Индэр    
2025 оны 12 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хэрэглээд илүү гарсан эрчим хүчээ кВт.ц тутмыг нь 285-300 төгрөгөөр худалдаж буй боломжийг нэмэгдүүлэх гарц буюу хуулийн өөрчлөлт

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс эдийн засгаа солонгоруулж үйлдвэрлэгч орон болох, утаанаасаа бүрэн салахад эрчим хүчний найдвартай эх үүсвэр нэн чухал. 

Үүнийг хаана хаанаасаа ойлгож буй ч дорвитой алхам хийхгүй байсаар өвгөрч хуучирсан станцууддаа хамаг ачаагаа үрүүлээд, үлдсэнээ гаднаас импортлоод дөнгөн данган тогтой сууцгааж байна. Метротой болох мөрөөдөлтэй ч хонгилоо ухаж эхлэхэд "лаагаа барина" гэдэг нь хоосон наргиан төдий зүйл яав ч биш.

Сүүлийн таван жилд эрчим хүчний хэрэглэгчийн нийт тоо 20 хувиар, оргил ачааллын үзүүлэлт 21.3 хувиар нэмэгдсэн байна.

График 1, Эрчим хүчний нийт хэрэглэгчийн тоо ба оргил ачааллын өсөлт, 2020-2024

Өсөн нэмэгдсээр байгаа хэрэглээг хангахын тулд импортын цахилгааны хэмжээ ч тогтмол нэмэгдэж байгаа юм.

Тухайлбал манай улс 2020 онд нийт хэрэглээнийхээ 19 хувийг импортоор авч байсан бол 2024 онд 25 хувийг импортолжээ.

График 2, Дотоодын эрчим хүч үйлдвэрлэл ба импорт, 2020-2024

Манай улсын хувьд дээрх хэмжээний цахилгаан эрчим хүчийг голчлон нүүрсний цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа. Дэлхий нийтээрээ цэвэр эрчим хүчинд шилжихийг эрмэлзэж буй энэ цаг үед Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ долоон хувийг салхи, нар, усан цахилгаан станцаас бүрдүүлж байна.

Доорх графикаас харвал жил тутамд нарны эх үүсгүүрээс хуримтлуулсан ашиглаж буй эрчим хүчний хэрэглээ тогтмол өсжээ. 

График 3, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, 2020-2024

Тодруулбал 2020 онд сэргээгдэх эрчим хүчний 17 хувь нь нарны эх үүсгүүрээс байсан бол 2022 онд 24 хувь, 2024 онд 28 хувь болон өсөв. Энэ бол айл өрх, аж ахуйн нэгжүүд нарны хавтан илүүтэй ашиглах болсны үр дүн юм.

Дэлхийн улс орнуудад айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэглээний эрчим хүчээ нарны эх үүсгүүрээр хангаад, илүү гарснаа түгээх сүлжээнд нийлүүлж, нэмэлт орлого олдог байна. 

Өргөн уудам газарт тархан суурьшсан хэрэглэгчдэд цахилгаан хүргэхэд түгээлтийн зардал өртөг ихээхэн нэмэгддэг, дэд бүтцийн хязгаарлагдмал нөхцөлтэй зэрэг онцлогтой манай улсын хувьд нарны эх үүсгүүр нь оновчтой шийдэл болоод буй. Сонгодог жишээ нь хөдөөгийн айл өрх. Өдрийн цагаар нарны хавтангаар эрчим хүч хуримтлуулан оройн цагаар ашиглаж байгаа нь энэ ухаалаг шийдлийг зуслангийн бүсэд амьдардаг айлууд ч мөн ашигладаг болжээ. Хэдийгээр түгээх сүлжээнд харьцангуй ойр байдаг ч зуслангийн болон гэр хорооллын бүсэд амьдардаг айлууд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ ийнхүү бие даасан байдлаар шийдэхийг илүүд үзэх болжээ.

Улс орнуудад айл өрх, ААН-үүд хэрэглээний эрчим хүчээ нарны эх үүсгүүрээр хангаад, илүү гарснаа түгээх сүлжээнд нийлүүлж, нэмэлт орлого олдог

Хэрэглээгээ бие даан шийдэж буй айл өрхүүд дээр дурдсанчлан илүү гарсан эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлж, нэмэлт орлоготой болох боломжийг ихээхэн сонирхдог болсон байна. Энэ талаар Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-ноос тодрууллаа.

