Эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл энэ долоо хоногт Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна.
Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ нэмэгдэж Монгол Улсын хүн амын тамхины хэрэглээ 28 хувьд хүрээд байгаа аж. Дэлхийн 111 улс орон электрон тамхийг хуулиар зохицуулсан байдаг. Өндөр хөгжилтэй улс орнууд хуульчилж эхэлснээс болж энэ тамхины зах зээл манайх шиг хөгжиж байгаа, энэ талын зохицуулалт байхгүй улс орнууд руу шилжиж байна. Иймд хууль эрхзүйн орчноо тодорхой болгох хэрэгцээ их байна гэдгийг онцлов.
Түүнчлэн ДЭМБ-ын зөвлөмж болон олон төрлийн судалгаагаар электрон тамхи нь тамхинаас гаргадаг хэрэгсэл биш эсрэгээрээ залуучуудыг ирээдүйд тамхи татах эрсдэлийг нь нэмэгдүүлдэг. Цаашлаад сэтгэцэд нөлөөт бодисын донтолтод өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэв.
НЭМҮТ-ийн дарга Л.Баттөр "Тамхи татсанаар зөвхөн никотины нөлөөгөөр хордохгүй. Халууны нөлөөгөөр тамхинд байгаа нэгдлүүдээс болж эрүүл мэндэд хор хөнөөл учирдаг. Бүхий л төрлийн тамхи нь формальдегид, бензол зэрэг хавдар үүсгэгч химийн нэгдлүүдийг агуулж байдаг.
Электрон тамхийг өдөрт сорж байгаа соролтын хэмжээ маш их. Бага хортой гэж бодож байвал тэр хороо олон дахин сорж байгаагаа ойлгох хэрэгтэй. Түүнчлэн электрон болон янжуур тамхи татаж байгаа хүмүүс бусад донтуулагч бодист донтох боломжтой гэх судалгаа бий.
Тамхинд амт, үнэр оруулж халхалдаг нь эмэгтэйчүүд болон өсвөр насныхан татах боломжийг бүрдүүлж байна. Амт үнэрийн асуудал тамхи үйлдвэрлэгч нарын ирээдүйн худалдан авагчаа бэлдэж буй халхавч юм. Түүнчлэн янз бүрийн донтуулагчийг хэрэглүүлэх аргаа туршиж байна. Тус туршилтад орж байгаагаа ойлгох хэрэгтэй байна" гэв.
Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуулийг залуучуудынхаа ирээдүйг хамгаалсан хууль болон батлагдана гэдэгт итгэж байна гэдгийг онцлов.
Орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул "Халаадаг тамхинуудыг хуульчилж дотоод орчинд татахыг хориглох хэрэгтэй. Гадаах агаарын бохирдол өндөр байхад дотоод орчинд агаарын бохирдол үүсгээд байвал эрүүл мэндэд илүү хортой. Янжуур тамхи татаж байгаа хүн утааныхаа 80 хувийг өөрийнхөө уушиг руу, 20 хувийг нь гадагшаа цацдаг.
Электрон тамхи татаж байгаа хүн 30 хувийг нь өөрийн уушиг руу, 70 хувийг нь агаар руу цацдаг. Электрон тамхи нь агаар руу шингэний дуслуудыг гаргадаг учир агаар дуслын замаар өвчин халдах нөхцөлийг бүрдүүлдэг.
Мөн хүчтэй үлээж татдаг тул амнаас гарсан химийн бодистой шүлс илүү хол цацардаг. Нүдэнд харагдахгүй ч агаар дээр үлдсэн дуслуудаар өөр хүмүүс хордож байдаг тул дотоод орчинд тамхи татахыг хориглох нь зөв юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!