Уншиж байна ...

АНУ-ын армийн алба хаагч ОХУ-д зорчиж байхдаа хулгайн хэргээр баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби

Өмнөд Солонгост алба хаадаг АНУ-ын армийн цэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрт саатуулагдсан тухай албаны эх сурвалжууд Даваа гарагт мэдээлжээ.

Оросын тал түрүүч Гордон Блэкийг нэгэн эмэгтэйн эд зүйлийг хулгайлсан хэрэгт сэжиглэсэн тухай мэдээлсэн байна.

Тэрбээр тавдугаар сарын 2-ны өдөр албан бус шугамаар ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод очоод байхдаа ийнхүү саатуулагджээ.

Болсон явдлын талаар мэдээлэл аваад судалж байгаагаа Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Гэхдээ тэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

“Зэвсэгт хүчин алба хаагчийн ар гэрийнхэнд болсон явдлын талаар мэдээлсэн. АНУ-ын төрийн департамент ОХУ-д саатуулагдсан алба хаагчид консулын шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж байгаа” гэж армийн хэвлэлийн төлөөлөгч Синтиа Смит мэдэгджээ.

Түрүүч Өмнөд Солонгос дахь баазад алба хааж дуусаад АНУ-ын Техас мужийн Форт Кавазосын баазад буцахаар бэлдэж байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC