Б.Батдэлгэр: Хууль дээдлэх ёс хуульчийн шалгалтаас эхлэх ёстой. Гомдлоор 89 хүн тэнцүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна
Энэ 2026 оны аравдугаар сарын 28-наас 30-ныг дуустал хуульчийн мэргэжлийн шалгалт явагдсан билээ.
Уг шалгалттай холбоотойгоор эрх зүйч Б.Батдэлгэр хуульчдын холбоонд шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдэгдлээ. Цаашлаад шаардлагаа Улсын Их Хурал (УИХ) болон Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ талаар Б.Батдэлгэр "Эрүүгийн хэргийн шалгалт буюу аравдугаар сарын 29-нөөс эхлээд шалгуулагчдын эрх ашгийг зөрчиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл шалгалт 09:00 цагаас эхлэх ёстой байтал 2:30 цаг танхимд бид бүхнийг суулгаад шалгалт эхлээгүй. Үүний шалтгаан нь https://legalinfo.mn/mn хакдуулснаас үүдэлтэйгээр орохоо больсон.
Энэ жил нийт 1,277 хүн хуульчийн шалгалт өгсөн. Үүнээс бодлогын шалгалтад 700 гаруй хүн тэнцсэн. Ингээд шалгалт эхлэхгүй хоёр цаг гаруй, зарим газраа дөрвөн цаг орчим хойшлуулсан. Маргааш нь мөн л дээрх шалтгаанаар шалгалт маань хойшлогдсон.
Эрх зүйч хүмүүс хуульч болох зорилгоор шалгалт өгдөг. Гэтэл энэ жилийн шалгалтад ирсэн эрүүгийн хэргийн бодлого нь анхан шатны шүүх нь хүний амь насыг санамсар, болгоомжгүй буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-гаар яллаад буруутгасан байдаг бол давж заалдах шатны шүүхээр санаатай аллага гэж үзсэн ч Дээд шүүх нь санамсар, болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэж шийдсэн бодлогыг шалгалтад оруулж ирж байна.
Үүнийг манай шалгуулагч нар үнэхээр ойлгохгүй байна. Мэргэшсэн хуульч нар буюу шүүгч нар дунд маргаантай бодлогыг зориуд шалгалтад оруулж ирдэг нь зориуд санаатай үйлдэл гэж харж буй.
Энэ жил нийт 1,277 хүн хуульчийн шалгалт өгснөөс 149 хүн тэнцсэн. Гэхдээ хамгийн анх шалгалтын дүн гарахад 60 хүн тэнцсэн бол дараа нь гомдол гаргахад 89 хүн тэнцсэн. Тэгвэл анхны сорилтод тэнцсэн 60 хүний бодлого алдаатай байсан уу, гомдлоор 89 хүн тэнцүүлсэн нь ашиг сонирхол бий юу гэдгийг хуульчдын холбооноос тодруулмаар байна. Хууль дээдлэх ёс хуульчийн шалгалтаас эхлэх ёстой. Энэ шалгалт хүнд байж болно, эргэлзүүлсэн бодлоготой байж болох ч шударга зарчмаар явагдах ёстой.
Тийм учраас энэ жилийн хуульчийн шалгалтыг хүчингүй болгож дахин зохион байгуулахыг шаардаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
