Монгол хүн амны бэлгээр гэдэг. Гэхдээ монголчууд улам олон болж чадахааргүй нөхцөл бүрэлдэж эхэлсэн тул анхаараасай гэсэндээ ийн гарчиглав.
2025 онд хийгдсэн судалгаагаар залуусын гэрлэх нас 24-26 болсон нь сүүлийн 20 гаруй жилд 4-6 жилээр хойшилсныг илтгэнэ. Гэрлэлт ийнхүү хойшилсон нь төрөлтөд буурахад 37 хувь нөлөөлжээ.
Хэзээ гэрлэх, хэдэн хүүхэдтэй болох нь хувь хүмүүсийн асуудал мэт боловч энэ нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байх, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл гээд олон зүйлтэй уялддаг. Иймээс төр засгаас цогц бодлогыг салбар дундын уялдаатайгаар хэрэгжүүлэх, гэр бүлүүдэд амьдралын мөчлөгт суурилсан дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг 2025 оны Төрөлтийн шинжилгээ, бодлого хэмээх үндэсний судалгааны дүн харуулжээ. Уг судалгааны талаар болон Монгол Улсын хүн ам зүйн цаашдын төлөв байдал, хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын талаар Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн профессор Ц.Болормаатай ярилцлаа.
- Манай улсын хүн ам зүйн байдал ямар байна вэ. Төрөлт буурч байгаа талаар судлаачид сүүлийн үед онцгойлон анхааруулж, цогц бодлогоор дэмжих ёстойг хэлж байгаа. Бодит нөхцөл байдлын талаар та тайлбарлаж өгнө үү?
- Хүн амын тоо абсолют утгаараа өсөж байгаа ч өсөлтийн хурд жилээс жилд буурч байна. Одоогоор жилд 1.4 хувиар л өсөж байгаа. Хамгийн өндөрт үзүүлэлт нь хүн амын өсөлт жилд 2.9 хувь хүрч байсан түүхтэй.
Тоо харахад өсөж байгаа мэт боловч хувийн жин гэдэг бол чанарын тухай ойлголт юм. Хүн ам зүйн өсөлт бүтцийнхээ хувьд өөрчлөлт байна уу, эсвэл насны бүтцийнхээ хувьд өөрчлөлт байна уу гэдгийг бид судалдаг.
Хүн амын өсөлтийн хурд удааширч байгаагийн цаад шалтгаан нь төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотой. 15-49 насны эмэгтэйчүүдийг авч үзэхэд дунджаар 2.4 хүүхэд төрүүлж байна. Жилээс жилд хандлага нь бага боловч буурч байна.
2005-2014 онд Монгол Улсын төрөлтийн түвшин тодорхой хэмжээнд өссөн байдаг ч 2015 оноос хойш аажим буурч, 2.4 түвшинд ирсэн.
Мэргэжлийн хүн ам зүйчдийн өмнөх онд хийсэн 2050 он хүртэлх хэтийн тооцоогоор эмэгтэйчүүдийн төрөлтийн дундаж нь хамгийн ихдээ 2.2 орчим байна. Үүнээс дээшээ гарч чадахгүй. Энэ тооцооллыг яаж гаргав гэхээр, Монгол Улсын хүн амын төрөлтийн түвшин 1990 оноос эрчимтэй буурсан. 2005-2014 онд тодорхой хугацаанд өсөөд, буурсан.
Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2.1-ээс доош буувал хүн ам буурах нөхцөл бүрдэж, нөхөн үйлдвэрлэл бүрэн явагдаж чадахгүй болно. Иймд төрөлтийг дэмжих шаардлагатай болж байна.
- Төрөлт буурахад нөлөөлж буй хүчин зүйлс юу юу байна вэ. Мөн энэхүү судалгааны мэдээллийг хэрхэн цуглуулсан бэ?
- 2025 онд Төрөлтийн шинжилгээ, бодлого гээд Монгол Улсын хувьд том судалгаа хийсэн. Ерөнхий сайдын ажлын албанаас санал тавьж, Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бид энэ судалгааны ажлыг гүйцэтгэсэн.
