Үндэстний онцлог, соёлын дархлаа болон орчин үеийн монголчууд гэж хэн бэ зэрэг өргөн сэдвээр ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатан судлал, соёлын биет бус өвийн төвийн эрхлэгч Н.Маралмаатай ярилцлаа.
Тэрбээр цэцэрлэг, бага боловсролын шатанд байхаас нь хүүхдүүдийг монгол ахуй соёлтой нь ойртуулж танилцуулснаар монгол сэтгэлгээ, үндэсний дархлаа бэхжихийг онцолсон юм.
- Монголчуудын мөн чанар, зан байдал ихээхэн өөрчлөгдөж байна гэж ярих болжээ. Хэрэв аливаа улс үндэстний зан чанар нь аж төрж буй хэв маяг, цаг үеэ дагаад өөрчлөгддөг гэж үзвэл түүнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь юу вэ?
- Нийгмийн байгуулалт, эдийн засаг, улс төрийн бодлого, түүхэн үйл явц нь өөрчлөлтөд шууд нөлөөлдөг гэж үзэх үндэслэлтэй.
XX зууны түүхээс харахад Монгол Улс асар богино хугацаанд гурван өөр тогтолцоог дамжсан. 1911 оноос хойш түүх дээрээ тулж босож, тусгаар тогтнолынхоо төлөөх хувьсгалаа эхлүүлж, төрөө эмхлэн байгуулсан.
1911 онд тусгаар тогтнолоо сэргээсэн нь “Би монгол хүн” гэсэн үндэсний ухамсрын сэргэн мандалт байлаа. Харин 1930-аад оноос нийгэмд дахин олон түүхэн өөрчлөлтүүд, шилжилтийн сайн муу үйл явц өрнөж, социализмд шилжихэд хувь хүний ухамсрыг “нийтийн төлөө” гэсэн үзэл орлож, тэгшитгэсэн нийгэмд өссөн үеийнхэн илүү хамтын боловч хязгаарлагдмал сэтгэлзүйтэй болсон. Эдгээр нийгмийн хэлбэлзэл нь монголчуудын өөрийгөө ухамсарлах байдалд гүн нөлөө үзүүлсэн гэж би үздэг.
Энэ мэтээр хүний дотооддоо өөрийгөө ухамсарлах, нийгэмд үзүүлэх нөлөө, бодит мөн чанарууд түүхээ дагаад хувьсан өөрчлөгдөг байх. Үүнийг одоо "identity" буюу хүмүүсийн амин чанар гэж тайлбарлаж байна.
- Тэгэхээр нийгмийн өөрчлөлт байгуулалт нь хамгийн гол нөлөөлөгч гэж ойлгож болохоор юм байна.
- Тийм. Өөрчлөгдөх боломжтой зүйл. Үүнийг зөвхөн ХХ зууны түүхээс харж болно.
- Монголчуудын зан араншин яаж өөрчлөгдсөн бэ. Өмнө нь монголчуудыг тодорхойлохдоо тал шигээ уужим сэтгэлтэй, найрсаг зочломтгой гэх мэтчилэн аж амьдралын онцлог хэв маягаар тодорхойлсон байдаг. Орчин цагт, ялангуяа хотод амьдарч буй хүмүүс бол үүнээс нэлээд өөрчлөгдсөн болов уу?
- Монголчуудын зан араншны тухай ойлголт түүхийн урт хугацаанд нийгмийн ахуй, амьдралын хэв маягтай нь салшгүй холбоотойгоор өөрчлөгдөж ирсэн. Эрт үеийн жуулчдын тэмдэглэлд монголчуудыг “тал шиг уужим сэтгэлтэй, зочломтгой, энгүүн, шударга, ажилч хичээнгүй” хэмээн тодорхойлдог байсан нь тухайн үеийн нүүдэлчин ахуйн онцлог, байгалийн нөхцөлтэй шууд уялдаатай байв. Нүүдэлчин соёл нь хамтын оршихуй, харилцан туслалцах, зочдыг хүндэтгэх ёс заншлыг эрхэмлэдэг байсан тул “зочломтгой, уужим сэтгэлтэй” гэх тодорхойлолт монгол хүний уламжлалт төрх болжээ.
Судлаачдын ажиглалтаар нийгмийн орчин, эдийн засгийн нөхцөл, улс төр, соёлын бодлого, хүрээллийн нөлөө нь хүний зан араншинд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Жишээ нь
Иймээс монголчуудын зан араншин “өөрчлөгдсөн” гэхээсээ илүү “нийгмийн орчиндоо дасан зохицож буй” гэж хэлж болох юм. Монгол хүний уужим сэтгэл, зочломтгой зан бол үндэсний мөн чанар хэвээрээ ч илэрхийлэгдэх хэлбэр, хүрээ нь цаг үе, орон зайдаа тохируулан хувьсаж байгааг бид харж байна.
- Амьдарч буй газраасаа хамаараад монголчуудын зан төлөв ямар байгаа талаар илүү дэлгэрүүлбэл?
- 2016 оноос хойш нийслэл, нийслэлтэй ойр орчим болон уул уурхай хөгжсөн бүс нутагт хийсэн талбайн судалгаагаар монголчуудын зан төлөв, харилцааны хэв маяг орон нутгийн эдийн засаг, нийгмийн бүтэцтэй нягт уялдаж байгааг анзаарсан. Угсаатны зүйн судалгаа бол тухайн газрынхаа хүнтэй ажиллаж, хүнийг нь ахуй, соёл, уламжлал дээр нь илүүтэй тулгуурлан судалдаг салбар. Би яг энэ зан төлөвийн талаар талаар тусгайлан судалгаа явуулаагүй. Гэхдээ дараах нийтлэг хандлагуудыг ялгаж болно.
Нүүдэлчин соёл нь хамтын оршихуй, харилцан туслалцах, зочдыг хүндэтгэх ёс заншлыг эрхэмлэдэг байсан тул “зочломтгой, уужим сэтгэлтэй” гэх тодорхойлолт монгол хүний уламжлалт төрх болжээ
Улаанбаатар хот бол улс орны эдийн засаг, боловсрол, мэдээлэл, хөдөлмөрийн төв учраас энд амьдарч буй хүмүүсийн зан төлөв илүү прагматик, өрсөлдөөнтэй, хувь хүнд чиглэсэн шинжтэй байдаг. Дархан, Эрдэнэт, Зуунмод зэрэг суурин бүсийн хүмүүсийн зан төлөв нь хот болон хөдөөгийн аль аль шинжийг агуулсан “завсрын соёл”-той.
Хүмүүс илүү хамтын оролцоог эрхэмлэдэг уламжлалт хэв шинжээ хадгалсан, бие биенээ таних, хамтран ажиллах, харилцаанд итгэлцэлтэй байх нь чухал хэвээр байна.
Уул уурхай голлон хөгжсөн Өмнөговь, Орхон, Дорноговь гэх мэт бол сүүлийн арван жилд эрчимтэй эдийн засгийн солилцоо, хүн амын шилжилт хөдөлгөөн, гадаадын компанийн оролцоо хамгийн их болсон бүсүүд юм. Маш соргог, ажигч, аливаа зүйлд бодитой шууд ханддаг, олон хөлийн газар буюу гаднаас ирэгсдийн урсгал ихтэй тул зах зээлжсэн, түргэн харилцаатай, итгэлцэл сул орчин бүрдсэн байдаг. Үүний зэрэгцээ байгаль орчны доройтол, амьдрах орчны өөрчлөлт нь сэтгэл зүйн тогтворгүй байдал, үл итгэх сэтгэл төрүүлж байна. Энэ нь эргээд орон нутгийн онцлогт ч нөлөөлдөг байх.
Харин уул уурхайгаас хол, хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүсийн хувьд уламжлалт зочломтгой, хамтын, тусч зан чанар илүү хадгалагдан үлджээ. Гэхдээ залуу үеийн хувьд мэдээлэл, интернэт, нийгмийн сүлжээний нөлөө хүчтэй болж, соёлын ялгаа багасаж байна. Би нарийвчлан энэ төрлийн судалгаа хийдэггүй ч, судлаачийн хувьд олон аймаг суманд очсон хүний хувьд, ажиглалтаа л ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Нарийвчлан судалбал угсаатны сэтгэл судлал талаас нь судалбал бас илүү нарийвчилсан сонирхолтой үр дүн гарах байхаа.
- Дэлхий даяаршиж байгаа энэ үед монголчууд “нүүдэлчин” онцлогоо илүү тодотгох болсон. Үүнээс өөр ямар чанараа бид тодруулах ёстой вэ?
- Тийм ээ, 2000-аад оны үед бид “даяаршил” хэмээх үзэлд ихээхэн автаж, гадаадын соёлыг дагах, дэлхийн нийтлэг хэв маягт уусахыг хүсэж байлаа. Харин сүүлийн жилүүдэд эсрэг чиг хандлага ажиглагдаж байна. Улс орон бүр өөрийн онцлог, үндэсний үнэт зүйлээ хамгаалж, “дангаарших” буюу өөрийнхөөрөө байхыг чухалчилж эхэлсэн.
Монголчуудын хувьд ч энэ ойлголт хүчтэй болж байгаа. Бид нүүдэлчин соёлоо дахин сэргээж, байгальтайгаа зохицон орших ухаан, гар урлал, уламжлалт мэдлэгээ үнэт зүйл гэж үзэх боллоо. Энэ бол дэлхий нийтэд “монгол хүн гэж хэн бэ” гэдгийг харуулах хамгийн тод боломж юм.
Өмнө нь хөдөөгийнхөн хотынхныг, хотынхон гадаад хэв маягийг дуурайх хандлагатай байсан бол одоо эсрэгээрээ хүмүүс язгуур соёлоо эргэж харах, өв уламжлалаараа бахархах болж байна. Энэ бол даяаршлын дараах үеийн монголчуудын ухамсрын өсөлт гэж хэлж болно.
Монголчууд түүхийн урт хугацаанд байгальтайгаа зохицон амьдарч ирсэн ард түмэн. Энэ нь бидний сэтгэхүй, амьдралын хэв маягийг тодорхойлдог гол онцлог. Гаднынхан ч монгол хүнийг тэсвэртэй, хүчтэй, ур чадвартай гэж үнэлдэг нь үүнтэй холбоотой.
Монгол хүний мөн чанар бол байгальтайгаа ойр, дасан зохицох ухаан. Үүнийг хадгалахын тулд монгол хэл, бичиг, ардын уламжлалаа хүүхэд багаас нь таниулах нь хамгийн чухал. Сүүлийн жилүүдэд боловсролын хөтөлбөр, соёлын арга хэмжээнд энэ чиглэл эргэн сэргэж байгаа нь сайшаалтай.
“Нүүдэлчин соёлын наадам” бол монголчуудын ахуй, гар урлал, зан заншлыг сэргээж, үндэсний сэтгэхүйг хадгалах нэг сайн жишээ. Уламжлал, орчин үеийг хослуулж чадвал монгол хүний онцлог, сэтгэлгээ ирээдүй үедээ бат үлдэнэ гэж боддог.
- Та яриандаа монголчууд нэг хэсэг гаднын соёлыг шүтээд уламжлалаа гээж байсан бол одоо эргээд ахуйдаа татагддаг болсон гэдгийг онцоллоо. Ер нь улс үндэстэнд амин чанараасаа холдох, ойртох мөчлөг гэж байдаг уу?
- Тийм ээ, түүх давтагддаг. XIII зууны үед Их Монгол Улсыг байгуулж, дэлхийг байлдан дагуулж байсан үедээ олон бүрэлдэхүүн улсуудыг байгуулж, Нийслэлийг Хархориноос Бээжин рүү шилжүүлснээр Тогоонтөмөр хааны үед ирэхэд Хятад, Манж сайдууд төрд нь илүү орж, монголчууд хагаралдах болсон.
Монголчууд үеийн үед гаднын соёлын солилцоог маш сайн явуулж байсан. Гэхдээ тэр дунд өөрсдийн язгуур зүйлээ байлгасаар байсан нь одоогийн дархлааг бий болгосон
Суурин соёл иргэншилтэй ард түмэнд ууссанаас болоод хүч нь сулрахын зэрэгцээ Хархоринд байсан ноёд нь Бээжинд байсан ноёдоо хүлээн зөвшөөрөхөө больж байв. Энэ бол соёлын ялгарлын нөлөө. Ингэж явсаар монголчууд Хархориндоо төвлөрөн амьдарч байсан ч Манж Чин гүрний нөлөөнд орсон. Эдгээр түүхэн үйл явдал нь монголчуудад Монголоо гэх ухамсар, үнэт зүйлээ үргэлж хадгалж явах ёстой гэдгийг маш сайн ойлгуулсан.
ХХ зуун буюу тусгаар тогтнолын зуунд монголчууд тусгаар тогтнолоо олж авахдаа өөрсдийнхөө уугуул зүйлийг сэргээхийг оролдож байв. Нэгтгэж харвал монголчууд үеийн үед гаднын соёлын солилцоог маш сайн явуулж байсан. Гэхдээ тэр дунд өөрсдийн язгуур зүйлээ байлгасаар байсан нь одоогийн дархлааг бий болгосон. Тусгаар улс байгаагийн гол мөн чанар нь энэ дээрээ тогтож байгаа юм болов уу гэж харж, ойлгож байна.
- Гадаадад амьдарч байгаад эх орондоо эргэн суурьшиж буй хүмүүсийн талаар танай хүрээлэнд өгөгдлийн сан үүсгэсэн гэж сонсож байсан. Хот хөдөөгийн ялгаа тод харагддаг Монголын нийгэмд тэс өөр соёлтой газарт амьдарч байгаад ирж буй хүмүүс ямар сорилтуудыг даван туулдаг вэ?
- 2016 онд манай судлаачид Солонгост ажиллаж амьдарч байгаад ирсэн монголчуудтай уулзаж ярилцаж, судалгааны ажил эхлүүлж байсан. Нийтдээ 80 гаруй хүнтэй уулзаж ярилцсан. Ингэхэд анх очихдоо яаж соёлын шоконд орсноо хэлж байлаа. Ихэнх нь хөдөө амьдарч байгаад шууд Солонгос руу явчихсан эсвэл хотод хөлөө олохгүй болохоор Солонгос руу явчихсан гэдэг.
Анх очоод хэл мэдэхгүй, хоол хүнс нь таарахгүй байх, солонгосчуудын зан араншны учрыг олж харилцахад хэцүү зэрэг нөхцөлүүдтэй тулгардаг. Гэхдээ монголчууд аливаа зүйлийг хурдан сурдаг, дасан зохицох чадвартай, маневр сайтай хүмүүс гэдэг онцлог нь их тусалсан гэдэг. Ажлаа түргэн сурч, хэлийг нь эзэмшээд, хүмүүсийн итгэлийг олж авч дорхноо хөлөө олж, араасаа ирсэн монголчууддаа ч их тусалдаг юм байна. Бараг бүрэн хэмжээний сүлжээ үүсгэсэн нь сүүлдээ Монгол хороолол байгуулагдах хүртлээ хүрээ нь өргөжсөн. Ингээд олон жил амьдарч байгаад буцаад Монголдоо ирэхэд бүх юм өөр болчихсон байдгийг тэд хэлдэг. Наанадаж найз нөхдийн хүрээлэл нь байхгүй болчихсон байдаг. Иймээс дахиад шинэ газарт ирсэн мэт хөлөө олохын тулд бүхнийг шинээр эхлүүлэхийн сацуу энд яг л гаднын иргэн шиг байдаг гэхчлэн олон асуудал тулгардаг.
Гэхдээ Солонгост сурч, ажиллаж байсан туршлагаа Монголдоо үргэлжлүүлж, шинэ үйлдвэрлэл, бизнес, соёлын шинэ санааг авчирдаг нь монголчуудын амьдралын хэв маягт шууд нөлөөлдөг. Жишээ нь, Солонгос хоол, бараа, тахиа үржүүлэлт, оймс хийх зэрэг бизнесийг хөгжүүлж байна. Соёлын солилцоо асар их явсан.
