Б.Баатархүү: Иргэн А хамгийн сүүлд Цэцэрлэгт хүрээлэнгийн камерт бүдэг харагдаад түүнээс цааш байшин барилга, камергүй бүс рүү явсан байсан

А.Ням-Өлзий, iKon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сураггүй болоод олон хонож байгаа иргэдийн талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл “2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр иргэн А “Манай охин есдүгээр сарын 13-нд ажлаасаа гараад сураггүй алга болсон” гэх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн О нь 2026 оны есдүгээр сарын 13-ны 18:00 цагийн үед өөрийн ажлын газар болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Спорт цогцолбороос гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийт хоёр удаа таван хоногт давхардсан тоогоор 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт нэг иргэнийг яллагдагчаар татан цагдан хорьж шалгаж байна.

Хоёрдугаарт, Дорнод аймгийн Баяндун суманд 2026 оны аравдугаар сарын 3-4-ний хооронд иргэн Ш сураггүй алга боллоо гэдэг мэдээлэл аравдугаар сарын 8-нд цагдаагийн байгууллагад ирсэн. Нийт 23 хоногийн хугацаанд 844 хүн, 146 тээврийн хэрэгсэл, 51 мотоцикл, 44 морь, 35 дронтойгоор 30 км радиуст эрэн хайх, самнах ажиллагаа зохион байгуулсан. Эрлийн болон мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа.

Мөн Увс аймагт иргэн А нь 2026 оны аравдугаар сарын 15-нд малд яваад сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэг дээр нийт 14 хоногийн хугацаанд 715 алба хаагч, 15 машин, 6 мотоцикл, 7 морь, 2 дрон, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайх ажиллагаа явуулсан. Ингээд ар гэрийн хүсэлтээр аравдугаар сарын 29-ний өдөр эрлийг түр зогсоосон.

Үргэлжлүүлэн ар гэрийнхний хүсэлтээр арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 13 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагаа явуулсан.

Цаашид эдгээр хэргүүд дээр эрэн хайх, самнах ажиллагаа тасралтгүй явагдана" гэв. 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 29-ний 19:00 цагийн үед иргэн А нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэрээсээ гарч яваад ирэхгүй байна гэдэг дуудлага мэдээллийг 30-ны өдрийн 15:40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийг авснаас хойш иргэн А-г эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна. Иргэн А БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гараад 2.6 км газар явган явсныг камерын бичлэгээс тогтоосон.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БЗД-ийн нутаг дэвсгэрт нийт 19 мянган камер ажилладаг. Тухайн иргэний явсан маршрутын дагуу 2,000 орчим камер байгаагаас ач холбогдолтой байршлуудаас нийт 269 камерт үзлэг, шалгалт хийж, явсан маршрутыг нь тогтоосон.

Нийт 2.6 км буюу “Чухаг” хотхоноос гараад “Шинэ 100 айл” чиглэл рүү явахдаа хамгийн сүүлд камерт өртсөн. Хамгийн сүүлд 500 метрээс татсан Цэцэрлэгт хүрээлэнгийн камерт бүдэг харагдаад цаашаа байшин барилга, камергүй бүс рүү явсан байсан.

Тухайн иргэний хамгийн сүүлд камерт бичигдсэн цаг минутад тэр хавиар явсан 216 тээврийн хэрэгслийг камерын тусламжтай олж тогтоон, гэрчийн мэдүүлэг авч байна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд 5 удаа 1,150 алба хаагчийн хүчээр самналт явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Туул гол хүртэл  гэсэн үг. Мөн өнөөдөр 504 алба хаагч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл самналт хийлээ. Эрэн хайх ажилд эрэлч нохой болон дрон ашиглаж байгаа" гэлээ.