Нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунханд хүндэтгэлгүй хандсан Пентагоны тэргүүнийг харуулын цэрэг зандрав
Лхагва гарагт Арлингтоны үндэсний оршуулгын газарт болсон Ахмад дайчдын өдрийн ёслолын дараа АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт болон түүнийг дагалдсан албаны хүмүүст “Нэр үл мэдэгдэх цэргийн бунхан”-ы харуулын цэрэг сануулга өгсөн нь ховор сонин үйл явдал байлаа.
Үйл явдлын дүрс бичлэгт харагдаж байгаагаар Хэгсэт эхнэр Женнифер, тамгын газрын дарга Рики Буриа, тамгын газрын даргын орлогч Патрик Уивер, ахлах зөвлөх Тами Радабау нарын хамт бунхны өмнөх шатан дээр зургаа авхуулж байв.
Зураг авхуулж дуусаад тэднийг холдох үед чанга инээх чимээ сонсогдсон бөгөөд энэ үеэр бунхныг хамгаалж байсан харуулын цэрэг "Бүх зочид энд байх хугацаандаа чимээгүй байж, хүндэтгэлтэй хандах ёстой" хэмээн өндөр дуугаар зандран хэлжээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл сүүлд "Энэхүү хүндэтгэлт өдрийг тэмдэглэж байх үед цэргийн алба хаагч тэнд байсан бүх хүмүүст зохих ёсоор, хүндэтгэлтэйгээр дэг журам сахихыг сануулсан байна" гэж болсон явдлыг тайлбарласан юм.
Тэрбээр цааш нь "Батлан хамгаалахын сайд болон яамны нийт бүрэлдэхүүн Америкийн аюулгүй байдлыг хангахын төлөө цэрэг эрчүүд, эмэгтэйчүүдийн гаргасан золиосыг үргэлж хүндэтгэсээр ирсэн, цаашид ч хүндэтгэх болно" гэж мэдэгджээ.
Энэхүү бунхан нь АНУ-ын дайны дурсгалт газруудаас хамгийн хүндэтгэлтэй, дээдлэгддэг газруудын нэг бөгөөд энд Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайн болон Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн, хэн болох нь тогтоогдоогүй цэргүүд нойрсож байдаг юм.
1948 оноос хойш тус бунхныг АНУ-ын армийн гуравдугаар явган цэргийн хороо буюу "Хуучин гварди" (The Old Guard) хэмээн нэрлэгддэг ангийн цэргүүд цаг агаарын ямар ч нөхцөлд өдөр шөнөгүй манаж, хамгаалсаар иржээ.
Хэгсэт болон түүний багийнхан Ахмад дайчдын өдөрт зориулсан томоохон ёслолын хүрээнд тус бунханд зочилсон бөгөөд уг арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нар мөн оролцсон байна.
Энэхүү үйл явдал нь Хэгсэтийн эсрэг Конгрессын хууль тогтоогчдын санаачилсан албан тушаалаас нь огцруулах (impeachment) санал хураалт Мягмар гарагийн үдээс хойш амжилтгүй болсноос хойш нэг хоног ч хүрэхгүй хугацааны дараа болсон юм.
Хэгсэтийг огцруулах санал хураалтыг Кентакки мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн, Конгрессын төлөөлөгч Томас Мэсси санаачилсан бөгөөд Ардчилсан Намынхан дэмжсэн байна.
Хэдийгээр Мягмар гарагийн санал хураалтаар Хэгсэтийн эсрэг талынхан амжилт олоогүй ч Бүгд Найрамдахчууд үүнийг хойшлуулж чадсан төдий гэж ажиглагчид үзэж байгаа.
Учир нь Бүгд Найрамдах Нам одоогийн Конгресст олонх байгаа ч өнгөрсөн долоо хоногийн завсрын сонгуулиар олонх болсон Ардчилсан Намын танхим ирэх нэгдүгээр сараас үүрэгт ажилдаа орох юм. Тэр үед дахин санал хураалт явуулбал Хэгсэт тэсэхгүй нь тодорхой.
Арлингтонд болсон явдлын дараахан Висконсин мужийн Ардчилсан Намын гишүүн, Конгрессын гишүүн Гвэн Мур үүнийг Хэгсэт "албан тушаалдаа бүрэн тэнцэхгүй байгаагаа" харуулсан ээлжит нэг тохиолдол гэж дүгнэжээ.
"Импичментээс арай ядан зайлсхийснийхээ маргааш тэрбээр нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхны ариун байдлыг үл хүндэтгэснээр дүрэмт хувцастай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг үл тоомсорлож байгаагаа харууллаа" гэж тэр сошиал хуудсандаа шүүмжилсэн бичсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
