Индэр    
3 цаг 37 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Цагдаа нар хурааж авсан мансууруулах бодисынхоо талыг нь буцааж зах зээл дээр гаргадаг"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мансууруулах бодис худалдаж авч, хэрэглэж 10 гаруй жил болсон нэгэн залуу манай редакцад хандсан юм. Хувийн мэдээллээ нууцлахыг хүссэн тэрбээр хар тамхитай холбоотой бидний мэдэхгүй "ертөнц"-ийн талаар илэн далангүй ярив.

Ийн зориглосон нь мансууруулах бодисын далд наймаа, сүлжээ болон түүнд оролцогчдыг илчлэхийг зорьсон явдал хэмээн тайлбарласан. Мөн кино, сошиалаас л хардаг хар тамхи хэрэглэгчид ямар амьдрал туулдгийг сургамж болгох зорилгоор хэвлэлд хандаж байна гэсэн юм. Түүний ярианы сүүлийн хэсгийг хүргэж байна. Эхний хэсгийг ЭНД дарж уншина уу. 


- Хар тамхи зардаг хүмүүс ямар зохион байгуулалтаар ажилладаг вэ?

- Хар тамхи зардаг, наймаалдаг сүлжээ биш бүхэл бүтэн мафи байгаа. Танилын хүрээллээр олж авч хэрэглэдэг байснаа болиод олон жил болж байна. Хар тамхи зардаг газрууд зүгээр л онлайн дэлгүүр шиг асуудалгүй ажиллаж байна. Телеграмм дээрх онлайн дэлгүүрүүд чат боттой болтлоо өргөжсөн. 

Фэйсбүүк дээр "долоо хоногийн хэдэн зуун ам.долларын цалинтай бараа хүргэгчийн ажил байна" гэсэн зар харж байсан уу. Энэ нь Оросуудын ажиллуулдаг хар тамхины дэлгүүрийн барааг зөөх ажил гэсэн үг. Оросууд 2-3 удаа туршилтаар ажиллуулаад болж байвал эхний удаад 10 грамм хар тамхи тээвэрлүүлж үздэг.

Цалин нь сайн ч гэлээ  баригдвал 8 хүртэлх жилийн ял авна гэдгээ хүүхдүүд мэддэггүй. Иймэрхүү ажлыг мэдлэг боловсролтой, аливаа зүйлийн учир мэддэг хүн хийхгүй нь ойлгомжтой. Амьдралаа арай хийж болгож яваа, хоногийн хоолоо яая гэсэн хүмүүсийг онилдог. Хоногийн хоолоо олох гэж байгаа хүнд нэг газраас нөгөө газар хар тамхи булаад их мөнгө авах бол амархан санагдана. Гэвч баригдаад олон жилийн ял аваад шоронд явна. Ард үлдэх гэр бүл, хань ижилд нь харамсалтай. Хар тамхи зардаг хүмүүс иймэрхүү ядуу хүмүүсийг ашиглаж, өөрсдийн бараагаа зарж, хүслээ гүйцэлдүүлээд байна.

- Хар тамхийг хилээр яаж оруулж ирдэг юм бэ? 

- Сүүлийн үед дрон ашиглаж их оруулж ирдэг болсон. Галт тэргээр зорчиж байгаа бүх хүнийг шалгахгүй учраас ачаа тээшинд нууж оруулж ирдэг. Цагдаад баригдаж байгаа хүмүүс ихэвчлэн зарын дагуу ажил хийж яваад асуудалд ордог. Оросуудын хийлгэдэг ажил нь оруулж ирсэн хар тамхиа савлуулж энд тэнд булуулах эсвэл хилээр оруулж ирэхийг санал болгодог.

"Нийлүүлэгчдийг олох бус барьсан хүнээсээ дахиад 2-3 хүн зааж өгөхийг шаарддаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Таны ярьсан зүйлийг цагдаа нар мэддэг үү. Үүнийгээ цагдаад мэдээлсэн үү. Хэрэв мэдээлээгүй бол хэвлэлд хандаж байгаа нь ямар учиртай вэ?

