүй түүхийн хогон дээр хаягдахын наагуур ил цагаан мааниа уншаад байж байна. 

Сөнөхийг нь үзэх гэсэн тэвчээр бас төгсгөлтэй

Ойрхи Дорнодын энэ олон дайн, шашны мунхаглалаас дэлхий дахин шантарсан гэхээсээ үндсэндээ залхсан шүү дээ. Энэ залхалтыг гярхай олж хардаг, мэдэрдэг, хариу үйлдэл үзүүлдэг ганцхан том гүрэн байна. Байж ч ирсэн. Тэр бол глобал гүрний статусыг ганцаараа эдлэн буй АНУ юм. Тэр дундаа АНУ-ын 45 дахь ба 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп гэх энэ эрхэм. Түүхнээ мөнхөрнө дөө. Арабчуудыг (үнэндээ мусульманчууд) тэнэгтээд салахгүй болохлоор нь шашнаар нь тархийг нь базах мэргэн арга бодож олов оо. Библийн ариун сударт бичээтэй их зөнч Авраамаар (лалын номлолд Ибрахим) нь овоглосон энх тайвны гэрээ тулгав аа. Учир нь Авраам буюу Ибрахим болбаас иудаизм, ислам, христосын гурван түүхэн шашны оюун санааны ерөнхий нэгдмэл дээд өвөг нь юмсанж. Тэднийг нэгтгэх үзэл санааны үнэт зүйлийг нь Д.Трамп олоод харчихжээ, энгийнээр тайлбарлавал.

2020 оны 8 дугаар сар. Вашингтон. Цагаан ордноос Д.Трамп зарлав. Ухаан нь үхэж сөнөж өгдөггүй, бусад нь бүслэн байлдаад ялж сөнөөж чаддаггүй нөгөө Израилийг нь Арабын орнуудтай харилцаатай болгож хүлээн зөвшөөрүүлэх дараагийн алхмыг 26 жилийн дараа хийнэ гэв. Тэгэхдээ ганц удаа гарын үсэг зураад орхичох бус бусад нь дагалдан зурж байхаар цуврал тохиролцоо нь энэ хэлэлцээрт тусгагдана гэв. 

2020.09.15. Цагаан ордны өмнөх талбайд Авраамын хэлэлцээрт гарын үсэг зурах түүхт ёслол. АНЭУ, Бахрейн,Израиль гурав Дональд Трампын зуучлалаар дайны байдлаа, үл зөвшөөрөх бодлогоосоо харилцан татгалзлаа. Араас нь Марокко 2020 оны 12 дугаар сард, Судан 2021 оны эхээр их зөнч Авраамаар (лалын номлолд Ибрахим) нь овоглосон энх тайвны хэлэлцээрт нэгдэв.

зураг
 

Тэгэхдээ 26 жилийн турш нэр бүхий Арабын орнууд Израильтай шувтан дайны байдалд байгаад байсан гэж үзэж болохгүй. Залхдаг, тэвчээр барагддаг ёсон үйлчилж, нууцаар Израильтай саймширч, тэр нь Ираны, ХАМАС-ын эсэргүүцлийг үл тоон хэрэгжсээр байсан байх юм. 2010-аад онд Арабын орнуудыг “Тахрирын хувьсгал” дайрч, нийгэм-эдийн засгийн бужигнаан дунд Иран гэнэт нөлөө бүхий тоглогчоор тодрон, бас Ираны цөмийн зэвсгийн программхэрэгжиж байснаас айж эмээсэн араб хөршүүд нь аврал эрэхийн ялдамд Израиль руу хандарчээ. Эхэндээ тагнуулын мэдээ солилцох хэмжээнд байснаа 2018 оноос Израилийн төрийн томчууд, МОССАД-ын захирал Персийн булангийн орнууд руу уригддаг болжээ. Тэр нь Д.Трампын овжин бодлоготой хослон 2020 он руу хүргэжээ. Д.Трамп ч бас наймаалцав. Баруун Сахарт Марокко нь эзэн мэднэ, Марокко улсыг хуваахгүй хэмээн АНУ-аар зөвшөөрүүлэн байж Жүүдийн төрт-улсыг хүлээн зөвшөөрсөн бол Судан нь терроризмыг дэмжигч улс гэсэн нэр хаягаасаа салж, олон улсын санхүүгийн дэмжлэг хүлээх нөхцөлтэйгөөр Израилийг хүлээн зөвшөөрөв.

Гэхдээ төгсгөл тийм ойрхон биш

Авраамын хэлэлцээр байгуулсан ч Элчин сайд харилцан солилцож, ЭСЯ-аа нээх хэмжээнд зарим нь очоогүй байна. Үүнээсээ ч илүү үр дүнтэй эдийн засгийн дипломат ажиллагаа хэрэгжиж байна. Хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлал, ложистик, технологийн солилцоо, цэргийн хамтын ажиллагаа өрнөж байна. Ялангуяа сүүлийн хоёр салбарт Израиль тэдэнд нэн чухал түнш нь хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байна. Худалдаа эрс өссөн, эрчим хүчний ба тээврийн хамтарсан төслүүд эхлүүлсэн, шинжлэх ухааны салбарт хамтарсан судалгаа явуулж байна. 

