Индэр    
Өчигдөр 10 цаг 23 минут
Зураг
iKon.mn сэтгүүлч

Төрөлтийг дэмжихэд хүүхдийн мөнгө, "Алдарт эх" одонгоос гадна БОДИТ АЛХАМ хэрэгтэй байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд Эх үрсийн баярыг угтан "Алдарт эх"-ийн одонг хүндэтгэлтэйгээр олгож, нийслэл хотын төв талбай хайр энэрлээр бялхаж байна.

2026 онд улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж буй. Улсыг ирээдүйд авч явах иргэдийг нь төрүүлж өсгөх хамгийн онцгой чухал үүргийг гүйцэтгэж байгаа ээжүүдэд Монголын төр талархлаа илэрхийлж, тэднийг алдаршуулах энэхүү одонг 1960-аад оны үеэс олгож эхэлсэн түүхтэй.

Тодруулбал Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд буюу 1961–1965 онд хүн амын өсөлтийг дэмжих албан ёсны бодлого, арга хэмжээнүүдийг анх удаа системтэйгээр хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд хүүхэдтэй өрх, шинээр гэрлэсэн хосуудад мөнгөн тэтгэмж олгох, “Алдарт эх” I, II одонгоор шагнах, дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдэд нэмэлт мөнгөн дэмжлэг үзүүлэх, 50 наснаас тэтгэвэр тогтоох, гэрлээгүй болон хүүхэдгүй өрхөд тусгай татвар ногдуулах, ажил эрхэлж буй эхчүүдийн эрхийг хамгаалсан хөдөлмөрийн хууль батлах зэрэг арга хэмжээнүүд багтдаг байсныг 2026 онд танилцуулагдсан Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого судалгаанд өгүүлсэн нь бий.

Эдгээр бодлогын үр дүнд 1960-аад оны эхээр Монгол Улсад нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо 7-8 болж, түүхэн дээд түвшиндээ хүрч байсан аж. 

зураг
 
Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого, 2026 он

"Алдарт эх" одонг ерөнхийдөө 1980-аад оныг дуустал өөрийнхөө үүргийг биелүүлж, төрөлтийг дэмжих нэгэн хэрэгсэл байсныг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Гэвч өнөө цагт төрөлтийг дэмжихэд одон олгохоос гадна бодит дэмжлэгүүд шаардлагатай байгаа юм.

Өмнө нь уншигч та бүхэнд Монгол Улсад төрөлт буурч буй учир шалтгааныг шинжилсэн судалгааны үр дүнгийн талаар танилцуулсан бол энэ удаад Монгол Улсын төрөлтийг дэмжих бодлогын арга хэрэгслүүд болон Төв Азийн улс орнууд энэ чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хүргэхийг зорилоо. 

Төрөлт хэзээнээс буурав?

Монгол Улсад 1970-аад оны дунд үеэс төрөлт буурч эхэлсэн нь Засгийн газраас төрөлт гэр бүлийг дэмжих бодлогоо өөрчилсөн үетэй давхцаж байгааг мэргэжилтнүүд тодотгож байна. Хэдийгээр төрөлтийг дэмжих, хүн амаа өсгөх бодлогоо үргэлжлүүлсэн хэвээр байсан ч жирэмснээс хамгаалах суулгацыг зөвшөөрсөн нь бодлогын томоохон өөрчлөлт байсныг дээрх судалгаанд онцолжээ.

Улмаар 1985 онд тав ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл нөхөр нь хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл нөхөргүй гурваас дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдэд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ үр хөндөлт, жирэмслэлтээс хамгаалах эмийг худалдах, хэрэглэх, импортлоход тавьж байсан бүх хоригийг цуцалсан нь төрөлтийн түвшинд бодит нөлөө үзүүлжээ. Үр дүнд нь 1960–1970-аад онд нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо 7-8 байсан бол 1989 он гэхэд 4.6 болж буурав. Мөн Монгол Улс 1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа, ялангуяа 1992 оноос жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл чөлөөтэй нэвтэрч эхэлсэн нь төрөлтийн түвшинд хүчтэй нөлөөлсөн байна.

График, Монгол Улсын төрөлтийн коэффицент, 1963-2024 он

Төрөлт буурах нь хүн ам зүйн шилжилтийн онолын дагуух жам ёсны үзэгдэл байдаг ч гэлээ сүүлийн жилүүдэд залуусын үнэт зүйлс, амьдралыг үзэх үзэл, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлстэй яалт ч үгүй холбогддог.

