Улсын Их Хурал(УИХ) дахь Монгол Ардын Нам(МАН)-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
Уг хурлаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Дэгийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Үндсэн хуульд зааснаар УИХ хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоох эрхтэй байдаг. Иймд парламент нээлттэй, санал хураалт ард иргэдэд ойлгомжтой байх үүднээс Дэгийн тухай хуулийн гурван заалтад өөрчлөлт оруулахаар өргөн барьсан.
Нэгдүгээрт Засгийн газрын огцруулах саналтай холбоотой асуудлаар Дэгийн тухай хуулийн заалтыг Үндсэн хуулийн заалттай нийцүүлэх, мөн хэлэлцүүлгийн горим, санал хураах зарчмыг илүү ойлгомжтой болгох ёстой гэж үзсэн.
Хоёрдугаарт Засгийн газрын гишүүн томилох, чөлөөлөх, огцруулах талаар УИХ-д танилцуулах хугацааг тодорхой болголоо.
Гуравдугаарт Байнгын хорооноос гарсан саналыг УИХ дээр хэлэлцэх үедээ "дэмжээгүй саналыг дэмжинэ", "дэмжээгүй саналыг дэмжихгүй" гэдэг ойлгомжгүй нөхцөл байдал байгааг өөрчилнө" хэмээв.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Есдүгээр сард Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 78 гишүүн өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр байна. Хуулийн үндсэн зорилго нь ирээдүй хойч үеэ тамхины хор хөнөөлөөс хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн ямар нэг хуулийн зохицуулалтгүй байгаа. Монгол Улсын хүүхэд залуусын тамхидалт жилээс жилд ихсэж байна. 13-17 насны хүүхдүүдийн 20 хувь янжуур тамхи амандаа зууж, 25 хувь нь вэйп тамхийг сордог болсон байна. Бид ирээдүй хойч үеэ тамхинаас ангижирсан, нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан, эрүүл монгол хүүхэд өсгөе гэвэл одоо л хойч үеэ бодсон хожимдоогүй шийдвэр гаргах ёстой.
Цөөн хүн амтай Монгол Улсын хувьд тамхины шалтгаалсан нас баралт жил тутам 4,300 орчим байна. 1-2 сумын хүн амтай тэнцэх иргэдээ тамхинаас шалтгаалж алдаж байна.
Энэ хуулийн гол зохицуулалтад шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн орно. Тамхины хэрэглээг бууруулах зорилгоор татварын асуудлыг хөндөнө. Гэхдээ 2030 он хүртэл үе шаттайгаар аажим нэмнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!