- Хилээр оруулж ирж байгаа хар тамхины 10 тохиолдлын хоёрыг нь л цагдаа нар илрүүлдэг.

Хар тамхитай тэмцэх албаны мөрдөгчид үнэхээр сонин ажилладаг. Мэдээгээр ийм хэмжээний тэдэн килограмм бодис хураалаа, хилээр орж ирэхэд нь барьж авлаа гэнэ. Гэтэл яагаад хар тамхины хэрэглээ зогсохгүй байна вэ. Цагдаа нар хурааж авсан мансууруулах бодисынхоо талыг нь буцааж зах зээл дээр гаргадаг. Өөрсдийнхөө барих шаардлагатай хүмүүст хэрэглүүлж байгаад ажиллагаа явуулдаг.

Сүүлдээ цагдаа нар барьсан хүмүүстэйгээ тохиролцдог болсон. Хар тамхи авч яваад баригдсан бол Эрүүгийн хуулиар ял авна. Харин хэрэглээд баригдсан хүнээс "Чи 30 хоног баривчилгаанд явах уу эсвэл хар тамхитай 2-3 хүн зааж өгөөд зүгээр явах уу" гэж тохиролцдог. 

Хар тамхи хэрэглэсэн хүмүүс маш их айдастай байдаг. Цагдаад хэлбэл барьж хорино, цаашлаад асуудалд орно гэхээс айдаг. Цагдаа нар шуналтай, хүн чанаргүй ажилладаг. Нийлүүлэгчдийг олох бус барьсан хүнээсээ дахиад 2-3 хүн зааж өгөхийг шаарддаг. Тухайн хүнийг аврах талаас нь биш "энэ нэг амьтан яав л гэж" гэсэн байдлаар хорьчихдог.

Цагдаа нар хар тамхины жинхэнэ нийлүүлэгчдийг барих тал дээр огт ажилладаггүй. Өөрсдийнхөө цол, цалингийн нэмэгдлийн төлөө ажиллаад байна. Олон хэрэг илрүүлэх тусам цол нэмдэг учраас үүнийхээ төлөө явдаг. Хар тамхины нийлүүлэлтийг таслан зогсооё, хойч үеэ хамгаалъя гэсэн хандлага огт байдаггүй. Хэрэв хойч үеийнхээ төлөө явдаг байсан бол арай өөр байх байсан.

Хар тамхины ард том эрх мэдэлтэй хүмүүс байна гэж би харддаг. Эрх мэдэлтэй хүмүүс байхгүй бол ийм хэмжээнд хүртлээ дэлгэрэхгүй. Энгийн хүмүүс ийм том сүлжээ үүсгээд удаан хугацаанд баригдахгүй явах боломжгүй.

- Таны ойрын хүрээлэлд хар тамхи хэрэглэдэг, асуудалд орсон жишээ байгаа юу?

- Хар тамхины шарталт гэдэг зүйл төсөөлөхийн аргагүй хэцүү. Архины шарталтын хажууд юу ч биш, үхчихмээр санагдана. Яс янгинаж өвдөнө гэж байдаг бол ясан доторх чөмөг янгинана. Нурууны яс биш нугас өвдөнө. Үгээр хэлэхийн аргагүй 3-4 хоног өвддөг. Хүмүүс тэр шарталтыг давж гарахгүй дахин дахин хэрэглэдэг.

Манай хамаатны дүү шарталтаа дийлэхгүй ариун цэврийн өрөөндөө судсаа ханаад нас барсан. Унтаж, юм идэж чадахгүй явсаар судсаа ханачихсан. 

Зарим найз маань хогийн савнаас олдсон тариур ашиглах хүртлээ явчихсан. Өмнө нь найзалдаг байсан эхнэр, нөхөр хоёр хүүхдээ машиныхаа арын суудалд суулгаад, өөрсдөө урд суудал дээрээ хэрэглэдэг. Хүүхдээ саатуулахын тулд тариур өгч байгааг хараад би маш их эмзэглэсэн. Энэ тойргоос гарахын тулд маш олон жил зовсон. Олон ч хүн их зовж яваа. 