Ийнхүү харилцан ажилласны дүнд бат бэх тогтвортой энх тайван тогтох учиртай хэмээн хаа хаанаа ойлгодог болсон, ялангуяа Израилийн сөнөж мөхөхийг хүлээгээд нэмэргүй, тэр тэнэглэл одоо цагт хэрэггүй гэдгийг Араб шинэ түншүүд нь сайтар мэддэг болсон, гэхдээ лалын шашны мунхарсан лам нар, номлогчид, шашинд авсан фанат иргэдээ гэгээрүүлэх их ажил тэднийг хүлээж байна. Гэхдээ их удна. Тэр удаашралыг их зөнч Авраамаараа л таглана даа. 

Одоо гол садаа юу вэ? Энэ бол Палестины асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үүнд Израиль ямар алхам хийх бол гэдэгтэй холбоотой. Хоёр шалтгаан байна. 1) Бүхэл бүтэн 79 жил яригдсан, дэндүү ужгирсан асуудал учраас цаад Араб улсуудын иргэдийнх нь сэтгэл санаа, тархи “буруу цэнэг”-тэй хэвээр байна. 2) Израильчуудын сэтгэл зүрхийг үүрд шархлуулсан, нөхөж баршгүй уршигтай “2023.10.07”-ны ХАМАС-ын цуст халдлага яргаллыг Палестины хүн амын 90% баяр бахдал болгож Үндэсний баярын хэмжээнд тэмдэглэсэн нь (НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы индэрт Б.Нетаньяхугийн хэлсэн үгнээс)Палестины асуудлыг Израиль Улс тэгж амархан хүслээр нь шийдэхгүй байх эрхтэйг зөвтгөх үндэслэл юм. Тэгэхлээр Израиль Улсыг үзэн ядахад төгсгөл ойртоогүй гэсэн үг болно.

Авраамын хэлэлцээрийн хэтийн төлөв

Вашингтонд гарын үсэг зурснаас хойш, ялангуяа Д.Трампыг АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр эргэж ирснээс хойш Авраамын хэлэлцээрийг газар зүйн хувьд өргөжүүлнэ гэх яриа тасарсангүй. 2025 онд магадлалтай гэдгээр Д.Трамп, түүний Засаг захиргаа Сири, Ливан, Саудын Арабыг нэрлэж байв. Мөн Төв Ази (Казахстан түрүүлээд нэгдчихсэн), Африкийн хэд хэдэн улстай хэлэлцээ эхлүүлсэн гэж мэдээлсэн.

Энх тайван тогтоох хамтын ажиллагааны цоо шинэ өвөрмөц прагматик загвар хэмээн Д.Трамп өөрөө нэрлэсэн. Бүр юу гэж хэлсэн гээч?

  • “5000 жилийн урт хугацааны түүхнээ анх удаа Ойрх Дорнодод жинхэнэ хүч чадал, цайз, энх тайван тогтоох алхам” 
  • “Урьд хожид үзэгдээгүй даян дэлхийн коалицын нэг хэсэг” 
  • “Дэлхийн бусад аль ч бүс нутагт байхгүй тийм хүчирхэг, эдийн засгийн нөлөө бүхий шинэ Ойрх Дорнодыг бий болгоно” гэжээ. 

Түүний хэлснээр хэд хэдэн улсыг нэрлэсэн жагсаалтын эхэнд Саудын Араб, Катар байна. Д.Трампын чармайлт жагсааж барахаар юм биш. Үргэлжилж байна. Тэрээр давхардсан тоогоор зөвхөн “Авраам”-ын асуудлаар Саудын Араб, Эмират, Катар, Пакистан, Турк, Египет, Иордан, Бахрейны лидерүүдтэй маш олон удаа уулзаж ярилцжээ.

Хамгийн сүүлчийн шинэхэн мэдээ. Израиль Улсын Ерөнхийлөгч Ицхак Херцог Азербайжаны нийслэлд бидний нэрлэдгээр “СВМДА” буюу Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтад уригдан оролцоод явж байна. Израильтай дипломат харилцаагүй Баруун Ази, Ойрхи Дорнодын хэд хэдэн орны төлөөлөгчид тэнд хамтдаа цугласан байна. Хүссэн ч, эс хүссэн ч Израилийг олон улсын харилцааны бүрэн эрхт субъект, туурга тусгаар улс мөн гээд хүлээн зөвшөөрөөд тэнд Төрийн тэргүүнийг нь урьж аваачсан юм биш үү? 

Хүссэн ч, эс хүссэн ч Авраамын хэлэлцээр өргөжиж таарна. Тийм цаг үе нь ч ирж байна.  Харж л байя. Хүлээж л байя. Хожмоо Монгол Улс ч нэгдэж орох юм бил үү?

зураг