Хүн ам зүйн шилжилтийн нэгдүгээр үе шатанд төрөлт, нас баралт хоёул өндөр түвшинд байдаг тул хүн амын ердийн өсөлт маш бага буюу бараг ажиглагддаггүй. Хоёрдугаар үе шатанд нас баралт буурч, төрөлт өндөр хэвээр хадгалагдсанаар хүн амын өсөлт эрчимжиж, ердийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хүрнэ. Гуравдугаар үе шатанд төрөлт буурснаар ердийн өсөлт саарч, хүн амын өсөлт удааширч эхэлдэг. Харин дөрөвдүгээр үе шатанд төрөлт, нас баралт хоёул доогуур түвшинд тогтож, хүн амын ердийн өсөлт дахин маш бага буюу бараг тэгтэй тэнцэх хэмжээнд хүрдэг. Энэ бол улс орон бүрийн туулдаг үе шатууд аж.

Төрөлтийн түвшний өөрчлөлтийг дэлхийн бүс нутгаар авч үзвэл, 2023 оны байдлаар төрөлтийн нийлбэр коэффицент(ТНК) 1.5–4.4-ийн хооронд хэлбэлзэж байна. Хамгийн өндөр төрөлтийн түвшин Африкийн бүс нутагт ажиглагдаж байгаа бол Европ, Австрали/Шинэ Зеланд, Хойд Америкийн орнуудад 2000 оноос эхлэн төрөлт хүн амын нөхөн үржихүйн эргэн нөхөгдөх түвшнээс доош орж, тогтвортой буурсан. Харин Ази болон Латин Америкийн ихэнх орнуудад төрөлт харьцангуй дундаж түвшинд буюу нэг эмэгтэйн төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.5-3 орчимд байна.

Түүнчлэн төрөлтийн талаар шинжлэхэд өөр нэг чухал аргачлал нь Kitagawa. Энэ талаар Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого судалгаанд "Kitagawa аргын шинжилгээний үр дүнгээс үзэхэд Монгол Улсын төрөлтийн өөрчлөлтийг тайлбарлах гол хүчин зүйл нь насны бүтэц бус, харин эмэгтэйчүүдийн төрөлтийн зан төлөвийн өөрчлөлт болох нь тодорхой харагдаж байна. Энэ нь бодлого боловсруулагчид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоонд анхаарал төвлөрүүлэхээс илүүтэйгээр эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх хүсэл, боломж, бодит нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна" гэжээ. 

Мөн "2013–2021 оны хугацаанд төрөлтийн оргил нас 25–29 нас руу хойшилсон нь эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших хугацаа уртсаж, хөдөлмөр эрхлэлтийн идэвх нэмэгдэх, гэрлэлтийн нас хойшлох, мөн улс орны эдийн засгийн тогтворжилт сайжрах зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй шилжилтийг илэрхийлж байна.

Сүүлийн жилүүдэд, тухайлбал 2022–2023 онд төрөлтийн оргил 30–34 насанд шилжсэн нь COVID-19 цар тахал, нийгэм, эдийн засгийн тодорхойгүй байдал, орон сууцны хомсдол зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх шийдвэрээ хойшлуулсантай холбоотойгоор тайлбарлагдана. Харин 2024 онд төрөлтийн оргил дахин 25–29 насны бүлэгт төвлөрсөн нь хожуу төрөлтийн давлагаа түр зуур саарч, эдийн засгийн тодорхой байдал нэмэгдэхийн хэрээр хүүхэд төрүүлэх шийдвэр харьцангуй эрт хэв шинж рүү шилжиж буйг илтгэж байна.

Ийнхүү төрөлтийн оргил нас жилээс жилд өөрчлөгдөн шилжиж буй нь Монгол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх шийдвэрийнхээ цаг хугацааг уян хатан байдлаар хойшлуулах, зарим үед наашлуулах зохицуулалт идэвхтэй явагдсаныг баталж байна. Энэ нь төрөх насыг хойшлуулах чиглэлийн темпо өөрчлөлт Монгол Улсад давамгайлж байгааг тодорхой нотолж байна" гэж дээр дурдсан судалгаанд өгүүлжээ. 

Төв Азийн орнуудын төрөлтийг хэрхэн дэмждэг вэ?

Сүүлийн жилүүдэд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй. Учир нь газар нутгийн байршил, хөгжлийн түвшин гээд ойролцоо зүйл их бий. Иймд дээрх судалгаанд Төв Азийн орнууд болох Казахстан, Тажикистан, Узбекистан зэрэг улс төрөлтийг дэмжихэд ямар арга хэмжээг авч буй талаар өгүүлжээ. 

Тухайлбал Дэлхийн банкны 2024 онд хийсэн судалгаагаар Казахстан улсад төрөлтийн нийлбэр коэффицент 3 байв.

