Харааны бэрхшээлтэй сурагчдад зориулсан улсад ганц байдаг 116 дугаар сургуулийн барилгын ашиглалтын хугацаа дуусаж, суулт өгчээ

Б.Бадамгарав, IKon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд тулгуурлан боловсрол олгодог ганц сургууль манай улсад байгаа нь 116 дугаар сургууль юм.

Сургуулийн барилга ашиглалтад орсноос хойш 62 жил өнгөрч буй бөгөөд одоогоор суулт өгч, цууралт үүссэн, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт нийцэхгүй байгааг тус сургуулийн сургалтын менежер н.Ууганчимэг өчигдөр болсон "Боловсролын салбарын төсөв" хэлэлцүүлэгт оролцохдоо хэлэв.

Тэрбээр "Манай сургууль нь харааны хөгжлийн онцлогтой сурагчдад боловсрол олгодог улсын хэмжээнд байгаа ганц сургууль. Нийт сурагчдын 30 хувь нь сул болон үлдэгдэл хараатай, 70 хувь нь тэг хараатай сурагчид суралцаж байна.

Улсын хэмжээний ганц сургууль учраас орон нутгаас болон алслагдмал дүүргээс хүүхдүүд суралцахаар ирэхэд зориулалтын дотуур байдаггүй. Иймд хичээлийн байрныхаа зүүн жигүүрийг дотуур байр болгон ашигладаг. Үүнээс үүдэлтэйгээр анги танхимын хүрэлцээ бага. Мөн хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг засан сайжруулах, хөгжүүлэх, дэмжих хөтөлбөрийн ганцаарчилсан сургалтыг гурван ээлжээр хичээллэх, тарах цаг оройтох зэрэг эрсдэлт нөхцөл байдал үүсдэг. 

Сургуулийн барилга 1964 онд баригдсан. Барилга ашиглалтын хугацаа дуусаж, цууралт, суулт өгсөн. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд нийцэхгүй байгаа.

Сүүлийн жилүүдэд харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдсэн. Манайд дотуур байр болон хичээлийн байранд лифт байдаггүй тул хуваарь гаргаад эрэгтэй багш нар тэргэнцэртэй хүүхдүүдээ нэг давхраас гуравдугаар давхар руу, анги танхим, ариун цэврийн өрөө, цайны газар зэрэгт тэврээд, үүрээд хүргэдэг. Иймд манай сургуулийн хичээлийн байр, дотуур байрны цогцолборыг 2027 оны төсөвтөө оруулж өгнө үү" гэлээ.

Энэ асуудлаар Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "116 дугаар сургуулийн Дотуур байрны зураг төслийн зардал нь Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны багцад туссан. Худалдан авах ажиллагаа зарлагдсан. Та бүхний мэддэгчлэн тавдугаар сарын 31-н гэхэд тухайн онд тавигдсан санхүүжилтээрээ худалдан авах ажиллагаа зарлагдаад, шалгаруулсан байх ёстой. Харамсалтай нь 116 дугаар сургуулийн гэрээ байгуулах хугацаа зургаадугаар сарын 3-нд болж таарсан. Хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй төсвүүд хэмнэлтэд тооцогддог. Иймд дахин Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад тусгуулахаар саналаа өгсөн" гэж хариулав.