Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд гадаадын жуулчид зэвсэгт халдлагад өртөх үеэр дөрвөн хүн алагджээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Афганистаны төв бүсийн Бамян мужийн зах дээр бүлэг жуулчид зэвсэгт халдлагад өртөх үеэр дөрвөн хүн алагдсан тухай Талибаны эрх баригчид мэдээлжээ.

Жуулчдын бүлэгт нийт 11 хүн байсны долоо нь гадаадын иргэд, дөрөв нь афган хүмүүс байсныг Талибаны дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Алагдсан хүмүүсийн гурав нь гадаадын жуулчин, нэг нь афган хөтөч байжээ.

Талибаны засгийн газар хохирогчид ямар улсын иргэд болохыг мэдээлээгүй байна. Афганистаны эмнэлгийн эх сурвалжаас авсан мэдээллээр бол алагдсан жуулчид бүгд Испанийн иргэд байжээ.

Жуулчдын бүлэгт Норвеги, Австрали, Литва, Испанийн иргэд багтаж байсан гэнэ.

Испани улсын гадаад хэргийн яам иргэд нь халдлагад өртсөнийг баталсан ч яг хэдэн хүн алагдсаныг эцэслэн тогтоогоогүй байгааг мэдээлжээ.

Талибаны аюулаас хамгаалах байгууллага халдлагатай холбогдуулан дөрвөн этгээдийг баривчилснаа мэдээлсэн байна.

2021 онд Талибаны дэглэм тогтож, аюулгүй байдал сайжирсны үр дүнд Афганистанд ирэх гадаадын жуулчдын тоо өссөн гэдэг.

Халдлага гарсан Бамян муж нь Исламын шашны шийт урсгалыг дагадаг Хазара үндэстний цөөнхийн нутаг юм.

Энэ мужийн нутагт эрт цагт хадан цохионд ухаж сийлсэн Буддагийн аварга том дүр байсныг 2001 онд Талибанчууд дэлбэлж байв.

Уг эвдэн сүйтгэлийг дэлхий даяар “соёлын эсрэг зууны гэмт хэрэг” хэмээн буруутгадаг.

 

Эх сурвалж: AFP