Судалгааны эх сурвалж, мэдээллийн тухайд Монгол Улсад гурван жил тутамд хийгддэг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бааз дээр бид ажилласан. Үндэсний Статистикийн Хорооноос 1998 оноос хойш гурван жилийн давтамжтайгаар тогтмол хийдэг судалгаа юм.
Өнгөрсөн 3-4 жилд төрөлт багасаж, төрж буй хүүхдийн тоо цөөрсөн учраас Засгийн газар анхаарлаа хандуулсан, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч анхаарч эхэлсэн. Гэхдээ зөвхөн тоо талаас нь харж тайлбарлаж байлаа.
Мэргэжлийн хүмүүсийн тухайд төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг олж харах ёстой. Хоёр гол шалтгаан бий.
Нэгдүгээрт, төрөлт нь шинжлэх ухаан талаасаа буюу Хүн ам зүйн шилжилтийн онолын дагуу буурч байна. Хүн ам зүйн шилжилтийн онолоор нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг дагаад улс орнууд төрөлт, нас баралтын өндөр түвшнээс төрөлт, нас баралтын бага түвшинд очих хүртэл дөрвөн үе шатыг туулдаг гэж үздэг. Дөрвөн үеийг дамжихад хүссэн, хүсээгүй бүх улс оронд төрөлтийн бага түвшинд ямар нэгэн хугацаанд очно. Ерөнхий энэхүү зүй тогтлын дагуу төрөлтийн түвшин буурч байна. Тойрч гарах боломжгүй, жам ёсны үзэгдэл. Учир нь хөгжлийн түвшин нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн боловсролын түвшин сайжирч, залуусын үнэт зүйлсийн ойлголт ч өөрчлөгддөг.
Гэр бүл, хүүхдийн талаарх үнэт зүйлийн ойлголт нийгмээрээ өөрчлөгдөж байгаа. Өмнө нь гэр бүл төвтэй амьдралын хэв маяг, гэр бүл төвтэй хэрэгцээ шаардлагыг чухалчилдаг байсан бол одоо хувь хүн төвтэй, хувь хүн өөрийн нийгмийн хэрэгцээг хангах үүднээс шийдвэр гаргадаг болсон цаг үе.
Залуус хамгийн түрүүнд орлогоо харж байна. Гэр бүл зохиогоод үр хүүхэдтэй болоход миний орлого хангалттай юу, гэр бүлээ авч явах чадамж надад бий юу, орон сууцтай билүү, тав тухтай орчин бүрдсэн үү гэх зэргээр харж байгаад боломжтой болтлоо гээд гэрлэлтээ хойшлуулчихдаг
Хоёрдугаарт, төрөлтөд нөлөөлдөг хүчин зүйлсийг нарийвчилбал маш их. Нийгэм, байгаль орчин, улс төр, эдийн засгийн шинжтэй хүчин зүйлс нь төрөлтөд дам нөлөөлдөг.
Харин хосуудын шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг нь гэрлэлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх аргуудын хэрэглээний түвшин, түр үргүйдэл (хүүхэд төрүүлээд хөхөөр хооллох хугацаанд жирэмслэх магадлал бага тул түр үргүйдэл гэж хэлдэг) болон үр хөндөлт. Энэ дөрөв бол төрөлтөд шууд нөлөөлөгч. Судалгааны хүрээнд эдгээрийг хэмжсэн.
Дараагийн хүчин зүйл буюу 37 хувьтай гарсан нь гэрлэлт. Залуусын гэрлэлт хойшилж байна. Анхны гэрлэлтийн дундаж нас хойшилсон. 1990-ээд онд эрэгтэй, эмэгтэй хүн ялгаагүй дунджаар 18 насандаа гэрлэдэг байсан бол 2000-аад оны үед 20 нас болж нэмэгдсэн. 2025 оны судалгаагаар 24-26 нас болж гарсан. Гэрлэлт нь хойшилбол төрөлт ч хойшилно. Хойшилж байгаагаас төрөлт буурч байгаа.