Тус улсын бодлогын арга хэрэгслүүд нь

  • “Многодетная семья” буюу олон хүүхэдтэй өрхөд зориулсан мөнгөн тэтгэмжийн систем (хүүхдийн тооноос хамаарсан шатлалтай)
  • Төрөх үед нэг удаагийн тэтгэмж, хүүхдийн асаргааны сар бүрийн тэтгэмж
  • Орон сууцны хөнгөлөлттэй зээл, ипотекийн хөтөлбөр – олон хүүхэдтэй гэр бүлийг зорилтот бүлэгт оруулдаг.
  • Эцэг эхийн чөлөө, ажлын байрны хамгаалалт сайжирч байгаа зэрэг юм.

Хэдийгээр Казахстан улс нийгмийн хамгааллын тогтолцоог төрөлттэй уялдуулж шатлалтай тэтгэмж олгож, хүүхэд асаргааны дэмжлэгийг орон нутгийн түвшинд хүртээмжтэй болгохоор оролдож буй ч эмэгтэйчүүдийн "Ажил-Амьдрал"-ын тэнцвэрийг хангах бодлого сул байгаагаас төрөлтөд урт хугацааны эерэг үр дүн бага байгаа аж. 

Төв Азийн бусад улсын төрөлтийг дэмжих арга хэрэгслийг товч хүргэе.

Туркменистан:

  • Нэг удаагийн мөнгөн тэтгэмж төрөх бүрд олгодог (төрөх эмнэлэгт төрсөн тохиолдолд илүү урамшуулдаг)
  • Үнэгүй эсвэл хөнгөлөлттэй үйлчилгээ – хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, спортын сургалт
  • Олон хүүхэдтэй эхчүүдэд “Эхийн баатар” цол, урамшуулал олгодог уламжлал хадгалагдсан.

Тажикистан:

  • “Балалы Үй-Бүлө” хөтөлбөр – хүүхдийн тооноос хамаарсан сар бүрийн тэтгэмж
  • Эхийн тэтгэмж: анхны хүүхдээс эхлэн төрөх бүрд нэг удаагийн мөнгөн тэтгэмж
  • Хөдөө орон нутагт залуу гэр бүлд зориулсан газрын дэмжлэг болон бага хүүтэй зээл.

Узбекистан:

  • “Mehribon Ona” (Энэрэнгүй эх) зэрэг хөтөлбөрөөр олон хүүхэдтэй эхчүүдэд онцгой урамшуулал олгодог.
  • Хүүхдийн асаргааны мөнгөн тэтгэмж, СӨБ-ын дэмжлэг.
  • Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг өргөжүүлэхэд анхаарч байна.

Тэгвэл Монголд...

2022 онд гэр бүл судлаач, доктор Б.Оюун-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа "Монгол Улс хүн ам зүйн талаар баримталж буй бодлогоо тодорхой болгох ёстой. Одоо бол Эхийн алдар одон гардуулах, хүүхдийн мөнгө өгөх гэх зэрэг нь төрөлтийг дэмжээд байгаа мэт боловч, нөгөө талаас нь харвал эдгээр нь бодит дэмжлэг болж чадахгүй байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжийн хөдөлмөрийг үнэлдэггүй. Сар бүр 50,000 төгрөг өгдөг нь бодит дэмжлэг биш. Өнөөгийн нийгэм эх, хүүхдэд хамгийн ээлгүй тогтолцоог бий болгосон" гэж шүүмжилж байв. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа ч байдал дээрдээгүй хэвээр. 

Хоёр хүүхэдтэй ээжээс дахин хүүхэд төрүүлэх бодол бий эсэхийг нь асуухад "Уг нь төрөх бодол бий. Гэхдээ хүүхэд төрүүллээ гэхэд төрөхийн өмнөх болон дараах хоёр сарын декритний мөнгө, сар бүр 50,000 төгрөг гэхээр амьдралын өртөг өндөр ийм үед бэрх санагддаг. Ажилдаа эрт оръё гэвэл хүүхэд харах хүн яах билээ, ажлын цагаа уян байдлаар зохицуулъя гэвэл удирдлагууд зөвшөөрөх болов уу гээд бодох юм их. Иймээс төрөх хугацаагаа түр хойшлуулдаг" гэв.