1990-ээд оны үед монголчууд ихэвчлэн хар ажил хийхээр очдог байж, харин сүүлийн үед хүүхэд залуус, сургуульд сурахаар их явж байгаа. Хэлээ сайн сурцгаасан байдаг тул сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ ажлыг хийдэг болсон нь дэвшилт гэж Солонгост ажиллаж байсан монголчуудын төлөөлөл хэлж байсан.
- Солонгост амьдардаг монгол гэр бүл олон болж байна. Аав ээж нь биеийн хүчний ажил хийж, солонгос хэл төдийлөн мэддэггүй байх тохиолдол их. Харин хүүхдүүд нь сургууль сурч байгаа учраас хэлээ илүү сайн сурсан байдаг. Энэ тохиолдол дээр хүүхдүүд болон аав ээжийн дунд хэлний асуудлаас шалтгаалсан үл ойлголцол үүсэх, бага балчраасаа байсан учраас тэр улсын соёлд уусах, монгол мөн чанараа мартах нь ч түгээмэл. Өөрийгөө солонгос гэж боддог монгол хүүхэд олон л доо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
- Гадаадад амьдарч байсан монголчуудтай ярьж байхад яг энэ зүйлтэй тулгараад л буцаад Монголдоо ирсэн хүмүүс их байгаа. Солонгост амьдардаг монгол гэр бүлд эцэг эх нь ихэнхдээ биеийн хүч шаардсан ажил хийж, солонгос хэл төдийлөн мэдэхгүй байдаг. Харин хүүхдүүд нь сургуульд явж, хэлээ сайн эзэмшдэг. Үүний улмаас хүүхдүүд орон нутгийн соёлд илүү уусаж, монгол мөн чанараа мартах нь түгээмэл. Гадаадад төрсөн хүүхдүүд Монголдоо ирэхэд эцэг эх нь хүүхдүүддээ монгол хэл, соёлыг заахыг чухалчилдаг.
Нэг үеэ бодвол энэ тал дээр ахиц дэвшил гарч байгаа. Европ, Америк, Польш, Германд амьдарч буй монголчууд хүүхдүүддээ монгол хэл, соёлыг зааж байна. Монголд ирэхдээ мал аж ахуй, байгальтай ойр амьдралд суралцуулж, жуулчлалд татах нь нэмэгдсэн. Жишээ нь Америкт М.Саруул-Эрдэнэ багш олон жил монгол хэл, соёлыг зааж, хүүхдүүдийг зун Монголд авчирч уламжлалт ахуйтай танилцуулж байна. Үүнтэй холбоотой Монголын дотоодын жуулчлал ихсэж байна. Сайн нөлөө шүү.
- Олон улсын хөтөлбөртэй сургууль их болж байгаа. Бага ангиасаа гадаад хэл үзэхээр эх хэлээ мартана гэж шүүмжлэх хүн олон. Нөгөө талдаа бид дэлхийн иргэдийг бэлдэх ёстой учраас олон улсын боловсролыг сургах нь зүйтэй шүү дээ. Энэ дунд хэлний асуудал яалт ч үгүй хөндөгдөөд байгаа. Та энэ тал дээр та юу хэлэх вэ?
- Хэл бол зөвхөн мэдээлэл солилцох хэрэгсэл биш, хүний сэтгэхүйтэй салшгүй холбоотой. Жишээ нь англи хэлээр өссөн хүүхдүүд англи сэтгэхүйтэй болдог бол Хятадад өссөн хүүхдүүд хятад сэтгэхүйтэй болдог. Хэл нь аливаа зүйлийг харж, ойлгох, дүгнэх чадварт шууд нөлөөлдөг.
- Тэгэхээр эх хэлээ сайн эзэмших нь чухал?
- Тийм ээ. Монгол хэлээ сайн эзэмшихгүй бол домог, түүхээ бүрэн ойлгох боломжгүй. Орчуулгын жишээ ч үүнийг баталдаг. Сайн орчуулагч гэдэг нь зөвхөн гадаад үгийг мэддэг бус, түүнийг монгол хэлэнд хэрхэн буулгахыг мэддэг хүн юм.