Бидний судалгаагаар гэрлэлт хойшлуулахад нөлөөлж байгаа хүчин зүйлс нь хотод
Хөдөөд бол нэгдүгээрт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал орж байна. Тэнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж сул байна. Хот, хөдөөд эрэмбэ нь ялгаатай гарч байгаа ч орлого, ажлын байр, орон сууц, орчны бохирдол нь гэрлэлт, төрөлтөд адилхан нөлөөлдөг.
Гэрлэлтээ хойшлуулахад залуус хамгийн түрүүнд орлогоо харж байна. Өнөөдөр гэр бүл зохиогоод үр хүүхэдтэй болоход миний орлого хангалттай юу, гэр бүлээ авч явах чадамж надад бий юу, орон сууцтай билүү, тав тухтай орчин бүрдсэн үү гэх зэргээр харж байгаад боломжтой болтлоо гээд хойшлуулчихдаг. Бүх юм учир холбоостой байгаа нь батлагдсан.
- Тэгвэл төрөлтийг яаж дэмжих вэ. Судлаачид ямар арга хэрэгсэл, бодлогыг санал болгож байна вэ?
- Төрөлт дэмжиж байж хүн амын өсөлт хангагдана.
Гэрлэлт, төрөлтөө хойшлуулж, төрөлт хоорондын зайг холдуулж байгаа эдгээр нөхцөл байдлыг харахад 18-34 насныхны хувьд асуудлыг ярих хэрэгтэй.
Төрөлт өндөртэй байсан үе буюу 2005-2014 оныхон 18-34 насанд ирэхэд дэмжих ёстой. 2005 онд төрсөн хүн одоо 21 буюу гэрлэх эсэх шийдвэр гаргах үе дээрээ ирж байна. 2014 онд төрсөн хүүхэд одоо 12 настай байгаа, 10 жилийн дараа гэхэд нөхөн үржихүйн насандаа ирнэ. Иймээс ойрын 10-15 жилийн хугацаанд төрөлтийг дэмжихүйц цогц бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг бид амьдралын мөчлөгт суурилсан бодлого гэж нэрлээд байгаа.
- Хосууд амьдралын тав тухтай орчноо бүрдүүлж байж хүүхэдтэй болно гэж байгаа нь зөв санагддаг. Гэтэл өнөөгийн нийгэмд орон сууц худалдан авахад улам бэрх болж байна. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн дараалал хэдэн жилээр яригдах болж, үнэ нь өссөөр байгаа. Ядаж залуу гэр бүлээ дэмжээд ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулахад уян хатан нөхцөл санал болгох талаар яриад байдаг ч шийдэл алга хэвээр байна. Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөлд ч энэ талаар тусгаагүй юм билээ?
- Гэрлэлт, төрөлт гэдэг бол салбар дундын асуудал учраас зохицуулахад бэрх. Монголын өнөөгийн тогтолцоогоор Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гэр бүлийг, нийгмийн хамгааллыг хариуцдаг учраас гэр бүлийн гэдэг дотор нь хүн амын өсөлтийг хамтруулаад гэр бүлийн хөгжил гэдэг нэрийн дор яриад байна. Гэхдээ төрөлт бол эрүүл мэндийн асуудал. Гэр бүлийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол гэхээр энэ бол боловсролын салбарын асуудал байдаг. Залуу гэр бүлийг орон сууцаар дэмжье гэхээр Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны асуудал болж хувирдаг.
Судалгааны үр дүнд, өндөр төрөлтийн үеийнхнийг бүрэн ашигламаар байна, залуусаа дэмжих хэрэгтэй байна. Үүний тулд цөөн хэдэн зүйл дээр анхаарах ёстойг хэлж байгаа.
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгө нь амьжиргааны өртгийг хуваалцаж байгаагаараа сайн талтай. Нэг хүүхэдтэй айл бүрд тэр мөнгийг бүгдэд нь өгөх хэрэгтэй.
Харин хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг урамшуулах хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг нэмж өгөх чадамж байхгүй бол татварын хөнгөлөлт үзүүлж өгөх нь зөв. Нэг хүүхэдтэй байж байгаад хоёр хүүхэдтэй болох, хоёр хүүхэдтэй байж байгаад гурван хүүхэдтэй болох шийдвэрийг гаргахдаа залуус маш их эргэлздэг. Байрны талбайн хэмжээ хүрэлцээтэй билүү гэдгээс эхлээд л залууст шийдвэр гаргахад бодох юм их. Иймээс ипотекийн зээлийг зорилттойгоор чиглүүлмээр байгаа. Анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаа, залуу гэр бүлд ипотекийн зээлийг нь өгмөөр байна.
Анхны хүүхэд төрүүлэхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хосуудад маш дутмаг. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг залууст жинхэнэ утгаар олгомоор байна.
Хүүхэд төрүүлээд өсгөх асрахуйн үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа оролцох үүрэгтэйг ойлгуулах хэрэгтэй. Аавууд дор хаяж 3-6 сар хүүхдээ хардаг болмоор байна
Ээж нарт ирж байгаа асрахуйн ачааллыг бууруулах хэрэгтэй. Аавуудын оролцоо бага байгаа учраас маш олон гэр бүлд ээж нар хүүхдээ төрүүлсэн цагаас сургуульд ортол 100 хувь асрахуйн үйл явцаа хариуцдаг. Ээж нарын энэ ачааллыг хөнгөвчлөхгүй бол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээсээ халширч байна шүү дээ. Өөрөө хөгжмөөр, карьераа өсгөмөөр, нийгэмд эзлэх байр сууриа бататгамаар байдаг. Гэтэл хүүхэд төрүүлэхээр нийгмээс тодорхой хугацаанд тусгаарлагддаг нөхцөл байдлаас болоод цөөн хүүхэдтэй байхыг сонгож байна.
Ажил амьдралыг тэнцвэржүүлэх, гэр бүлд асрахуйн үүрэгт тэгш эрхийн зарчмыг баримтлах зэрэгт нэлээд сайн ажиллах хэрэгтэй. Тэгж байж төрөлтийг жинхэнэ утгаар нь дэмжинэ.
- Төрөлт буурсаар байвал цаашид яах вэ?
- Төрөлт буурах нь хүн амын насны бүтцэд насжих гэдэг үзэгдэлд хүргэдэг. Хөдөлмөрийн насны хүн ам тодорхой хугацаанд өндөр хувь эзэлж байгаад 65-аас дээш насны хүн амын эзлэх хувийн жин 15 хувиас илүү гарвал настай нийгэм болж хувирдаг. Настай нийгэмтэй болбол хөдөлмөрийн зах зээлд хэн ажиллаж баялаг бүтээх вэ, хэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ийг нэмэгдүүлэх, үндэсний орлогыг өсгөх вэ гэдэг асуудал яригдана. Тиймээс л төрөлт, хүн амын өсөлтдөө анхаарахгүй бол манайх шиг цөөн тооны хүн амтай, эдийн засаг эмзэг орны хувьд насжилт нэгэнт явагдвал эдийн засаг улам ганхаж, тогтвортой өсөлт ярих боломж улам хязгаарлагдана. Иймээс төрөлтийг дэмжээч гээд байгаа юм. Ядаж л өндөр төрөлттэй үеийн залуусыг сайтар дэмжиж чадвал тэд тодорхой хугацаанд хөдөлмөрийн зах зээлийг аврах хүмүүс.
Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Харьцангуй бага өртөгтэй бөгөөд яг хүндээ очдог байх ёстой. Манай улсад бүх юм очих ёстой хүндээ очдоггүй
Мөн энэ хугацаанд амжиж тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэйг судлаачид хэлсээр байгаа. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэхгүй бол настайчуудынхаа тэтгэврийг ирээдүйд яаж өгөх вэ гэдэг нь том асуудал болно. Одоо бол хуваарилалтын тогтолцоогоор яваад байна.
Монгол Улс их төрөлттэй байсан үе буюу 1960, 1970-аад оны үеийн масс ажиллаж байгаа учраас өнөөгийн өндөр насны тэтгэврийг олгоод байгаа. 1960-1970-аад оныхон тэтгэвэрт гарлаа гэхэд тэдний хүүхдүүд нь энэ үеийнхнээс тооны хувьд хоёр дахин бага. Хоёр дахин бага тооны хүмүүс өмнөх үеийнхнийхээ тэтгэврийн мөнгийг хуримтлуулж, өндөр насны тэтгэвэр өгч чадах уу гэдэг байна.
Хуримтлууллаа гээд өнөөгийнх шиг хэмжээнд хүргэж чадахгүй, ажиллах бааз нь хумигдчихсан учраас тэр. Ингэснээр нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал уналтад орж, эдийн засаг хямарна. Хүн амын өсөлт гэдэг нь олон хүнтэй болох гээд байгаа биш, үүний цаана маш олон асуудал байна.
- Манай улсад төрөлтийг дэмжих хэрэгслүүдийн нэг нь "Эхийн алдар одон" гэж хардаг. Гэхдээ үүнийг сайшаах ч, шүүмжлэх ч хүн олон байна?
- Одон нь өөрөө асуудал болчихсон. Эхийн алдар одон тодорхой цаг хугацаанд өөрийнхөө үүргийг биелүүлсэн. Энэ нь төрөлт, хүн амын өсөлтийг дэмжих бодлогын нэг хэрэгсэл байсныг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө 1980-аад оныг дуустал өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлчихсэн. Харин өнөөдрийн нийгэмд одон зүүх гэдэг нь орчин үеийн залууст хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшний хэрэгсэл биш болчхоод байгаа.
Одон авч буй хүмүүсийн насыг судалбал 70 орчим хувь нь 45-аас дээш насныхан. Нөхөн үржихүйн идэвхтэй насныхан цөөн хувьд эзэлдэг. 20-34 насныхан бол бүр бага. Иймд одонг төрөлтийг дэмжих хэрэгсэл болгоно гэдэг нь одоо бол утгагүй.
- Төрөлтөд нөлөөлж байгаа өөр нэг зүйл нь салалт байх. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Салалт өндөр байгаа. Дээрх судалгааны хүрээнд 18-34 насны залуусаас гэрлэлт, салалтын талаар асуухад 60 хувь нь албан ёсны гэрлэлт байх ёстой гэсэн бол 40 хувь нь салалт байж болно гэж хариулсан. Албан ёсоор гэрлэж болно, болохгүй бол сална гэсэн үг. Салалт мэдээж төрөлтөд сөргөөр нөлөөлж байна.
Монголчууд бол эрт үеэсээ хүүхэд төвтэй гэр бүлийн хөгжлийг ярьдаг, гэр бүлийн аз жаргал, баяр баяслыг үнэт зүйл болгож ирсэн ард түмэн. Судалгааны хүрээнд энэ үнэт зүйл хэр өөрчлөгдсөнийг авч үзэхэд бүрмөсөн өөрчлөгдчихөөгүй. Залуус 2-3 хүүхэдтэй болоод гэр бүл төвтэй амьдралыг бүтээх талаар ярьж байна. Гэвч үүний цаана 30-40 хувь нь салж болно, хамтран амьдрахыг хүлээн зөвшөөрнө, гэрлэлтээс гадуур хүүхэдтэй байж болно гэх мэтээр өндөр хөгжилтэй орнуудад яригддаг хувь хүн төвтэй хандлага орж ирээд байгааг харуулсан. Нийгмийн сэтгэл зүйн уг хандлага нь хотжилтын нөлөөнд үүсдэг. Хот маягийн амьдрал нь хэт хувь хүн төвтэй хандлагыг төлөвшүүлдэг. Хөдөөгийн амьдрал бол хамтаараа байдаг онцлогтой.
