ТАНИЛЦ: Монголбанкийг алдагдалд оруулсан хөтөлбөрүүд

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкнаас өнгөрсөн аравдугаар сард “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. 

Энэ жилийн мөнгөний бодлоготой хамт ирэх таван жилд Монголбанкны өөрийн хөрөнгийн 4.8 их наяд төгрөгийн дутагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх асуудал орж ирснээрээ онцлог.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Энэ удаагийн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл нь төв банкны балансыг сайжруулах арга хэмжээ биш. Улс орны макро эдийн засгийн тэнцвэрийг зөв хадгалахыг зорьж байгаа арга хэмжээ юм. 

2012 оноос эхэлсэн төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.7 их наяд төгрөг төв банкнаас гарсан. Цэвэр дүнгээр 5.4 их наяд төгрөг болж байгаа. Зарим хугацаанд мөчлөг дагасан экспортын орлого, эдийн засагт илүүдэл нөөц үүссэн дутагдлыг богино хугацаанд нөхөх зорилгоор төв банкны үнэт цаасаар татаж байгаа нь төв банкны төлөх хүүгийн зардлыг нэмэгдүүлж байна" гэх байр суурийг илэрхийлээд буй. 

Монголбанкны төсвийн шинжтэй хөтөлбөр арга хэмжээний хөндлөнгийн тусгай үнэлгээг 2018 онд хийж байсан. Тус тайланд дурдсанаар нийт 17 арга хэмжээг санхүүжүүлэхэд 7.2 их наяд төгрөгийг Монголбанкнаас гаргажээ. Дээрх хугацаанд төв банк төсвийн шинжтэй ямар арга хэмжээг санхүүжүүлж, алдагдалд орсон талаарх мэдээллийг хүргэж байна.

2018 он хүртэлх 17 хөтөлбөрийн ес нь Засгийн газар, УИХ-ын тогтоол эсвэл Сангийн яамны албан бичгээр, найм нь холбогдох яам Монголбанктай хамтарсан тушаалаар батлагджээ. Хамтарсан тушаалтай найман хөтөлбөр бүгд Засгийн газрын 104 тогтоол, Засгийн газар Монголбанкны санамж бичгээр эхлүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн аж.

Засгийн газрын долоон тогтоолоор 1.4 их наяд төгрөгийн, УИХ-ын нэг тогтоолоор 815 тэрбум төгрөгийн, Сангийн яамны нэг албан бичгээр 204.9 тэрбум төгрөгийн, яам болон Монголбанкны хамтарсан тушаалаар нийт 4.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг гаргасан байна. 

1. Үнэ тогтворжуулах хөтөлбөр

Энэ дунд Засгийн газраас гол нэрийн барааны үнийг тогтворжуулахаар 2012 оны аравдугаар сараас 2016 онд төв банкнаас 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд олгож байжээ.

Тухайлбал барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 384.2 тэрбум төгрөг, шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд 226.4 тэрбум төгрөгийг Төв банкнаас гаргасан байна. Мөн махны үнийг бууруулахаар 194.8 тэрбум төгрөгийг зарцуулж байв. 

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний нийлүүлэлтийн 27 хувийг Засгийн газраас санаачилсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилт эзэлж байсан аж.

2. Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөр

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар барилгын салбар болон орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор "Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг санаачилж байжээ.

Ингэхдээ Монголбанктай хамтран 2013-2014 онд 534.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна. 

3. Хадгаламжийн даатгалын корпорацад олгосон зээл

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол орон даяар 503 салбар, нэгжтэй тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны ашиглалтын төлбөр, тооцоо зэрэг олон  нийтэд үзүүлдэг төрийн санхүүгийн үйлчилгээний 50 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг байсан “Хадгаламж” банк 2013 оны долоодугаар сард дампуурсан. 

Энэ үед Сангийн сайдын шийдвэрээр Төрийн банктай нэгдэхэд өөрийн хөрөнгө болон эх үүсвэрийн хөрөнгөд үүссэн 120 тэрбум төгрөгийн зөрүүг нөхөх зорилгоор Төрийн банкны өөрийн хөрөнгийг 85 тэрбум төгрөгөөр нэмж байв. Энэхүү санхүүжилтэд зориулан Монголбанкнаас Хадгаламжийн даатгалын корпорацад 204.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос, 85 тэрбум төгрөг нь төлөгдөөгүй байна. 

4. Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах

2013-2016 онуудад дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ огцом унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсанаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсэж байв. Үүнтэй холбоотойгоор банкны салбарт зээлүүд чанаргүйдэх, санхүүгийн систем тогтворгүйжих эрсдэл нүүрлэсэн тул уг хөтөлбөрийг эхлүүлсэн. 

Ийнхүү банкны салбарт үүсэж буй зээлийн эрсдэл, санхүүгийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлж, эдийн засгийг сэргээх зорилготой гэх нэрийдлээр зургаан аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулж хөнгөлөлттэй зээл олгож,  Монголбанк тэдгээр компанийн гаргасан өрийн бичгийн эзэмшигч болсон аж.

