Мансууруулах бодис худалдаж авч, хэрэглэж 10 гаруй жил болсон нэгэн залуу манай редакцад хандсан юм. Хувийн мэдээллээ нууцлахыг хүссэн тэрбээр хар тамхитай холбоотой бидний мэдэхгүй "ертөнц"-ийн талаар илэн далангүй ярив.
Ийн зориглосон нь мансууруулах бодисын далд наймаа, сүлжээ болон түүнд оролцогчдыг илчлэхийг зорьсон явдал хэмээн тайлбарласан. Мөн кино, сошиалаас л хардаг хар тамхи хэрэглэгчид ямар амьдрал туулдгийг сургамж болгох зорилгоор хэвлэлд хандаж байна гэсэн юм. Түүний ярианы эхний хэсгийг хүргэж байна.
ИРГЭН "Би анх 2016 онд найзуудтайгаа нийлж хар тамхи хэрэглэж үзсэн. Хар тамхи хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн хөнгөнөөс хүнд рүү шилждэг. Мэдлэг мэдээлэл дутуу, хар тамхины талаар ойлголтгүй үедээ нуруу нугасны өвчин намдаах эм хэрэглэж байгаад нэг мэдэхэд донтчихсон.
Улмаар бүр хүчтэй тунтай хар тамхийг хүнээр дамжуулж олж авдаг болсон. Заримдаа дамжуулж авсан хүн маань хар тамхиа өгөхгүй алга болно, мөнгөө алдана. 4-5 жилийн өмнө хар тамхи олж авахад иймэрхүү асуудал их гардаг байлаа. Би 10 жил хэрэглэж байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сараас больсон ч гэлээ бага зэргийн өвдөлттэй хэвээр байгаа.
Харин сүүлийн жилүүдэд онлайн дэлгүүр бий болсноор бараа захиалахаас ч амархан болчхоод байна. Телеграмм дээр онлайн дэлгүүрүүд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт төрлийн бодис буюу янз бүрийн хар тамхи зардаг болсон. Хар тамхины сүлжээ үйл ажиллагаагаа маш сайжруулсан. Жишээлбэл би цахим бирж дээр криптовалют аваад телеграмм дээрх дэлгүүрийн өгсөн данс руу явуулангуут миний авах хар тамхийг нуусан байршил болон зураг явуулдаг. Ихэвчлэн гэр хорооллын хашаануудын урд юм уу, төмөр хашааны завсар булчихсан байдаг.
Хуучны үе шиг тусгай зардаг хүмүүстэй харилцаад байх шаардлагагүй. Телеграмм руу ороод хүссэн хүн бүр авах боломжтой болчихсон. Сүүлийн үед монголчууд өөрсдөө дэлгүүр ажиллуулаад бүх төрлийн бодис зардаг болж эхлээд байна.
Монголчууд өнөөдөр хар тамхи аюулын харанга дэгдээж байна гэж ярьдаг. Оросын хар тамхины сүлжээ Монголыг дотроос нь идэж байна. Хар тамхитай тэмцэх байгууллага нь ч бид алдчихсан, одоо зогсоож чадахгүй гэдгээ хүлээсэн. Миний мэдэж байгаагаар 50-60 мянган хэрэглэгч байгаа. Яаралтай зогсоохгүй бол манай улс цаашдаа үйлдвэрлэгч орон болох байх.
Хар тамхийг дагаад маш их мөнгө яригддаг. Донтсон хүн хар тамхиа олж авахын тулд залилан, хулгай дээрэм хийнэ. Туйлдаа ортол донтсон хүн юу л бол юу хийнэ. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүс намайг хэтрүүлж байна гэж бодох байх. Гэхдээ би 10 жил энэ амьдрал дунд явсны эцэст эцэг хүн болоод холдсон. Миний үр хүүхэд амьдрах нийгэм учраас аав хүний хувьд санаа зовж, өөрчлөгдөөсэй гэсэн үүднээс ярьж байна.
Телеграмм дээр хэн зар тавьж байгааг олж мэдэх боломжгүй. Яагаад гэвэл энэ программын нууцлал маш сайн байдаг. Цаад хүмүүс нь баригддаггүй болохоор Монгол хүүхдүүдээр туг тахиад, өөрсдөө цэвэр үлддэг. 12, 13 насны хүүхдүүд ажил хийж, мөнгө төгрөг олж үзье гээд орчихдог.
Дугуйтай, өсвөр насны 4-5 хүүхэд хар тамхи булаад явж байгааг би харсан. Тэд ямар аюултай зүйл хийж байгаагаа мэддэггүй. Зарим нь задлаад, хэрэглэж үзээд орчихсон тохиолдол ч байдаг. Телеграмм дээр хар тамхи зардаг онлайн дэлгүүр Монголд үйл ажиллагаа явуулаад нэлээд удаж байгаа. Хүмүүс сайн мэдэхгүй байгаа болохоос энэ асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Цагдаа нарт үүнийг ярилаа гэхэд намайг шоронд суулгана.
Онлайн дэлгүүрээс хувцас захиалахад ачаалалтай гээд хоёр хонож ирдэг бол хар тамхи зардаг онлайн дэлгүүр мөнгийг нь төллөө гэхэд хоёр минутын дотор байршил илгээдэг.
Миний нэг танил эмнэлэгт 26 сая төгрөгөөр хар тамхины эсрэг эмчилгээг гурван сарын хугацаанд хийлгэж үзсэн. Гэтэл хэвтэж байсан хүмүүстэй мэдээлэл солилцоод эмнэлгийн ариун цэврийн өрөөнд хар тамхиа хэрэглэж үзсэн гэсэн.
Хар тамхи хэрэглэсэн хүнийг Зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчилдаг. Гэвч баривчилгааны байранд өөр хүмүүстэй холбоо тогтоож, илүү сайн мэдлэгтэй болж гарч ирээд байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!