Хотжихын хэрээр өөрийнхөө үзэл хандлага, хувь хүний хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлчихдэг. Нөлөө нь залуусын дунд бодитой бий. Баруунд олноороо сурч байна, бага наснаасаа, 12 дугаар ангиа төгсөөд л сурахаар гадагшаа явж байна. Төлөвшөөгүй, гэр бүл, амьдрал ахуй зохиох ойлголтгүйгээр барууны ертөнцөд очоод амьдрал ийм л байдаг юм байна гэдэг ойлголт авчихдаг.
- Гэрлэх, хүүхэдтэй болох гэдэг нь зөвхөн тухайн гэр бүл төдийгүй нийгэм, улс үндэстний ирээдүйн асуудал шүү гэдгийг та нэлээд ойлгомжтойгоор тайлбарлалаа. Тэгвэл цаашдаа залуусын үзэл бодол, хандлагыг төлөвшүүлэхэд хаанаас эхлэх вэ, юунд анхаарах вэ гэдгийг судлаачийн хувьд хэлж өгнө үү?
- Монгол Улсын хувьд боловсролын салбараараа дамжуулж, багаас нь хүүхдэд гэр бүл, хүүхэд, улс эх орон ямар чухал вэ гэдгийг ойлгуулах ёстой. Одоо бол эх оронч сэтгэлгээ гэхээр дээл өмсөх төдийгөөр хязгаарлаж байна.
Тэгж байж залуус гэр бүл болох насан дээрээ өөр өнцгөөс харна. Өөрийгөө бодохоос гадна нийгэм, улс үндэстнээ хол ухаанчаар хардаг болно. Ийм хандлагыг төлөвшүүлмээр байна.
Сонголтоо хийх боломжийг залуустаа олгомоор байна. Хоёр хүүхэдтэй байж байгаад гурван хүүхэдтэй болмоор байгаа маш олон гэр бүл байна. Хүсэмжит хүүхдийн тоогоо гурав гэж хэлээд байхад дахин нэг хүүхэд төрүүлэх боломжийг нь засгаас дэмжихийн тулд ажилламаар байна. Болохгүй зүйл биш, боломжтой зүйл.
Бэлэн мөнгөний урсгалаа болимоор байна. Улс орныг ядуурлаас гаргадаг, хөгжлийг чиглүүлдэг салбар нь боловсрол, эрүүл мэнд. Гэтэл манай улс эхэлж мөнгөтэй болчхоод энэ хоёроо цэгцэлнэ гээд гол хоёр салбарынхаа мөнгийг танаад, баахан мега төслүүд яриад байдаг. Яг үнэндээ тэр мега төслүүдэд ажиллах хүч нь байгаа юу. Ажиллах хүний тоо харагдаж болох ч тэр тооны хүмүүс нь ур чадвартай ажилтан мөн үү гээд чанар харвал манайх чанарын асар их доголдолтой.
Ийм холбоосуудыг дээр байгаа хүмүүс боддог баймаар юм. Маш сайн судалгаануудыг судлаачид гаргаж өгдөг, ингэж холбож хараач гэж хэлдэг. Гэтэл амиа аргацаасан, ойрын хугацааны гал унтраах байдлаар хүмүүст таалагдах хэлбэрээр улс төр явуулж байгаа нь харамсалтай байна.
- Үндэсний Статистикийн Хорооноос таван сая дахь иргэнээ хүлээн авах тооцооллыг хэд хэдэн удаа хойшлуулсан. Та бүгдийн судалгаагаар таван сая дахь иргэний тооцоолол хэрхэн гарсан бэ?
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнгөрсөн сард болсон. Энэ хуулийн төсөлд судлаачид ямар санал өгч байгаа вэ. Уг хуулийн төслөөр гэр бүлийг бодитоор дэмжиж чадах болов уу?
- Гэр бүлийн хөгжлийн дэмжих тухай хуулийн төсөлд өмнө нь Халамжийн хууль дээр байсан зүйл заалтуудаа оруулаад, нэмэгдсэн зүйл нь гэр бүлийн боловсрол олгох Гэр бүлийн хөгжлийн төв байгуулна гэх мэтээр оруулж ирсэн. Хөгжлийн төв байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм байшин барина гэж хуульчлахаас илүүтэй хуульдаа хэдхэн гол заалтыг оруулмаар байна.
