Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хүмүүсийн ярьж заншсанаар хар тамхитай холбоотой асуудал манай нийгэм өссөн хэвээр байна. Цагдаагийн байгууллага энэ оны эхний найман сарын байдлаар хар тамхитай холбоотой 430 хэрэг илрүүлсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулбал 2.5 дахин өссөн үзүүлэлт юм.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан иргэдийн 69 хувийг 18-35 насныхан эзэлж байна. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын Хар тамхитай тэмцэх албаны чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Марал-Эрдэнэтэй ярилцлаа.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
- 2020 оноос хойш хугацааны нөхцөл байдлыг ажиглахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж байна. Жишээлбэл өнгөрсөн жил бүртгэгдсэн гэмт хэргийг энэ оны эхний найман сард бүртгэгдсэн гэмт хэрэгтэй харьцуулбал 2.5 дахин өссөн.
Цар тахлын жилүүдэд хөл хориотой байсан болохоор гэмт хэргийн гаралт бага байсан түүнээс хойш жил ирэх тусам гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хэрэглэгчийн нас залуужиж байна. Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар 14 насанд хүрсэн иргэнд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн зохицуулалттай. Манай байгууллага дээр 14-өөс дээш насны хүмүүс шалгагдаж байна.
Аливаа төрлийн гэмт хэрэг дээр иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дагуу очиж шалгадаг. Харин хар тамхитай холбоотой гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хэзээ ч иргэдээс ирдэггүй. Бид өөрсдөө илрүүлэх, харилцааг тогтоох чиглэлээр ажиллагаа явуулдаг.
Аль нэг иргэнээс "би хар тамхи хэрэглээд байна" гэсэн дуудлага мэдээлэл ирснээр энэ төрлийн гэмт хэрэг илэрдэггүй. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт нь далд хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүмүүс ихэнхдээ өөрсдөө хэрэглэгч байдаг тул цагдаагийн байгууллагад сайн дураараа хандах нь ховор юм.
Сүүлийн үед эцэг эхчүүд, эхнэр нөхрүүд хажуудаа байгаа хүнээ анзаарч мэдсэн тохиолдолд манай байгууллагад ханддаг болсон. "Энд сэжигтэй тохиолдол байна", "Манай гэрт ийм зүйл байна, шалгуулъя" гэж хандсан дуудлага мэдээлэл бий.
- Энэ төрлийн гэмт хэрэгтэй нүүр тулж ажилладаг хүний хувьд өсөх болсон шалтгааныг хэрхэн дүгнэж байна вэ?
- Хар тамхи хэрэглэсэн хүмүүстэй харилцдаг хүний хувьд хэлэхэд иргэдэд энэ талын мэдлэг мэдээлэл хомс байна. Хэн нэгэнд уруу татагдаж, бусдыг даган дуурайх, хар тамхи хэрэглэвэл гоё харагдана гэсэн ойлголт байгаагийн улмаас хүүхэд залуус гэмт хэрэгт татагдан ордог.
Нэг найз нь "хэрэглээд үз л дээ гоё" гэхээр хэрэглээд үзчихдэг. Ингэснээр тухайн хар тамхи биед нь дасал болоод дотроос нь дахин хэрэглэхийг шаардаж эхэлдэг. Цаашид үүсэх хор уршгийг хүүхэд, залуус сайн тунгааж бодохгүйгээр хэрэглэж үзээд байна. Хэрэв мэдлэг мэдээлэлтэй болчихвол донтолт ямар эрсдэлтэйг ойлгоно.
Ялангуяа 14-25 насны залууст ар гэрийн хараа хяналт маш чухал. Эцэг эхийн хараа хяналт сулраад эхлэхээр хүүхэд залуус уруу татагдаж, янз бүрийн зүйл хэрэглэх магадлалтай.
Ихэвчлэн гэр бүл салсан, эмээ өвөө дээрээ өссөн, эцэг эх нь гадаадад амьдардаг гэх мэт орчинд амьдардаг хүүхэд, залуус хар тамхинд орох магадлалтай байна.
Гэхдээ хувь хүний ухамсар, төлөвшил тодорхой хэмжээнд нөлөөлнө. "Үгүй" гэж хэлэх сэтгэл зүйн дархлаа суулгах, өөрийгөө хамгаалах чадвартай болгон төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо нэн чухал юм. Мөн цахим орчин эрчимтэй хөгжсөн өнөө үед гадаад хэлний мэдлэгтэй залуус интернэтээс буруу мэдээлэл авч, түүнийгээ даган дуурайх явдал гарч байна.
Мөн насанд хүрсэн хүний амьдралд анхааруулах хандуулах асуудал их, мансууруулах бодис сонирхох хэрэгцээ гардаггүй.
