Песковын эхнэр өөрт нь оноосон Европын Холбооны хоригийг цуцлуулахаар шүүхэд хандаж, хохирлын 2 сая евро нэхэмжлэв
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын эхнэр Татьяна Навка өөрт нь оноосон Украины дайнтай холбоотой Европын Холбооны хориг арга хэмжээг хүчингүй болгох зорилгоор шүүхэд ханджээ.
Уран гулгалтын төрлөөр Олимпын аварга болж байсан тэрбээр 2022 оны зургаадугаар сард буюу Украины дайн эхэлсний дараа нөхөр болон охин Елизавета, хүү Николай нарын хамт Европын Холбооны хориг арга хэмжээний хар жагсаалтад орж байсан юм.
Үүнд визийн хориг, санхүүгийн үйл ажиллагааны хязгаарлалт зэрэг шийтгэл багтдаг.
Зөвлөлтийн үед Украинд төрсөн, Оросын иргэн Навка өөрт нь оноосон хориг арга хэмжээг цуцлуулахаар Европын шүүхэд ханджээ.
Ингэхдээ тэр хориг арга хэмжээний учир шалтгааныг тодорхой тайлбарлаагүй, хуулийн алдаа завхрал гаргасан, өөрийг нь хоригийн зорилготой холбох хангалттай нотолгоо гаргаж чадаагүй гэх зэргээр үндэслэлээ тайлбарласныг Европын Холбооны EUR-Lex сайтад нийтлэгдсэн баримт бичиг харуулж байна.
Навка бас өөрт нь учруулсан материаллаг хохирол, нэр хүндэд учруулсан материаллаг бус хохирлын төлөө нийт хоёр сая еврог Европын Холбооны Зөвлөлөөс нэхэмжилжээ.
Оросын төрийн өмчит, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн Ростек компанийн тэргүүн Сергей Чемезовын эхнэр Екатерина Игнатова мөн адил үндэслэлээр Европын Холбооны эсрэг шүүхэд гомдол гаргасан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