Би телеграмм дээр байдаг хар тамхины онлайн дэлгүүрт нэг жилийн хугацаанд 37 сая төгрөг зарцуулсан. Хар тамхийг цахим мөрийтэй тоглоом үргэлж дагаж явдаг. Цахим мөрийтэй тоглоомыг хэдэн өдрөөр тоглож, орон сууц авах мөнгөө алдсан. 

Охин хүүхэд хар тамхинд орох хамгийн аймшигтай. Мөнгөгүй ч хар тамхи авмаар санагдвал биеэ үнэлж эхэлдэг. Эсвэл хар тамхитай хүнтэй уулзаж эхэлнэ. Над руу хүртэл "юм байна уу", "нэг сэргээгээд өгчих", "өнөө шөнө гоё байя л даа" гэж зөндөө бичиж байсан. Хар тамхийг зогсоох боломжгүй болсон байх вий гэдгээс л айж байна. 

Би нэг аймшигтай жишээ яръя. Нэг охин төрсөн аавдаа хар тамхи хэрэглүүлчихсэн. Аав, охин хоёр над дээр ирж хар тамхи гуйж байсан. Охин нь биеэ үнэлж мөнгө олдгийг аав нь мэддэг.

Хүмүүс иймэрхүү зүйлийг сонсоод итгэхгүй байх. Гэхдээ би нүдээр харсан зүйлээ л ярилаа. Хар тамхины сүлжээнд хэн хаанаас мөнгө өгч, нийлүүлж байгааг хэн ч мэдэхгүй. Үүнийг л цагдаагийн алба хаагчид олох хэрэгтэй. Миний мэдсэнээр бүс хариуцсан хүмүүс нь Оросоор чат бичиж хүмүүстээ үүрэг даалгавар өгдөг.

"Донтсон хүн яаж ажил хийж мөнгө олох билээ дээ. Дээрэм, луйвар, биеэ үнэлэлт, залилан, хулгай хийж л мөнгөтэй болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- "Өндөр цалинтай ажил хийлгэнэ" гэдэг зараар борлуулах, хэрэглүүлэх сүлжээгээ өргөжүүлдэг гэж та ярилаа. Өөр ямар замаар хэрэглэгчдийнхээ тоог нэмдэг вэ?

- Хамгийн итгэлтэй, ойр дотнын хүмүүсээр нь дамжуулж уруу татдаг. Хар тамхи хэрэглэх мөнгөгүй болоод эхлэхээр мөнгөтэй хүнийг уруу татна. Мөнгөтэй хүн хэрэглэдэг болоод эхэлбэл хамт татаж эхэлнэ. Шууд телеграммаас авдаг гэж хэлэхгүйгээр дундаас нь мөнгө унагдаг. Иймэрхүү байдлаар монголчууд дотроо нэгнээ залилж байна.

Сүүлийн үед манай улсад залилангийн гэмт хэрэг дэлгэрээд байгаа нь хар тамхитай холбоотой. Донтсон хүн яаж ажил хийж мөнгө олох билээ дээ. Дээрэм, луйвар, биеэ үнэлэлт, залилан, хулгай хийж л мөнгөтэй болно. 

Өөрийн гэсэн үзэл бодол тогтоогүй хүүхдүүдийг онилж хэрэглүүлдэг. Мэдлэг боловсролтой, төлөвшсөн хүнээс хэрэглээд үзэх үү гэвэл үгүй л гэнэ. Буруу зөвийг ялгахгүй хүүхдүүдийг уруу татдаг.

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхэд чинь утсаа авахгүй гадуур хонох, худал хэлж эхлэх, шалтгаангүй турж байвал шууд шалга. Гарын судас, утсыг нь шалгаж, хувцсыг нь нэгжиж үз. Ингээд шалгаад эхэлбэл хүүхэд маань надаас зайгаа барина гэж айхгүйгээр зоригтой байгаарай.

Таны хүүхэд нэг л удаа хар тамхи хэрэглэвэл эргээд гарна гэдэг хэцүү. Хар тамхинаас гарсны дараа нийгэмшинэ гэдэг хүнд даваа бий.

- Ярилцсанд баярлалаа.