30-аас доош насныхан гэхээр амьдралд санаа зовох асуудал бага, хүнтэй суугаагүй, чөлөөт цаг ихтэй байдлыг далимдуулж янз бүрийн зүйл сонирхож үзэх сэтгэхүйтэй байдаг. Нэг удаа туршиж үзэх, үеийн найз нөхдөдөө уруу татагдах магадлалтай сэтгэл зүй дээр хар тамхи зардаг хүмүүс тоглолт хийдэг.
- Монгол Улсад хар тамхийг хуулиар хориглодог. Гэхдээ нэгэнт улсын хилээр ороод ирчихсэн зүйлийг хүүхэд залууст санал болгоод байгаа тэр бүлэглэлийг илрүүлэх тал дээр танай алба хэрхэн ажиллаж байгаа вэ?
- Манай улсад байсан уу эсвэл гадаадаас орж ирсэн үү гэдгээс үл хамаарч тухайн бодисыг хэн нэгэн олж аваад хүмүүст санал болгодог.
Нэг хэрэглэгчийг бариад авсны дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн бодисыг хаанаас, хэзээ, хэнээс ямар хэмжээтэй олж авч хэрэглэсэн, дансны мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслээр хэнтэй холбогдсоныг шалгадаг.
Энэ төрлийн гэмт хэрэгт гадаадын иргэн холбогдсон тохиолдол байгаа ч цөөхөн. Ихэвчлэн монголчууд нэг нэгэндээ зарж борлуулж, санал болгодог. Хар тамхийг гэр бүлээрээ зарж борлуулдаг болчихсон бүлэг этгээдүүд шүүхээр ял авч байсан. Манай улс хар тамхийг дамжин өнгөрүүлэгч байж байгаад 2014 оноос хэрэглэгч орон болсон.
Бид зөвхөн нэг хэрэглэгчийг илрүүлэхээс илүүтэйгээр улсын хилээр оруулж ирж худалдан борлуулж буй зохион байгуулалттай гэмт бүлэг, сэжигтэй этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох зорилготой ажилладаг.
Тухайлбал гадаад улсаас мансууруулах бодис илгээсэн болон мөрдөн шалгах явцад оргон зайлсан этгээдүүдийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж, хууль эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр гуравдагч улсаар дамжуулан 2024 оноос хойш 20 этгээдийг эх орондоо шилжүүлэн авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
- 14-25 хүртэлх насны иргэд мансууруулах эмийг ихэвчлэн яаж хэрэглээд байна вэ?
- Мансууруулах эм гэдэг том асуудал байна. "Мансууруулах бодис" гэхээр зөвхөн ургамал эсвэл цагаан өнгийн нунтаг бодис байдаг гэх ойлголт хуучирсан. Мансууруулах эмийн асуудал манай улсад 2020 оноос хойш хүүхэд залуусын дунд маш элбэг болсон.
Булчин суллах, өвчин намдаах гэх мэт эмийн санд зарж байдаг эмийг хүүхэд залуус хуурамчаар жор үйлдэж, хүний нэрийн өмнөөс авч байна. Өвчин намдаах, булчин суллах эмийг урвуулж, тунг нь хэтрүүлж хэрэглэхээр төв мэдрэлийн системд нөлөөлж эхэлдэг.
Тухайлбал өрхийн эмнэлгийн жор, эмчийн тамга тэмдгийг ашиглан хуурамчаар жор бичиж авсан тохиолдлууд илэрсэн. Үүний улмаас хүний цус бохирдох, судас бөглөрөх, улмаар гар хуруугаа тайруулах эсвэл амь насаа алдах ноцтой үр дагавар гардаг. Үүнтэй холбоотойгоор бид холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг.
Мөн мансууруулах эмийн тунгаа хэтрүүлж хэрэглэснээс болж амь насаа алдах асуудал гардаг. Миний мэдэж байгаагаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэж найман хүн нас барсан бүртгэл бий.
- Эмийн санд зарагддаг өвчин намдаах үйлчилгээтэй эмийн худалдаанд хяналт тавих боломжтой юу. Өөр зорилгоор авч буй үйлдлийг таслан зогсоохын тулд яах ёстой вэ?
- Жороор олгодог өвчин намдаах үйлчилгээтэй эмүүд нь Эрүүл мэндийн яаманд бүртгэлтэй, хууль ёсны зөвшөөрөлтэй байдаг ч үүнийг залуус мансууруулах, харин зарим этгээд ашиг олох зорилгоор урвуулан ашиглаж байна.
