Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мэндсайхан: 2039-2040 онд дөрвөн сая дахь иргэн төрнө

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголчууд 26 жилийн дараа гурван саяулаа боллоо. Дахин саяар нэмэгдэхийн тулд ямар хугацаа шаардлагатай болон, хүн амаа өсгөхийн тулд төрөөс ямар бодлого баримтлах зүйтэй талаар Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайхантай ярилцлаа.

-Манай улс хэдэн жилийн дараа дөрвөн саяулаа болох тооцоо байна вэ?

-Манай улсад 1988 онд 75,832 хүүхэд төрж, хамгийн дээд түвшинд хүрч байсан. 1989-2000 онуудад төрөлтийн хэмжээ буурсан. Харин 2013 онд төрөлтийн хэмжээ эрс нэмэгдэж 79,780 хүүхэд төрснөөр 1988 оны рекордыг эвдсэн. 2014 онд 82,839 хүүхэд төрсөн.

Сүүлийн үед төрөлтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь 1987, 1988 онд төрсөн хүүхдүүд одоо 26, 27 настай, нөхөн үржихүйн насанд хүрсэнтэй холбоотой. Дээр нь төрөөс хүүхэд төрүүлэхэд үзүүлдэг дэмжих бодлого нөлөөлж байгаа.

Нөгөө талаасаа хүн амын төрөлт амьжиргааны нөхцөл байдалтай холбоотой. Зах зээлд орж байсан үед төрөлт багассан бол одоо амьжиргаа нь жаахан нэмэгдэж байна. Үүнээс цааш 1989-2005 онд цөөн төрсөн хүүхдүүд нөхөн үржихүйн насанд хүрнэ. Тэгэхээр төрөх насны эмэгтэйчүүдийн тоо цөөхөн болох учраас төрөлт буурах магадлалтай.

Тиймээс төр хүн амын өсөлтөө одоо байгаа хэмжээнд нь барьж үлдэхийн тулд төрөлтийг дэмжих хэрэгтэй. Хүн амын өсөлт хэвийн байвал 2039 юм уу 2040 онд дахин саяар нэмэгдэх магадлалтай байна. 

-Хүн амынхаа өсөлтийг одоо байгаа хэмжээнд нь хадгалж үлдэхийн тулд төрөөс ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд энэ цаг хугацаанд зөв нөхөгдөх хэрэгтэй. Ялангуяа төрөлт буурсан үе буюу 1989-2000 оныхон жил жилээр нөхөн  үржихүйн насанд орж ирж байна. Тиймээс энэ үед төрөлтийг дэмжих бодлого урд урдынхаас онцгой байх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар нас баралт, нялхсын эндэгдэл буурч байна. Үүнийгээ ч цаашдаа сайжруулах хэрэгтэй.

Нөхөн үржихүйн насны иргэдийнхээ боловсрол, гэр бүл төлөвлөлтийн тал  дээр анхаарах хэрэгтэй. Ер нь ажилтай, амьдралаа аваад явах чадвартай болоод л хүн хүүхэд төрүүлэх асуудлыг ярина. Түүнээс амьдрал хэцүү, сарын 20 мянган төгрөг авахын төлөө хүүхэд төрүүлнэ гэдэг ойлголт байхгүй.

Сүүлийн үед төрөлт нэмэгдэж байгаа нь 1987, 1988 онд төрсөн хүүхдүүд одоо 26, 27 настай, нөхөн үржихүйн насанд хүрсэнтэй холбоотой

Хүүхэд төрүүлээд хоол, хувцастай байлгаж, боловсрол эзэмшүүлж чадна гэж бодсоны үндсэн дээр хүүхэд төрүүлнэ. Тиймээс нийт иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Хүн амаа өсгөх чухал гэдгийг тооцож бие даасан Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам байгуулсан гэж ойлгож байгаа.

Нөгөө талаар манай улсын хүн амын цонх гэж таатай үе байна. 2000 оны тооллогоор 15-65 насны буюу ажил хөдөлмөр эрхлэх насны 100 хүнд 15 хүртэлх насны хүүхэд болон 65-аас дээш насны ахмад настан нийлсэн 86 хүн ногдож байсан. Харин 2010 оны тооллогоор энэ харьцаа багасаж, ажил хөдөлмөрийн насны 100 хүнд 45 хүүхэд, өндөр настан оногдож байна.

Тэгэхээр хоёр хүн дундаа нэг ахмад настан, хүүхэд тэтгээд явах бололцоотой таатай үе гарч ирсэн байна. Энэ цаашдаа 20-иод жил үргэлжилнэ. 

-Улс орон олон хүнтэй байх, хүнээ өсгөхийн ач холбогдол юундаа байдаг юм бэ?

-Монголчууд хүн нэмбэл хүнс нэмнэ гэж хэлдэг. Асар их өргөн уудам нутагт ердөө гуравхан сая хүн амьдарч байна. Нэг км.кв нутаг дээр амьдарч байгаа хүмүүсийн тоогоор хамгийн сийрэг. Бүр нарийвчилбал гурван сая хүний нэг сая 200 мянга орчим нь Улаанбаатар хотод амьдардаг.

