"Нүүрсний тээврийн салбарт ардаа нөлөө бүхий хүнтэй "цүнхний" гэх компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч, шимэгчилж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уул уурхай, тээвэр бусад туслах үйл ажиллагаанд улс төрчид, нөлөө бүхий хүмүүсийн гар хөл, тэдгээрийн дам хамаарал бүхий компаниуд олноор бий болж өр зээлтэй иргэдийн хөдөлмөрийг шулж хөлжиж байна гэх сэдвээр өнөөдөр Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбооноос хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус холбооноос танилцуулснаар тээврийн салбарт 110,000 гаруй иргэн хүнд даацын тээврийн хэрэгсэл зээлээр авч, тээврийн салбарт ажилладаг байна. Гэтэл тэднийг тээвэрт оролцуулахын тулд татаас авч, ашиг хонжоо олдог компаниуд бий болсон тул төр үүнд хяналт тавих ёстойг шаардаж байгаагаа илэрхийлэв.

Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбооны гишүүн н.Жавзансүрэн "Тавантолгой, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт зэрэгт нүүрс тээврийн 500 орчим компани байна. Эдгээр компанид хамаарах 25,000 орчим шланз байдгийн 40 гаруй хувь нь жирийн иргэнийнх. Иргэд ах дүүсээрээ нийлж, өндөр хүүтэй зээл авч эрсдэлээ үүрч энэ салбарт орсон байдаг. Үүнийг нь хамж аваад ажил оруулдаг, татаас авдаг тээврийн компаниуд олон болсон. Компаниуд дунд тээврийн шаардлага хангасан нь цөөн, "цүнхний" гэх тодотголтой нь их. Эдгээр нь улс хоорондын С зөвшөөрлийг авах эрхтэй, тээвэрт оролцоход шаардлага хангах баримт бичгийг бүрдүүлэх танил талтай, Хятад талаас гэрээ олж авч чаддаг улстөрчдийн нөлөө, хамаарал бүхий хүмүүсийнх бөгөөд тээвэр хийх эрх олж авч чадсан байдаг.

Танил талтайнууд нь компаниараа дамжуулаад тээврээ явуулдаг. Гэтэл зарим нь танил талгүй хүмүүсийн машиныг бүртгэж тээвэрт явуулаад, тонн км тутмаас нь мөнгө хураадаг. Ийм бизнес хавтгайрсан. Ард талдаа нөлөө бүхий хүнтэй, тээврийн компани нэртэй, танил танилтай, арга зальтай хүмүүсийг баяжуулдаг нүүрс тээвэр гэдэг бизнесийн салбар бий болчхоод байгаа.

Жишээлбэл Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд давхар тэрэгтэй шланз 136 тонн тээвэрлэдэг. Тонн тутамд 33,000 төгрөгийн тээврийн хөлстэй ажиллахад нэг рейсийн орлого дунджаар 4,488,000 төгрөг орчим байгаа. Үүнээс жолоочийн цалин 700,000 төгрөг, дизель түлш, тосны зардалд 2,000,000 гаруй төгрөг, компанийн бусад хураамж 250,000-300,000 төгрөг. Ингээд үзэхээр зундаа 400,000-500,000 төгрөг, өвөлдөө 700,000-800,000 төгрөгийн алдагдалтай болж хувирдаг. Гэтэл ар гэрээ тэжээх, зээлээ төлөх, амьдралаа авч явах шаардлагатай болдог.

Түүнчлэн Гашуунсухайт авто замаас гадна хос зам ашиглалтад орох гэж байна. Гэтэл хос зам нээгдэхээр энэ зам дээр 1,899,000 төгрөг авна гээд байгаа. Энэ хэмжээний мөнгийг авахаар тухайн хүн юуны төлөө өр зээл тавьж, юуны төлөө амьдраад байгаа вэ гэдэгтээ тулна.

500 орчим компани тээврийн нэгдсэн системд орж C зөвшөөрөл авах эрхээ нээлгэсэн байдаг. Үүний тодорхой хэсэг нь "цүнхний" гэх тодотголтой, хувь машинтай иргэдээс хураамж авдаг хэсэг бүлэг бий. Иймд Зам, тээврийн яам, Автотээврийн Үндэсний төв зэрэг зөвшөөрөл олгодог байгууллагууд анхаарал хандуулж, төр байдаг гэдгийг харуулж оролцох хэрэгтэй байна.

Ерөнхий сайд Н.Учрал сайдад хандаж хэлэхэд нүүрс тээвэр сайн явж байгаа гэдэг. Нүүрс өөрөө хилийн цаана гарчихдаггүй, үүнийг хүн тээвэрлэж байгаа. Түүний цаана айл өрхийн амьдрал бий" гэв.

"Монголбанкнаас ирүүлсэн албан тоот дээр 2025 оны наймдугаар сарын 31-ний байдлаар 560.4 тэрбум төгрөгийн зээлийг хүнд даацын тээврийн хэрэгсэл авахаар зорилгоор олгогдсон байна. Үүний 90 гаруй хувь нь тээврийн салбарт ашиглагддаг. Нэг тээврийн хэрэгсэл авахад 360 орчим сая төгрөг болно. Засгийн газар экспортын гол бүтээгдэхүүн нүүрсийг зөөж байгаа тээвэрчдийн аж амьдралд анхаарах хэрэгтэй байна. Нэг тээврийн хэрэгслийн ард нэг айлын амьдрал бий.

Арга хэмжээ авахгүй бол иргэд, тээвэрчид, тэдний гэр бүлд хүнд нөхцөл байдал үүссэн. Хүн аргаа барахаар тэмцэж эхэлдэг. Иймд аргаа бараад шаардлага тавьж байна. Хувь машинтай иргэн бүрийг өөрийн явсан ажлын хөлсөө гэр бүлдээ зарцуулдаг болоход төрөөс дэмжлэг үзүүлээч" гэж тус холбооноос нэмж мэдэгдлээ.