Нийт зургаан аж ахуйн нэгжид 815 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тухайн цаг үед нэг компанид дунджаар 136 тэрбум төгрөгийн зээл олгож байжээ. 

5.  Ази, Европын дээд хэмжээний арваннэгдүгээр уулзалт /АСЕМ/

зураг
 

Монгол Улс 2006 онд Ази-Европын уулзалт (АСЕМ) байгууллагад гишүүнээр элссэн. 2016 оны долоодугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулсан. 

Тус уулзалтын санхүүжилт болох 233.4 тэрбум төгрөгийг төсөвт бус Монголбанкны тэнцэлд бичсэн аж. 

6. "Сайн" хөтөлбөрүүд

Монгол Улсад "Сайн" нэртэй хөтөлбөрүүд нь голчлон 2016 оны хавар Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдийн засаг, нийгмийн чиглэлийн цогц арга хэмжээнүүд байв. Тухайн оны наймдугаар сард буюу сонгуулийн дараа санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотойгоор эдгээр хөтөлбөрийн зарим хэсгийг өөрчлөх, зогсоох шийдвэрүүд гарч байсан.

Тус хөтөлбөрөөр дамжуулан жилийн ердөө нэг хувийн хүүтэй энэ хөрөнгө төв банкны тэнцэлд 15 жил хадгалагдаж байгаа аж. Энэ хугацаанд банк илүүдэл төгрөгийг төв банкны үнэт цаас татах замаар татахдаа үүнээс хамаагүй өндөр хүү төлж алдагдал нь хүлээсээр байгаа юм.

7. Эрдэнэс бонд

зураг
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. 

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор Салхитын мөнгөний ордыг түшиглэн “Эрдэнэс Монгол” ХХК-аас бонд гаргасан. Тус бондыг Монголбанк худалдан авах замаар шийдвэрлэсэн байдаг. 

Нийт 929.8 тэрбум төгрөгийн жилийн зургаан хувийн хүүтэй тус бондын хугацаа 2025 онд дууссан ч өнөөдрийг хүртэл эргэн төлөгдөөгүй байгаа аж. 

8. Эрдэнэс Таван толгой бонд

зураг
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 17-нд Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Засгийн газрын 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсан. Ингэхдээ уул уурхай, зам тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болж, "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн бондыг Монголбанк худалдан авснаар санхүүжилтийг гаргасан.

Засгийн газрын төлөвлөгөөний дагуу 311 тэрбум төгрөгийн 10 хувийн хүүтэй бондыг хоёр жилийн хугацаатай гаргаж байжээ. Бондын хугацаа 2022 онд дууссан. Цар тахлын үед төв банкнаас эдийн засагт нийлүүлсэн санхүүжилт 2020-2021 онд Төв банкны үнэт цаасны үлдэгдэл огцом өсөхөд нөлөөлсөн аж. 

9. Ипотекийн хөтөлбөр

2013 онд Засгийн газраас Монголбанктай хамтран төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн буюу ипотекийн зээлийг санаачилж байв. Ипотекийн зээл нь гэр хороололд амьдарч буй иргэдээ орон сууцжуулж илүү тав тухтай амьдруулах, гэр хорооллын тоог багасгаж агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах үндсэн зорилготой юм.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг 100 гаруй мянган өрх авсан байдаг. Жилд ойролцоогоор нэг их наяд төгрөгийн санхүүжилт гардаг бөгөөд 8-10 мянган өрхийн зээлийг шийддэг. 2025 оны байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 11.2 их наяд төгрөг болжээ. Үүний 8.2 их наяд төгрөгийг Монголбанкны эх үүсвэрээр, 1.6 их наяд төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр, 1.4 их наяд төгрөгийг Засгийн газар болон хуримтлалын сангийн эх үүсвэрээр гаргасан.

Үүний 10 их наяд төгрөг нь Улаанбаатар хотод орон сууц авсан зээлдэгчдийнх, 2.4 их наяд төгрөг нь орон нутагт олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл юм. Мөн 2013 оноос хойш нийт 137 мянган иргэнд ипотекийн зээл олгосны 101,191 нь Улаанбаатар хотод, 36,300 нь орон нутагт хөнгөлөлттэй хүүгээр зээл аваад байгаа юм. 

Төв банкны эх үүсвэрийг төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд ашиглах нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлдөг. Мөн бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгосон хөрөнгөөс олох орлого нь зах зээлд нийлүүлэгдсэн илүүдэл төгрөгийг татахад төлж буй хүүгийн зардлыг нөхөж чадахгүй тохиолдолд Монголбанкны алдагдал нэмэгдэнэ.

Харин эргэн төлөлт удаашрах, зээл болон бондын эргэн төлөлтөд эрсдэл үүсэх нь санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлэх учраас энэ асуудлыг дан ганц Монголбанкных гэж харах бус улс орны түвшинд анхаарах ёстой.