Өмнө нь жоргүй олгодог байсан зарим өвчин намдаах үйлчилгээтэй эмийг бид холбогдох байгууллагуудад хандаж эмчийн жортой олгодог болгосон. Мөн энэ төрлийн эм борлуулдаг эмийн сан, ханган нийлүүлэх төвүүдэд тогтмол хяналт шалгалт хийж байна. Түүнчлэн Монгол Улсад дотооддоо хориглосон эмийн жагсаалтгүйгээс энэ төрлийн гэмт хэрэгт ажиллагаа явуулахад зарим тохиолдолд хүндрэл гардаг.
- Хар тамхины нийлүүлэлт талаасаа ихэвчлэн аль улсаас орж ирдэг вэ?
- Зүүн өмнөд Ази болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ХБНГУ, Нидерланд зэрэг улсаас ачаа тээш, олон улсын карго илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэргүүд бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тагнуул, гаалийн байгууллагатай хамтран хилийн бүс орчимд арга хэмжээ зохион байгуулж, илрүүлэх таслан зогсоох арга хэмжээ авдаг.
Сүүлийн жилүүдэд Турк улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт төрлийн бодис их хэмжээгээр орж ирсэн. Улсын хилээр орж ирэнгүүт нь таслан зогсоовол хор уршиг багатай. Тухайн хар тамхи олон хүнд худалдаалагдахаас өмнө таслан зогсоохын төлөө ажилладаг.
Манайх хүн ам цөөнтэй орон. Гадаад улсад хямдхан байдаг зүйл манай улсад орж ирэхээрээ үнэтэй зарагддаг. Монголчууд ашиг олох зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулсан тохиолдлууд бий.
Хар тамхийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдаалдаг хүмүүс ихэвчлэн өөрсдөө хэрэглэдэггүй, ашиг олох зорилгоор оруулж ирсэн байдаг. Хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн судалгааг нарийн гаргаж харахад зарж борлуулдаг бүлэг зохион байгуулалтад орчихсон хүмүүс байна. Ийм хүмүүсийн дунд янз бүрийн этгээдүүд байдаг учраас ашиг сонирхлын асуудал яригддаг.
Гадаадад амьдардаг атлаа Монгол руу мансууруулах бодис илгээдэг манай улсын иргэд байдаг. Гадаадад ажиллаж амьдардаг мөртлөө Монгол руу явуулдаг, ирсэн бодисыг тосож авдаг этгээдүүдийг бүлэг зохион байгуулалттай гэж тодорхойлно. Тэднийг Интерполийн журмаар эрэн сурвалжилж байгаа газрыг тогтоон, авчирч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
- Монголд хар тамхи зардаг этгээдүүдийн олж буй ашиг, зах зээлийн цар хүрээг мөнгөн дүнгээр илэрхийлсэн судалгаа байдаг уу?
- Зарим нэг нарийвчилсан мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны нууцлалын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм.
Улсын хүн амын төвлөрөл нийслэлд байдаг. Хөдөө орон нутагт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх нь цөөхөн. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ бага. Энэ жижиг газрын хаана нь гэмт хэрэг гардгийг зарлаж мэдээлбэл бидний хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох ажилд сөргөөр нөлөөлнө. Гэмт хэрэг үйлдэж буй хүмүүс баригдахгүйн тулд зугтаана, байршлаа солино.
- Манай улсыг дамжин өнгөрүүлэгч байснаа үйлдвэрлэгч орон болсон гэх яриа бий. Энэ бодитой юу?
- Манайх үйлдвэрлэгч орон биш. Одоогийн байдлаар Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй.
Энэ оны эхний найман сарын байдлаар хар тамхитай холбоотой 430 хэргийг илрүүлсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт 13-17 насны гурав, 18-25 насны 51, 26-35 насны 53 хүн холбогдсон.
- Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хурааж авсан бэ. Хурааж авсан бодисыг яадаг вэ?
- 2026 он гарснаас хойш нийт 85,303 хүн нэг удаад хэрэглэх хэмжээний мансууруулах бодисыг хураан авсан. Хурааж авсан мансууруулах бодисыг шинжилгээний байгууллагад хүргүүлж ямар бодис болох талаар шинжээчийн дүгнэлт гаргуулна. Оролцогчдод танилцуулж эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаад шүүхийн шийдвэр гарсны дараа устгадаг.
- Телеграмм апликейшнаар дамжуулан хар тамхи зарагддаг гэх мэдээлэл бий. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Телеграммыг ОХУ-аас гаргасан платформ учраас манайхаас хяналт тавих ямар ч боломжгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэлд прокурорын зөвшөөрлийн дагуу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран үзлэг хийж, тоон ул мөрийг илрүүлэх, бэхжүүлэх чиглэлээр цахим мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хэмжээнд явуулж байна. Цахим орчин ашиглаж үйлдсэн энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж шалгаж байгаа.
