Индэр    
1 цаг 53 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

УИХ-ын 126 гишүүний сорилт ба ТАМХИНЫ ХУУЛЬ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын хаврын чуулганаар хэлэлцэх олны анхаарал татаж буй хуулийн төслүүдийн нэг нь нэр бүхий 78 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 

Одоо мөрдөгдөж буй хууль 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй бөгөөд тухайн үеийн шинэчлэлээр дотоод орчин, олон нийтийн газар утаат тамхи татахгүй байх, ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд тамхи зарахыг хориглож байв. Энэ нь үүргээ сайтар гүйцэтгэсэн боловч өдгөө тамхин бүтээгдэхүүний нэр төрөл өөрчлөгдөж, хэрэглээ хавтгайрах эрсдэлтэй болж байгаа учраас дахин шинэчлэх нийгмийн шаардлага хэдийн үүссэнийг харин ч оройтож өргөн мэдүүлж байгаа хэмээн эцэг эхчүүд үзэж байна.

Хэрэглээ хавтгайрах эрсдэлтэй боллоо гэсний учир нь Монгол Улс тамхины хэрэглээгээрээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд долдугаарт бичигдсэн. Нийт хэрэглээ 2022 оны байдлаар 28.4 хувьд хүрсэн нь сүүлийн 20 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн 2023 оны судалгаагаар манай улсын 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи, эдгээр насны таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи татаж байгаа нь огцом өсөлт төдийгүй жилд 4,300 орчим хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор амь насаа алдаж байгаа судалгааг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээлээд байна.

Түүнчлэн Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-ын мэдээлснээр 2020-2024 онд Монгол Улсын импортолсон янжуур тамхи 2.9 тэрбум ширхгээс 3.5 тэрбум буюу 20 хувиар, электрон тамхи 47 мянган ширхгээс 8.2 сая ширхэг буюу 174 дахин өсжээ.

Эдгээр тооноос янжуур тамхинаас гаргадаг гэж анх сурталчлагдаж байсан электрон тамхи нь үнэн хэрэгтээ өөрөө донтуулах үйлчилгээтэй, залуусын хувьд нэг төрлийн догь харагдах хэрэгсэл мэт ойлгогдож, газар авсаар байгааг харж болохоор байна. Хамгийн харамсалтай нь тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хэрэглэх нас улам залуужиж, бага ангийнхан ч сонирхож эхэлснийг сургуулийн багш, нийгмийн ажилтнууд ярьсаар байгааг тоохгүй өнгөрөөж яавч болохгүй. ... дугаар сургуулийн нийгмийн ажилтан бүсгүй нэгэн хэвлэлийн хуралд оролцох үеэрээ тавдугаар ангийн хүүхэд найзууддаа сонирхуулах гэж байгаа гээд электрон тамхи бариад явж байсан тухай ярьж байв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын судалгаагаар электрон тамхи нь өсвөр насныхны тархины хөгжлийг сааруулж, сэтгэл түгших, суралцахад бэрхшээлтэй болгох эрсдэл нэмэгдүүлдэг байна.

Иймээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал энэ парламентын томоохон даалгавар болж буй. Хэдийгээр УИХ-аар хэлэлцэхээр дэмжигдсэн нь эхний шатаа давсан гэж үзэж болох ч хэлэлцүүлгийн явцад хэр их өөрчлөгдөх вэ гэдэгт олон нийт анхаарах ёстой.

Одоогоор гол өөрчлөлт нь электрон, халаадаг, янжуур гэх мэтчилэн бүх төрлийн тамхийг ижил зохицуулж

  • шинэ төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулж, хяналт тавих буюу насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдан борлуулах, дотор орчинд татахыг хориглоно
  • бүх төрлийн тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлж, татварын 50 хувийг нь эрүүл мэнд, спорт зэрэг хүүхдийн хөгжилд зарцуулна
  • янжуур болон электрон тамхины хүүхэд, өсвөр үеийн хэрэглээг нэмэгдүүлж буй амт, үнэрийг хориглоно
  • бүх төрлийн тамхийг ил байршуулж худалдаалах, олон нийтийн гудамжинд алхангаа тамхи татахыг хориглох зэрэг цаг үеийн шаардлага бүхий зохицуулалтуудыг оруулсныг хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдэгдсэн.