Хэл сурна гэдэг бол ахуй соёлтойгоо ойрхон байхын тухай юм
Олон жил орчуулга хийсэн хүмүүс ч ярьдаг шүү дээ, гадаад хэл хэчнээн сайн сурсан байлаа гээд сайн орчуулга хийх, орчуулагч болох бэрх гэдэг. Учир нь тухайн гадаад үгийг эх хэлэндээ яаж оноож буулгахаа мэддэг байх ёстой. Монгол хэлээ сайн эзэмшээгүй бол гадаад хэл сайн сурсан гэж өөрийгөө хэзээ ч ойлгох хэрэггүй гэдэг.
Хэл сурна гэдэг бол ахуй соёлтойгоо ойрхон байхын тухай юм. Монголчуудыг нүүдлийн ахуй соёлоос нь салгаж болохгүй. Уул уурхай хөгжөөд хотыг тэлэх бодлого явагдаж байгаа ч гэсэн бид нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж авч үлдэж, өөрсдөө мэддэг байх хэрэгтэй. Монголынхоо өв соёлыг мэддэг байснаараа өөрийгөө бусдаас ялгарах онцлогтой дэлхийн хүн шүү гэж мэдрэх байх.
- Үндэсний амин чанар, ген нь юугаараа өвлөгддөг юм бэ. Монгол цус гэхээс илүү соёлд шингэж, уламжлагддаг гээд байдаг?
- Монгол цуснаас илүү, үндэсний амин чанар нь соёлд шингэж, уламжлагддаг гэж үздэг. Жишээ нь, Америкт олон үндэстэн амьдардаг ч хүн өөрийгөө америк гэж төсөөлж байвал тэр үндэстний төлөөлөл болдог. Монгол хүн Америкт амьдарч англи хэл, америк соёлыг эзэмшсэн ч өөрийгөө Америкт байгаа монгол хүн гэж тодорхойлж байж үндэсний мөн чанараа хадгалж чадна.
Дэлхийд тархан суурьшсан монголчуудын жишээ маш тодорхой: Хөх нуурын монголчууд, Дээд Монголчууд зэрэг хэдэн зуун жил амьдарсан ч монгол үг, дуу, зан заншлаа хадгалсан. Энэ нь үндэсний амин чанар нь цуснаас илүү соёлын уламжлал, өөрийгөө тодорхойлох ухамсар дээр тулгуурладгийг харуулдаг.
- Тэгвэл орчин үеийн монгол хүнийг та ямар байдлаар тодорхойлох вэ?
- Орчин үеийн монголчууд бол нийгмийн хувьслын дунд төөрч явсан ч дахин өөрсдийн мөн чанараа олж авахын тулд сэрж буй үеийнхээ төлөөлөл. Энэ нь соёлын өөрчлөлт дунд үүссэн “сарнисан, эргэсэн, буцаж сэрсэн” үе гэж хэлж болно.
Социализмын үед монголчууд нийгмийн төлөө зүтгэж, бүтээж байсны зэрэгцээ социалист орнуудын нөлөөнд автаж европ соёлд дуртай болсон. Харин 1990-ээд оноос нээлттэй мэдээллийн урсгалын нөлөөгөөр америк, герман, хятад, солонгос гэх мэт олон соёлд шууд автаж, монгол сэтгэхүйгээ түр хугацаанд мартаж байв.
- Бид сайн талаа их тодруулж ярьж, үндэстнээ магтах дуртай. Гэхдээ сөрөг тал нь ч их бий л дээ. Судалгааныхаа явцад монголчуудын сөрөг талыг та хэрхэн дүгнэсэн бэ. Мөн гаднын судлаачдын нүдээр монголчууд гэж хэн бэ?
- Төгс хүн гэж байдаггүйтэй адил төгс үндэстэн гэж бас байхгүй. Гэхдээ гаднын судлаачдын дүгнэснээр, монголчуудын сул тал нь хэнэггүй, аливаа зүйлийг ерөнхий байдлаар дүгнэдэгт оршдог.
Энэ зан чанар нь нүүдлийн соёл иргэншлийн үед давуу тал болсон ч суурин соёл иргэншилд шилжих үед алдаа, дутагдал мэт харагддаг. Жишээлбэл, уужуу тайван нь цаг барьдаггүй, заримдаа тоомжиргүй, бүдэг бадаг, хэт ерөнхий мэт санагдах нь бий.
