Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 55%-аар өсжээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 57.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.1 (54.6%) их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 19.0 (65.8%) их наяд төгрөг, боловсруулах салбар 947.8 (15.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 63.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.8 (55.9%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 21.8 (69.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдрийн баяжмал, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал болон чулуун нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.2-52.5 хувиар өсөж, харин хүрэн нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, мөнгөний баяжмал 0.1-38.4 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт цэвэр спирт, металл бэлдэц, цемент, самнасан ноолуур, гурил, шингэн сүү, шохой, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.4-28.6 хувиар өссөн байна.
Харин цагаан архи, ус, ундаа жүүс, катодын зэс, малын мах, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.4-77.6 хувиар буурсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

