Хиймэл оюунаар зэвсэглэсэн хакерууд Японы компаниудын хоцрогдсон хамгаалалтын системд хялбар нэвтрэх болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японы компаниудыг сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд кибер халдлагын давлагаа нөмөрч, сая сая хэрэглэгчдийн бүртгэлийг ил болгосон нь хиймэл оюун ухаанаар зэвсэглэсэн хакерууд удаан хугацааны турш нэвтрэх боломжгүй байсан хамгаалалтыг эвдэх боломжтой болсонтой холбоотойг шинжээчид анхааруулж байна.

Энэ оны турш тус улсын томоохон корпорацуудын системд 500 гаруй халдлага бүртгэгдсэн нь 2025 оны нийт дүнгээс давсан үзүүлэлт болжээ.

Аравдугаар сарын 7-ны өдөр Японы үүлэн технологи болон дата төвийн үйлчилгээ үзүүлэгч IDC Frontier компанийг чиглэсэн ransomware төрлийн халдлага нь тус улсын 495 компани болон орон нутгийн засаг захиргаануудын ашигладаг системийг доголдуулсан юм.

Энэ үеэр нийт 6 сая гаруй хэрэглэгчийн бүртгэл алдагдсан бөгөөд тэдгээрийн дотор төмөр замын оператор JR East компанийн мэдээлэл багтжээ.

Хуучин номын жижиглэн худалдаа эрхлэгч BookOff мөн 6.43 сая гишүүнийхээ мэдээллийг алдсанаа хүлээсэн байна.

Үүнээс гадна онлайн аялал жуулчлалын Skyticket компани энэ сард серверүүдэд нь нэвтэрсэн кибер халдлагын улмаас 14.6 сая хэрэглэгчийн бүртгэлийг алдсанаа мэдээлсэн бол есдүгээр сард Times Car тээврийн хэрэгсэл түрээслэх үйлчилгээний компани 6.6 сая гишүүний бүртгэлээ алдаж, үүнд жолооны үнэмлэх дээр байгаа гэрийн хаяг гэх мэт хувийн мэдээлэл өртсөн байж болзошгүйг анхааруулсан юм.

"Энэ нь аюулгүй байдлын хангалттай арга хэмжээ авалгүй олон жил болсон системүүдийн хуримтлагдсан асуудал юм" гэж Йокохама хотод төвтэй Macnica кибер аюулгүй байдлын судалгааны төвийн дэд захирал Ютака Сежияма хэлжээ.

Тэрбээр хиймэл оюун ухааны салбарт гарсан сүүлийн үеийн дэвшил нь энэхүү халдлагын давлагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байгаа ч үүнийг нотлох "тодорхой нотолгоо" одоогоор байхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Аливаа компанийн кибер хамгаалалтыг сориход хүн-​​хакер хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарыг зарцуулдаг байсан бол хиймэл оюун ухаан одоо энэ үйл явцыг маш их хурдасгасан гэж шинжээчид үздэг.

Японы хувьд нэг онцлог бий. Гадаадын хакерууд өмнө нь Японыг алгасдаг байсан нь япон хэлний бэрхшээлтэй холбоотой байсныг Fujitsu-ийн ахлах эдийн засагч Мартин Шульц хэлжээ.

"Япон хэл нь үнэндээ саад тотгор байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан гайхалтай хөгжиж, энэ саадыг даван туулж, одоо Японы байгууллагуудыг онилж чаддаг болсон” гэж тэр тайлбарласан байна.

Энэ давуу талдаа эрдсэн Японы компаниуд системийнхээ хамгаалалт, аюулгүй байдалд төдийлөн санаа тавьдаггүй байсныг Шульц хэлжээ.

Өмнөд Солонгосын компаниуд саяхан хиймэл оюун ухаанаар удирдуулсан ижил төстэй халдлагатай тулгарсан бөгөөд үүнд банк санхүүгийн есөн томоохон байгууллагад гарсан халдлага багтаж байгаа юм.

Кибер гэмт хэрэгтнүүд үйлчлүүлэгчдэд чиглэсэн вэб үйлчилгээг амжилттай эвдэж, нэр, имэйл хаяг, дансны дугаар зэрэг нууц мэдээллүүдийг хулгайлсан байна. Үүнийг бас л хакерууд солонгос хэлний саадыг хиймэл оюуны тусламжтай давсантай холбоотой гэж судлаачид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Yomiuri Shinbun