Иймээс монголчуудын сул тал нь тухайн нөхцөл, харж буй өнцгөөс хамааран тодордог гэдгийг ойлгох нь чухал.
- Сүүлийн үед кино уран бүтээлчид түүхэн үйл явдлуудаар кино хийх нь нэмэгдсэн. Үүгээрээ монгол омогшил төрүүлнэ, сэрээнэ гэдэг. Уран бүтээлчид кино хийхдээ та бүгдээс зөвлөгөө авдаг уу?
- Монголчуудад монгол омогшил бол угаасаа байсаар л ирсэн, байгаа. Нэг хэсэг бол Чингис хаантай холбоотой кино их хийцгээлээ. Одоо бол түүхэн янз бүрийн үйл явдал дээр тулгуурласан кинонууд хийгдээд байгаа. Тусгаар тогтнол ч гэдэг юм уу том том сэдвүүд авахаасаа илүүтэйгээр амьдралын жижиг зүйлсэд төвлөрсөн байвал, жишээ нь монгол хувцас хэрэглэл, монгол зан заншил, биеэ хэрхэн авч явж буй байдал, ахуй амьдрал гээд энгийн сэдвээр кино хийх нь тохиромжтой санагддаг.
Харьцуулж харвал Солонгосын Жангум гээд киног зөндөө олон жил үзлээ шүү дээ. Тэгэхэд Монгол хоол хүнс, цагаан идээгээ монголчууд эртнээсээ яаж бэлдэж хэрэглэдэг байв гэдэг талаар кино гэвэл байхгүй. Бидэнд энгийн санагдах зүйлийг шинэлэг байдлаар харуулж бас болно шүү дээ.
Том түүхэн кинонууд дээр манай түүхчдээс зөвлөгөө авдаг бол хувцас хэрэглэл, хоол хүнс зан заншилтай холбоотой зүйлүүд дээр манай угсаатны зүйчдээс зөвлөгөө авах нь тун ховор байдаг.
- Та бүгдээс зөвлөгөө авах нь тун ховор гэхээр хуучны гэрэл зургуудаас аж байдлыг баримжаалдаг юм болов уу. Гэрэл зураг болон уран зураг нь нэг талын баримт болж чадна байх, тийм үү?
- Тийм ээ, XIX, XX зууны эхэн үеийн жуулчдын тэмдэглэл, гэрэл зургаас тухайн үеийн амьдралыг ерөнхийд нь харж болно. Гэхдээ эдгээр нь гаднын хүний нүдээр харсан зүйл гэдгийг мартаж болохгүй.
Бид судалгаагаа хийхдээ зөвхөн хуучныг судалдаггүй, орчин үеийн нийгэм, соёлын өөрчлөлттэй нь хослуулан авч үздэг. 2015 оноос уул уурхай, зам барилга зэрэг томоохон төслүүд дээр Соёлын өвийн тухай хуулиар угсаатны зүй, археологи, палеонтологийн судалгаа хийдэг болсон. Ингэхдээ хуучны зүйлсээс гадна орчин үеийн хүмүүс хэрхэн хувьсаж байгааг ч баримтжуулахыг зорьдог.
Түүнээс гадна, Монголчууд улирал бүрд амьдардаг орчин, хэв маяг нь өөр учраас үнэн зөвөөр үнэлэхийн тулд дөрвөн улирлын судалгаа маш чухал.
- Судлаач хүний хувьд ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл юу байна вэ?
- Нүүдлийн ахуй, суурин соёл иргэншлийн уялдаанаас орчин үеийн монголчууд бий болсон. Монгол хүний үндэсний онцлог, амин чанар, зан заншил, төрийн байгуулал нь үндэсний ялгарах гол тулгуур хэвээр байна. Үүнийг боловсрол, нийгэм-улс төрийн бодлогод тусгах, гаднаас шууд хуулбарлах бус, Монголын хөрсөн дээр буулгах нь чухал.
- Ярилцсанд баярлалаа.