Тэгээд Дархан, Орхон гэсэн хотуудад байна. Ер нь хүн амын 60 гаруй хувь нь төв суурин газраа амьдардаг. Ингээд бодохоор энэ өргөн уудам нутгийн маш багахан хэсэгт иргэд амьдарч байна. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолоо бодвол том газар нутагт хүн оршин сууж, амьдарч байж л улс орон баталгаатай байна шүү дээ.

Нөгөө талаараа хүн олон байвал хөдөлмөрлөх бололцоо их болно. Өнөөдөр бид гурван сая хүний хоол бэлдэх тухай ярьж байна. Манай хүн ам таван сая боллоо гэхэд төдий хэмжээний гутал, хоол, хувцас үйлдвэрлэх хэрэгтэй болж, эдийн засаг тэр хэмжээгээр тэлнэ.

Өнөөдөр бид цөөхүүлээ байгаа учраас цөөхөн хүний хоол, хувцас бэлдэж байна. Тэр хэмжээгээр жижиг эдийн засаг бий болсон. Энэ мэтчилэн хүн ам олон байхын ач холбогдлыг маш олон янзаар тайлбарлаж болно. 

-Гадаадад манай улсын олон мянган иргэн амьдарч, тэндээ төрж байна. Зарим хүмүүс Америкийн иргэншил авахын тулд тэнд очиж төрж байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Гадаадад төрсөн хүмүүс ямар улсын иргэншилтэй байдаг юм бол?

-Хууль эрх зүй талаасаа Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс шинээр төрж байгаа хүүхдүүд өөрийн иргэншлээ сонгох эрхтэй. Америкт төрөөд тэндхийн иргэншил авсан бол тэр хүн Монгол Улсын иргэн биш.

-Өмнө нь хүүхэд төрүүлээд монголдоо амьдарч байсан гэр бүл, дараагийн хүүхдээ өөр улсад очиж төрүүлээд тэндхийнхээ иргэншлийг авсан тохиолдолд тухайн гэр бүл Монгол Улсын иргэн байх уу?

-Өөр улсад төрсөн хүүхэд нь тухайн орныхоо иргэншлийг авсан бол Монгол Улсын иргэн биш. Гэр бүл нь иргэншлээ солиогүй тохиолдолд Монгол Улсын иргэн байна.

-Гадны хүмүүстэй гэр бүл болоод хүүхэд төрүүлж байгаа тохиолдол маш их бий. Эдгээр иргэдийг хэрхэн бүртгэдэг юм бол?

-Энэ бол эцэг эхийн сонголтын асуудал. Ер нь бол Монгол Улсын харьяат байхын тулд аав, ээж хоёрын хэн нэг нь Монгол Улсын иргэн байх ёстой. Нөгөө талаар цэвэр гадаадын иргэн Монгол Улсын иргэн болох хүсэлтэй байвал хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж шийдвэрлэнэ.

Сая гурван сая дахь иргэнийг тодруулахын тулд Монгол Улсын гурван сая дахь иргэн байх учраас энэ хүүхдийн аав, ээж нь аль улсын иргэн байна вэ гэдгийг нягтлах ажлыг хийсэн.

-Хэрвээ гурван сая дахь иргэний аав, ээжийнх нь нэг нь гадны иргэн байсан бол гурван сая дахь иргэнээр тодруулахгүй байсан гэсэн үг үү?

-Тодруулахгүй. Ерөөсөө анхнаасаа хүн амын төрөлт, нас баралтын олон жилийн дунджаас харахад нэгдүгээр сарын хоёрдугаар хагасад гурван сая хүрэх тооцоо байсан. Шинэ он гарахад манай улс хоёр сая 995 мянга 949 хүнтэй байсан. Нэгдүгээр сарын 19-өөс хойш төрсөн бүх хүүхдийнхээ харьяаллыг бүртгэж, хэн хэдэн цагт төрснийг тэмдэглэсэн. 

-Алслагдсан гэр хороолол, хөдөө сумдад амьдарч байгаа иргэд бүртгэлд хамрагдаагүй тохиолдол багагүй байдаг гэсэн мэдээлэл бий. Ер нь иргэний бүртгэлд хамрагдаагүй байх боломжтой хүмүүсийн тоо байдаг уу?

-Монгол Улсын иргэн төрөөд л бүртгүүлж байгаа. Амьдрал нь хэцүү, хог түүж амьдарч байгаа хүмүүс иргэний бүртгэлийн бичиг баримт өөр дээр нь байж магадгүй. Гэхдээ төрөхөд нь бүртгүүлсэн учраас тоо бүртгэлд орж явна. Хаана, хэнтэй амьдарч байгаа мэдээлэл нь дутуу байж болзошгүй. 2010 оны тооллогоос харахад цагдаагийн байгууллага хэчнээн хүн хаана амьдарч байгаа талаарх бүртгэл маш сайн хийдэг юм билээ

-Манайд 32 минут тутамд нэг хүн нас бардаг гэж байсан. Энэ нь улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа бол?

-1000 хүнд оногдох нас баралтаар тооцдог. Нас баралтын хэмжээг тогтоохдоо сүүлийн гурван жилийн нэгдүгээр сард нас барсан тоог харсан. Нэгдүгээр сарын 31 хоногт дунджаар 1,385 хүн нас барж байна гэсэн тоо гарсан. Тэгэхээр 31 хоногийг минут, секундэд шилжүүлээд тооцохоор 32 минут 13.862 секундэд  нэг хүн нас барж байна.