Г.Билгүүн: 12 дугаар сарын 1-нээс нийтийн тээврийн автобуснуудыг шинэ системээр хянана
"Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнд 160 орчим шинэ автобусаар парк шинэчлэл хийж байгаа" хэмээн хотын удирдлагууд хэлж буй.
Гэвч нийтийн тээврийн автобус оройн цагаар буюу ажил тарах үеэр хүлээлгэж, иргэд шахалдаж явсаар байна.
Түүнчлэн зарим үед UBCARD аппликэйшн ажиллахгүй, автобус ирж байгааг үгүйг харах боломжгүй байдаг аж. Тиймээс нийслэлийн төсвөөс автобус бүрд GPS суурилуулж, хаана явж байгааг нь иргэдэд харуулдаг болгох саналыг зарим НИТХ-ын төлөөлөгч гаргасан юм.
Уг асуудалд Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Г.Билгүүн "2024 оноос автобусны парк шинэчлэлтэй уялдуулан нийтийн тээврийн автобусны цахим төлбөрийн болон удирдлага хяналтын дэд системийг ашиглалтад оруулсан. Уг систем нь автобусны байршлуудыг бодит цагийн горимоор харуулдаг. Зарим үед серверийн алдаа, сүлжээний тасалдал гарч байгаа. Хөгжүүлэгч компани болон ашиглагч "Улаанбаатар смарт" компани системийн хөгжүүлэлтийг байнга хийж байна.
Системийг хүлээж авах комисс саяхан ажиллаж, 12 дугаар сарын 1-нээс хуучин системийг зогсоогоод шинэ системээр гүйцэтгэл гаргах, хяналтаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ сард нийтийн тээврийн шинэ системд гарч байгаа алдааг засварлаж, бүрэн шилжилт хийхэд бэлэн болж байгаа" гэсэн тайлбарыг хэллээ.
Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1,180 гаруй автобус үйлчилгээнд явдаг бол иргэдээс 70044040 дугаарын утсанд өглөөдөө хоёр цагийн хугацаанд дунджаар 20 гаруй орчим санал, хүсэлт гаргадаг байна. Тухайлбал өчигдөр(2026.11.11) 07:00-09:00 цагийн хооронд дээрх дугаарын утсанд иргэдээс 22 дуудлага иржээ.
Сануулахад БНСУ-ын Газар, Дэд бүтэц, Тээврийн Яамны төлөөлөл "Улаанбаатар хотод нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна төрөл, чиглэл, үйлчилгээний чанарыг хөгжүүлэх нь чухал"-ыг зөвлөөд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
