Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орж, янжуур болон электрон тамхи ижил зохицуулалтад орлоо
Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурал(УИХ)-аар эцэслэн баталлаа.
Хуулийн төслийг УИХ-ын 78 гишүүн өргөн барьж байв.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг "126 гишүүнтэй ардчилсан Монгол Улсын парламентад хуулийг олон талаас нь ширүүн мэтгэлцээнтэйгээр хэлэлцэж болдгийн нэгэн жишээ нь энэ хууль байлаа. УИХ багийн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрээрээ бид 13 жил шинэчлэгдэж чадахгүй байсан тамхины хяналтын тухай хуульд ахиц гаргаж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхмыг хийсэндээ баяртай байна.
Үзэл санаанд нэгдэж, хамтдаа байж, багаар ажилласан, өнөөдөр эцэслэн батлах санал хураалтад оролцон саналаа өгсөн УИХ-ын гишүүддээ талархлаа илэрхийлье. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль үр дүнгээ өгч, хэрэгжилт нь сайн байж, 2030-2031 онд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө хэрэгжилтэд нь анхаарч ажиллана" гэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Янжуур тамхи болон цахилгаан тамхи буюу вэйп нь адилхан хортой тул адил татвар авна, адилхан зохицуулалтад орж байна. Мөн аль нь ч бай жимсний амт, гаа, үнэр бүгд хориглогдсон. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс амттай үнэртэй, гоё харагдсан, жимсний амттай аливаа тамхийг Монгол Улсад хэрэглэж болохгүй. Харин хамрын тамхи буюу уламжлалт монгол тамхинд ямар ч нөлөөлөл байхгүй. Ямар нэг хориг саад байхгүйг онцлон хэлье" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Санаачилсан хууль маань хоёр жилийн дараа батлагдаж байгаад талархалтай байна. О.Номинчимэг гишүүн маань ажлын хэсгийг ахалж, бид олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг олон улсын байгууллагуудтай хамтран хийлээ. Хамгийн чухал үр дүн бол өсвөр насныхан хойч үеийнхээ эрүүл мэндийн асуудалд анхаарч, хорт зуршлаас урьдчилан сэргийлж чадах болсондоо баяртай байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




