Канадын Засгийн газраас хоккейн залуучуудын ДАШТ-д оролцох орос тамирчдыг улсдаа нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэв
Канадын Засгийн газраас залуучуудын хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох ОХУ-ын тамирчин болон албаны хүмүүсийг улсдаа нэвтрүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Хоккейн залуучуудын ДАШТ ирэх арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 5-ныг дуустал Канадад болох юм.
Тус улсын спортын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адам ван Коеверден Reuters агентлагт өгсөн мэдэгдэлдээ "Орос, Беларусийн Украинд хийж буй дайн үргэлжилж байгаа цагт тус улсын тамирчдыг өөрийн нутагтаа нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй" гэв.
Энэ талаар Канадын хоккейн холбооноос Засгийн газрынхаа бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Олон Улсын Хоккейн Холбоо болон ОХУ-ын талаас ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.
Өнгөрсөн сард Спортын Арбитрын Шүүх (CAS)-ээс ОХУ-ын шигшээ багийг залуучуудын ДАШТ-д оролцуулах шийдвэр гаргасан юм. Дайнаас хойш ОХУ-ын баг тамирчдыг тэмцээнд оролцуулахаас татгалзсан Олон Улсын Хоккейн Холбоо (IIHF)-ноос энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа удаа дараа мэдэгдсэн байдаг.
Өмнө нь Канадын ерөнхий сайд Марк Карней ОХУ-ын шигшээ багт зөвхөн төвийг сахисан тамирчид багтвал нутагтаа болох тэмцээнд оролцуулахыг зөвшөөрнө гэж мэдэгдэж байв. Харин энэ шаардлагыг ОХУ-ын талаас биелүүлээгүй гэж үзсэн тул виз олгохгүй гэж албаныхан мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
