Тайландын олон улсын нисэх буудалд зорчигчдын ачаа тээшинд үзлэг, шалгалт хийх шинэ журам мөрдөгдөж эхлэв

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газар (CAAT)-аас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын стандартыг мөрдүүлэх зорилгоор бүртгүүлсэн ачаа тээшинд үзлэг, шалгалт хийх шинэ журмыг 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэллээ.

ШИНЭ ЖУРМЫН ДАГУУ:

  • Нисэх буудлын аюулгүй байдлын ажилтан бүртгүүлсэн ачаа тээшинд сэжигтэй болон хориотой эд зүйл байгаа гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд зорчигчийг байлцуулахгүйгээр ачаа тээшийг нээж шалгах эрхтэй.
  • Ачаа тээшийг нээж шалгах үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, шалгалт хийсэн тухай мэдэгдэх хуудас тээшинд байршуулна.
  • Хориотой болон аюултай эд зүйл илэрсэн тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хураан авах бөгөөд хураан авсан эд зүйлсийг буцаан олгохгүй.

ЗОРЧИГЧДОД АНХААРУУЛАХ НЬ:

  • Хориотой болон аюултай эд зүйлс: Тэсрэх бодис, галт зэвсэг, сум хэрэгсэл болон агаарын хөлөг, зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй бусад эд зүйлсийг холбогдох дүрэм, журмын дагуу тээвэрлэхийг хориглоно.
  • Power bank буюу зөөврийн цэнэглэгч болон Lithium Battery ачаа тээш (checked baggage)-д хийхийг хатуу хориглоно. Зөвхөн гар тээшинд авч явна!
  • Нислэгийн өмнө ачаа тээшиндээ хориглосон болон аюултай эд зүйл байгаа эсэхийг урьдчилан нягталж, агаарын тээврийн аюулгүй байдлын шаардлагыг мөрдөх.
  • Үнэт эдлэл, бичиг баримт, амархан гэмтэх эд зүйлс болон хувийн чухал эд хөрөнгөө бүртгүүлсэн ачаа тээшинд хийхээс зайлсхийх.
зураг
 

Энэхүү журам нь бүх зорчигчийн ачаа тээшийг заавал нээж шалгана гэсэн үг биш бөгөөд сэжигтэй болон хориотой эд зүйл байгаа гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд хэрэгжихийг анхааруулж байна.

Иймд Тайландын Хаант Улсаас агаарын тээврээр зорчих иргэд Та бүхэн нислэгийн өмнө ачаа тээшээ холбогдох дүрэм, журамд нийцүүлэн бэлтгэж, нисэх буудлын аюулгүй байдлын шаардлагыг мөрдөхийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Ташрамд дурдахад Монгол Улсын иргэд тус улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой байдаг. 

 

Эх сурвалж: Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин Сайдын Яам