Ингэхэд ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ "2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэхтэй холбоотой агуулгыг тусгасан. Энэ хүрээнд Эрчим Хүчний Яам(ЭХЯ) сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээс түгээх сүлжээнд худалдах, түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах журмыг гаргасан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС)-нд холбохдоо тодорхой техникийн нөхцөл авч холбоно.

Журмын хүрээнд 100 хэрэглэгч нарны эх үүсвэрээр өдрийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд илүү гарснаа түгээх сүлжээнд худалддаг. Эдгээр хэрэглэгчийн нийт нийлүүлж буй хүчин чадал 1.8 МВт.

ЭХЗХ-ноос сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс түгээх сүлжээнд худалдахыг дэмжих зорилгоор 2025 онд тарифыг нь нэмэгдүүлсэн. Өдрийн цагаар буюу 06:00-17:00 цагт нийлүүлэх тариф нь кВт/ц тутамд 285 төгрөг, оройн цаг 17:00-22:00 цагт 300 төгрөгөөр тооцож авдаг" гэж байв.

Айл өрхийн хэрэглэгчдийн дундаж үнэ 213 орчим төгрөг өнөө үед нэг кВт/цагийг 285 төгрөгөөр худалдан авч байгаа нь хэрэглэгчдээ дэмжих зохицуулалт гэж ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ онцолсон. 

Хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангахтай холбоотой чухал асуудал учраас хэрэглээд илүү гарсан эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэхэд техникийн шаардлага, нөхцөлийг зайлшгүй баримтлах ёстой юм байна.

Гэхдээ айл өрхүүдэд уг техникийн нөхцөл шаардлагыг биелүүлэх, зөвшөөрөл авах зэрэг нь хүндрэл ихтэй байгаа талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний реформыг манлайлан ажиллаж буй гишүүдийн нэг М.Энхцэцэг тод дуугарсаар байгаа юм. Тэрбээр дээрх журмын талаар өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өнөөгийн хүчин төгөлдөр хуульд зааснаар цахилгаан түгээх сүлжээ нь хэрэглэгчдэд цахилгаан зарах үүрэгтэй байгаа. Түгээх сүлжээ хэн нэгнээс цахилгаан худалдаж авах талаар хуульд тусгагдаагүй. Иймээс цахилгаан хангамжийн тухай хуульд тархмал эх үүсвэр, айл өрхүүдийн нарны панелийн асуудлыг тусгай бүлэг болгон оруулж байгаа. Мөн одоогийн хуулийн 40 орчим хувь нь хүндрэл бэрхшээл үүсгэдэг тусгай зөвшөөрлийн талаарх зохицуулалт байдаг" гэж байв.

Түүнчлэн эрчим хүчний харилцааг зохицуулж буй хууль нь 2001 онд батлагдсан буюу цаг хугацааны хувьд өнөө цагийн харилцааг зохицуулах боломж хязгаарлагдмал болсныг М.Энхцэцэг гишүүн хэлж буй бөгөөд техник технологийн хөгжил, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн сайжруулахаар ажиллаж байгаа аж.

Хэрэв хуулийн зохицуулалтаар хэрэглэгчээс сэргээгдэх эрчим хүчний худалдан авах харилцааг илүү хялбаршуулж, олон янзын зөвшөөрөл, нөхцөл шаардлага тавихаа цөөлж, ойлгомжтой болговол одоо байгаа 100 хэрэглэгчийн тоо хэд дахин нэмэгдэж, өрхүүд эрчим хүч үйлдвэрлэгч болж, хараат байдлаас гарахад хувь нэмрээ оруулах боломж нээгдэнэ.

Гэхдээ аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг онцгой анхаарах шаардлагатайг эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Одоогоор хуулийн цахилгаан, дулааны бие даасан хуулийн төслийг салбарынхандаа танилцуулж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулаад байгаа юм.

Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журамтай энд дарж танилцана уу.