- Хар тамхитай холбоотой хэргийг манай хуулийн байгууллага хяналтдаа байлгаж чадаж байна уу?
- Жил ирэх тусам хар тамхи хэрэглэдэг хүмүүс болон гэмт хэргийн тоо өсөж байна. Хяналтаасаа алдсан гэж хэлэхгүй. Ер нь бол хяналттай байгаа.
Энэ төрлийн гэмт хэрэг хэзээ ч бүрэн гүйцэд арилахгүй. Дахин гарахгүй гэж боломжгүй. Хүн байгаа цагт үйлдэгдэх нь ойлгомжтой. Хуулийн байгууллага илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажилласаар байх болно. Цаашдаа олон хүн хэрэглэх эрсдэлийг таслан зогсоож илрүүлэх ёстой. Дахиж хүүхэд залуус уруу татагдан орохоос урьдчилан сэргийлж, сургалт сурталчилгаа явуулж байгаа.
- Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хүлээлгэх ялын бодлогыг та юу гэж хардаг вэ?
- Миний хувьд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдөж буй хуулийн ялын бодлого сул гэж боддог. Ял шийтгэл оногдуулахаас гадна донтсон хүнийг албадан эмчлэх тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай. Тухайлбал, манай албанаас энэ онд шүүгчийн захирамжаар 11 иргэнийг албадан эмчилгээнд хамруулж, шинэ туршлагыг нэвтрүүлээд байна.
Өсвөр насны хүүхдүүд газ, цавуу, будаг шингэлэгч үнэрлэж мансуурсан бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торж шийтгэх, эсэхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. НҮБ-ын конвенцод багтсан мансууруулах бодисыг хууль бусаар олж авч хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Одоо мөрдөгдөж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хүрээлэл бидний дунд байдаг болсон байна. Тийм хүмүүсийн ар гэр, ойр дотны хүмүүс хаана хандаж, ямар арга хэмжээ авах вэ?
- Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтсон иргэнийг эмчлэх албан ёсны эмнэлэг байхгүй. Гэхдээ эмнэлэг байгуулахаар шат шатны газрууд ажиллаж байгаа. Одоогоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлдэг.
Эцэг эхчүүд манай байгууллагад хандаад хүүхдээ шинжилгээнд оруулж болно. Тухайн хүүхдийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон сэтгэл зүйчтэй холбон уулзуулдаг. Мөн донтолтоос гаргах чиглэлээр хувийн эмнэлгүүд бий. Иймэрхүү байдлаар шат шатандаа яваад эдгэрсэн тохиолдлууд байдаг.
Ар гэрийн хараа хяналт энэ асуудалд чухал үүрэгтэй. Хүүхдэдээ хяналт тавьж чаддаг эцэг эхчүүд эмчлүүлэхээр сайн хөөцөлддөг. Ар гэрийн хараа хяналтгүй хүүхдүүд хэрэглэдэг, зарим нь ялаа эдлээд гараад ирж байна. Гарч ирээд дахин хэрэглэсэн тохиолдлууд ч байдаг.
- Хар тамхи хэрэглэсэн атлаа ял авахаас айгаад цагдаад хандаж чадахгүй байгаа хүмүүс энэ ярилцлагыг уншиж байвал юу гэж зөвлөх вэ?
- Айж эмээх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Аль болох эрт холбогдох байгууллагад хандаж энэ асуудлаасаа ангижрах, эрүүл мэндийн тусламж авах нь чухал. Сайн дураараа ирж эмчлүүлэх хүсэлтэй боловч арга замаа мэдэхгүй байгаа бол Хар тамхитай тэмцэх албанд хандаж хамтран ажиллах бүрэн боломжтой.
Мөн манай албаны иргэдэд туслах 11-16 тусгай дугаарт холбогдож зөвлөгөө авах, мөн мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн талаар нэрээ нууцлан мэдээлэл өгөх боломжтой.
Бид тухайн мэдээлэл өгсөн хүний аюулгүй байдлыг хангаж, мэдээллийг нууцалдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирогч гэж байхгүй, хэрэглэгч өөрөө хохирогч байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яллах, цагаатгах талын нотлох баримтыг давхар цуглуулж тухайн хүн ажил хөдөлмөр эрхлэлт, улсаас авсан гавьяа шагнал, нийгмийн байр суурь, хүмүүжил, хийж бүтээсэн зүйл гэх мэт цагаатгах талын нотлох баримтыг хамтад нь бүрдүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрхийг дээдлэн ажилладаг.
- Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!