Мөн тэрбээр УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаанд хуулийн төслийг танилцуулах үеэрээ "Tobacco Control"-ын 2025 оны тавдугаар сарын байдлаарх судалгаагаар 82 улс электрон тамхины зохицуулалтыг хийсэн. Үүнээс гадна 46 улс бүрмөсөн хориглосон. Ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт Сингапур, Шри Ланк, Турк, Энэтхэг, Тайланд, Вьетнам зэрэг улс бүрэн хориглох арга хэмжээг авсан. Япон улсад никотин агуулсан электрон тамхийг хориглосон бол Европын орнууд хуулийн зохицуулалтаар тэр дундаа 43 улс никотины агууламжаар нь стандарт тогтоосон байна. Үүний зэрэгцээ БНХАУ, Австрали, Канад, Унгар, Дани, Герман, Саудын Араб, Америкийн Нэгдсэн Улс зэрэг 20 улс үнэр амтыг хориглож, тодорхой үр дүнд хүрснийг дээрх тайланд дурдсан гэдгийг хэлж байв.

Австралийн Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан тайланд хэдий бага насандаа электрон тамхи татна төдий чинээ янжуур тамхи, бусад төрлийн мансууруулах, донтуулах төрлийн бодист орох магадлал нь гурав дахин нэмэгддэг тухай судалгаа байдгийг ДЭМБ-ын мэргэжилтэн С.Болормаа өнгөрсөн онд Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ дурдаж байв. Иймээс тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахад эдийн засгийн хөшүүрэг шаардлагатайг ажлын хэсгийнхэн тодотгосон. 

Манай улсад нэг хайрцаг янжуур тамхины үнэ дунджаар 3,850 төгрөг. Үүний 40 орчим хувь нь татвар эзэлж байгаа нь дэлхийн хамгийн хямд тамхитай улсын жагсаалтад багтах үзүүлэлт юм. ДЭМБ-ын судалгаагаар тамхины үнийг 10 хувиар нэмэгдүүлэхэд хэрэглээ 4 хувь, хөгжиж буй орнуудад 5-7 хувь буурдаг бөгөөд ялангуяа өсвөр насныхан илүү амархан татгалздаг.

Тамхины үнэ хэрхэн өсөх вэ?

  • 2026 онд 12-17 хувь,
  • 2027 онд 30-40 хувь
  • 2028 онд 20-30 хувь
  • 2029 онд 15-22 хувь
  • 2030 онд 15-18 хувь нэмэгдэх тооцоололтой байгаа.
2025 онд импортын янжуур тамхины дундаж үнэ 3,742 төгрөг байгаа бол 2026 онд 4,366 төгрөг болж нэмэгдэнэ. 2027 онд 7,082 төгрөг, 2028 онд 9,815 төгрөг, 2029 онд 12,567 төгрөг, 2030 онд 15,339 төгрөг болж нэмэгдэх юм.

Хаврын улс төр халж, чуулганы ирц бүрдэж чадахгүй байгаа ч хэзээ нэг өдөр гишүүд нэг талдаа гарч, сайд нараа томилж, амьдрал цааш үргэлжилнэ. Иймд ирээдүй үеийнхээ эрүүл мэнд, амьдралын зөв хэвшилд оруулах асуудалд гишүүд хэр ач холбогдол өгч анхаарахыг олон нийт ажиглаж, шахаж шаардах нь чухал байна. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар олон жил яригдаад, бизнесийн ашиг сонирхлуудын нөлөөгөөр аяндаа намждаг байсан бол энэ удаад олон нийт анхаарч, нийгэмд хэд хэдэн удаа хүчтэй хэлэлцүүлэг өрнөсөөр байгаа.

Манай улс тамхины хяналт, зохицуулалтаа хийж чадахгүй байх хооронд тамхидалт газар авч байгаагаас гадна сэтгэл түгшээсэн нэг мэдээлэл бол электрон тамхи өөрөө мансууруулах донтуулах бодис тээгч болж буй тухай юм. Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын мэдээлснээр 2022-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг электрон тамхи, түүний шингэний сав ашиглан нуун далдалсан 19 гэмт хэрэг бүртгэгдсэний гурав нь улсын хилээр нэвтрүүлэх замаар үйлдэгджээ. Өөрөөр хэлбэл, та бидний үр хүүхдүүд электрон тамхиар дамжуулж никотин болон бусад химийн бодист хордож, донтолттой болохоос гадна хар тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байхыг үгүйсгэхээргүй боллоо. Ирээдүй үеийнхээ эрүүл мэндэд анхаарах чухал цаг үед УИХ-ын 126 энэ хуулиа цаг алдалгүй баталж авах нь иргэд, эцэг эхчүүдийн хувьд хүлээлт, гишүүдийн хувьд сорилт болж байна.