2026 онд хийгдсэн Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого судалгааны тайланд "Монгол Улсын туршлагаас харахад мөнгөн тэтгэмж нэмэртэй боловч дангаараа төрөлтийг урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэхэд хангалтгүй болох нь тодорхой болсон. Хүүхдийн мөнгө олгосоор байсан ч 2015 оноос хойш төрөлтийн түвшин дахин буурч эхэлсэн нь хотжилт, орон сууцны хүртээмж, амьдралын өртөг, ажил–амьдралын тэнцвэргүй байдал зэрэг бүтцийн хүчин зүйлсийн нөлөө давамгай байгааг илтгэнэ. Мөн аавын оролцоог дэмжих бодлого сул, уян хатан ажил, эцэг эхийн хамтарсан чөлөө хангалтгүй байгаа нь эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлэхтэй холбоотой ачааллыг дангаар үүрүүлэх нөхцөл үүсгэж байна.

Түүнчлэн ясли, цэцэрлэгийн хүртээмж, чанар хот суурин газарт хангалтгүй хэвээр байгаа нь залуу гэр бүлүүд хоёр дахь, гурав дахь хүүхэдтэй болох шийдвэрээ хойшлуулахад хүргэж байна. Эцэст нь, Монгол Улсын төрөлтийн бодлого нь ихэвчлэн халамж төвтэй хэвээр байгаа бөгөөд төрөлт–асаргаа–боловсрол–орон сууц–хөдөлмөрийг уялдуулсан амьдралын мөчлөгт суурилсан цогц бодлого цаашид зайлшгүй шаардлагатай байна" гэжээ. 

25 настай залуу хос "Хүүхэдтэй болъё гэж боддог ч одоогоор өөрсдийн гэсэн орон сууцтай болоогүй байгаа. Орон сууц бол амьдралын чухал хэрэгцээ шүү дээ. Гэтэл урьдчилгаа мөнгө цуглуулах, ипотекийн зээлд хамрагдах бараг л боломжгүй болчихсон юм байна. Оочер дараалал нь маш урт. Бид бүртгүүлээд хэдэн жил хүлээнэ. Хүүхэд өсгөх таатай орчныг бүрдүүлснийхээ дараа л хүүхэдтэй болно гэж шийдсэн" гэж ярьж байна.



Томоохон судалгааны дүгнэлт, мэргэжлийн судлаачдын үгээс дахин онцлоход Монгол Улс хүн ам зүйн бодлогоо чамбайруулж, төрөлтийг дэмжихэд бодитой, тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал аавуудыг үүрэгжүүлэхэд анхаарч, цалинтай чөлөө олгох хугацааг уртасгах, хүүхэдтэй болохоор төлөвлөж буй залуу гэр бүлийг орон сууцны бодлогоор дэмжих, ам бүлийн тооноос хамаарсан татварын бодлогыг хэрэгжүүлэх нь алсдаа хамгийн үр дүнтэй алхмууд гэдгийг судлаачид хэлж байна. Ялангуяа сүүлийн 30 гаруй жилд хамгийн олон төрөлттэй байсан үе буюу 2005-2014 оныхон нөхөн үржихүйн насан дээрээ ирж эхэлж буй энэ үед тэдэнд чиглэсэн бодлого ч чухал шаардлагатай байгаа юм. 

Гэрлэх, хүүхэдтэй болох гэдэг нь зөвхөн тухайн гэр бүл төдийгүй нийгэм, улс үндэстний ирээдүйн асуудал юм. Энэ тухай доктор, профессор Ц.Болормаа "Төрөлт буурах нь хүн амын насны бүтцэд насжих гэдэг үзэгдэлд хүргэдэг. Настай нийгэмтэй болбол хөдөлмөрийн зах зээлд хэн ажиллаж баялаг бүтээх вэ, хэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ийг нэмэгдүүлэх, үндэсний орлогыг өсгөх вэ гэдэг асуудал яригдана. Тиймээс л төрөлт, хүн амын өсөлтдөө анхаарахгүй бол манайх шиг цөөн тооны хүн амтай, эдийн засаг эмзэг орны хувьд насжилт нэгэнт явагдвал эдийн засаг улам ганхаж, тогтвортой өсөлт ярих боломж улам хязгаарлагдана. Иймээс төрөлтийг дэмжээч гээд байгаа юм" гэж байв. 

Төгсгөлд нь тэмдэглэхэд, Монгол Улс гэр бүлээ яг бодит утгаар нь дэмжих бодлогыг маш тодорхойгоор гаргаж, хэрэгжүүлмээр байна. Орлогод нийцсэн орон сууц гэж хэдэн жил ярилаа, шийдсэнгүй. Татварын бодлогоор дэмжих талаар мөн л нэлээд ярив, шийдсэнгүй. Арга замыг нь мэргэжлийн судлаачид бэлэн хэлж өгсөөр байтал төрийн шийдвэр гарахгүй, албан тушаалаа нэгэндээ дамжуулсаар, тэр хэрээр ажил хойшилсоор.