Өмнө хэлсэнчлэн нэг хүүхдээс хоёр, хоёр хүүхдээс гурван хүүхэдтэй болохыг дэмжихдээ татвартай нь холбоод өгөөч гэж байгаа.
Татварын суурийг өргөсгөе гэж байгаа бол хүн амаа өсгөх ёстой. Манай улсын татварын суурь нэгж нь хүн. Бусад улсад өрх байдаг. Ялгаатай систем. Татвар төлдөг хүний тоог өсгөмөөр байгаа бол одоогийн төрөлтийн түвшинг дэмжих үйлчилгээг татварын хөнгөлөлттэй уях хэрэгтэй.
Хүүхдийн тоо нэмэгдэх тусам хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах хэрэгтэй. Ажил олгогч нар олон хүүхэдтэй ажилтныхаа цагийг уян хатан байлгах, орчин нөхцөлийг бүрдүүлсэн бол мөн татвараас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх механизмыг хийж яагаад болохгүй гэж.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийн анхны хэлэлцүүлэг дээр татварын газраас ирсэн дарга нь гурав ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг ипотект оочергүй оруулах, татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэг заалтыг хуульд тусгах боломжгүй гэсэн. Хэрэв ингэвэл хуучин Халамжийн хууль дээр байсан заалтууд нэрээ өөрчлөөд л гарч ирнэ гэсэн үг.
Нийгмийн бодлогын асуудлыг татвартай уях нь хамгийн зөв байдаг. Олон хүүхэдтэй өрхөд хөнгөлөлт үзүүлбэл маш бодитой. Манайх шийдвэр гаргахдаа массаар нь шийддэг онцлогтой. Ялгааг тодорхой байлгах гэхээр хүнийг ялгаварлан гадуурхлаа гээд ялгаатай байдлыг өөрт ашигтайгаар тайлбарладаг. Нөхцөлт буюу зорилтот байдлаар бодлогоо гаргаад явбал одонгоос илүү төрөлтөд сайнаар нөлөөлнө.
Төгсгөлд нь нэмээд хэлэхэд, Монгол Улс хүн ам зүйн бодлогыг шинжлэх ухаан талаас ойлгож хүлээж авдаг болмоор байна, ялангуяа удирдах түвшний хүмүүс. Хүн ам зүйн бодлогогүйгээс болоод олон улсад ажиглагдсан хандлагыг монгол залуус урсгалаараа хүлээж аваад, уусаж орох гээд байна.
21 аймгийн Засаг даргын нарын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр хэрэгжиж байна. Үүн дээр би бодлогын анализ хийж байгаа. 21 аймгийн Засаг дарга нар ажлаа дөрвөн жилээр төлөвлөхдөө хүн амаа өсгөхтэй холбоотой ямар арга хэмжээ төлөвлөсөн бэ гэдгийг судалж байна. Хүн амаа өсгөхийг хүчээр хийж болдоггүй, бодлоготой байх ёстой.
Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийг уншихад хүн амын өсөлтөө хангана гэсэн өгүүлбэр байдаг. Яаж гэдэг нь тодорхойгүй.
Монгол Улс төрөлт буурч байгааг анхааръя гэвэл орон нутгаасаа эхлэх ёстой. Мөрийн хөтөлбөрийнх нь нэг дэд хэсэг нь хүн ам зүйн өсөлтийг хангахтай холбоотой хүн ам зүйн бодлогын багц байгаад төрөлтөө яаж дэмжих, нас баралтыг хэрхэн бууруулах, шилжилт хөдөлгөөнөө зохицуулах вэ буюу хүн амын өсөлтөд хамаардаг гол гурван хүчин зүйл дээр яаж ажиллахаа тодорхой болгоод, боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлогоо гаргах ёстой.
Хүн амын тоо, бүтцээ хэмжиж үнэлээд дөрвөн жилийн бодлогоо гарган хэрэгжүүлбэл ахиц гарна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!