Б.Пүрэвдагва: Метро маш хэцүү төсөл. Одоогийн байдлаар бараг 10 их наяд төгрөгөөр таван жилийн хугацаанд баригдана
Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон цаашид түгжрэлийг хэрхэн шийдвэрлэх тухай танилцуулав.
Хотын дарга Б.Пүрэвдагва "2027 оны төсвийн төлөвлөлтүүдийг боловсруулж байна. Авто замын түгжрэл олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнээс нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн замын хүртээмжтэй байдал, ухаалаг гэрэл дохио, их багтаамжийн тээвэр гэсэн зургаан чиглэлээр түгжрэлийн эсрэг арга хэмжээг авч ажиллана.
1. Ирэх онд нэгдүгээрт авто замыг хүртээмжтэй болгох хүрээнд олон түвшний уулзваруудыг барина. Энэ нь гүүрэн байгууламж байх юм. Хамгийн түрүүнд бэлэн болсон байгаа нь Нарны гүүрний доор Механик Инженерийн Сургуулийн(МИС) уулзварыг олон түвшинтэй болгоно. Баянбүрдийн тойрог, Офицеруудын ордны тойргийг дөрвөн замын уулзвар болгож, өөрчилнө. Хорооллуудын дундуур торлог замын сүлжээг барина. Торлог зам нь гудамжны нэг талаас ороход нөгөө талын замаар гараад ирэх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр төв замд ачаалал үүсэхгүй.
Хотын баруун талд 14.3 километр, зургаан эгнээтэй, "Баруун гарц" гэдэг нэртэй хурдны авто замыг барих юм. Иргэд наадмаар Эмээлт рүү явахад 2-8 цаг түгжирсэн тохиолдлууд бий. Баруун чиглэлд 16 аймгийн орц, гарц байдаг учраас уг хурдны замыг барихаар төлөвлөсөн.
Эмээлтээс Өлзийт хороолол чиглэлд 12 километр, 4 эгнээтэй хурдны авто замыг барина. Мөн төлбөр авах цэгүүдийг Улаанбаатар хотын хилийн цэс дээр шилжүүлэн байрлуулахаар 25 замын зураг, төслийг гүйцэтгэж байна. Зураг, төсөл байна гэдэг нь төсөв тавьж, тодорхой хугацаанд хэрэгжих боломжтой ажил гэж ойлгож болно. Авто замын хүртээмжийг эдгээр байдлаар нэмэгдүүлнэ.
2. Нийтийн тээврийн салбарт шаардлагатай 16 чиглэлд автобус явуулна. Өнгөрсөн Даваа, Мягмар гарагт 16 чиглэлд 20 гаруй богино эргэлтийн автобус явуулж эхэлсэн. Энэ жил 160 шинэ автобус авлаа. Өнөөдрийн байдлаар 1,172 автобус үйлчилж байна. Түгжрэлээс улбаалан иргэдийг автобус удаан хүлээлгэх, автобусан дотор удаан байх нөхцөл үүсснийг бид сайн мэдэж, богино хугацаанд энэ байдлаас гарах тооцооллуудаа хийж байна.
3. Энэ байдлаас гарах дараагийн арга хэмжээ нь Их багтаамжийн тээврийн төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх шаардлага бий. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хурлын үеэр гэрээ байгуулсан BYD группийн “Sky Shuttle” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний ажил эхэлсэн. Саяхан тус группийн техникийн баг ирж, ажилласан.
“Sky Shuttle” хөнгөн галт тэргийг 220,000 орчим хүн ам амьдарч буй Яармаг буюу Архивын ерөнхий газраас 120 мянгатын Тэмээтэй хөшөө хүртэл ойролцоогоор 13 км замаар явуулна. Төслийн ТЭЗҮ-д түвшин өөрчлөлтийг хийж, зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, санхүүгийн схем зохион байгуулж нийслэлийн төсөвт ачаалал авахгүйгээр төслийг хэрэгжүүлнэ.
Хөнгөн галт тэрэгний дараагийн трассыг зуслангийн чиглэл болох Зунжингаас 32-ын тойрог-Хүүхдийн урлан бүтээх төв хүртэл явуулахаар тооцоолсон.
Метро маш хэцүү төсөл. Одоогийн байдлаар бараг 10 их наяд төгрөгөөр 5 жилийн хугацаанд хийгдэх учраас үүнээс 5-6 дахин хямд, богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой “Sky Shuttle” их багтаамжийн хөнгөн галт тэргийг авахаар ажиллаж байна. Хөнгөн галт тэрэг нь батарейгаар ажилладаг, гүүрэн байгууламжаар явдаг.
Түгжрэлийг бууруулах боломжит дараагийн төсөл нь ART. Энхтайвны өргөн чөлөөгөөр нийтийн тээврийн автобусыг явуулж сурсан. ART нь тусгай зам шаардахгүй, авто зам дээр шууд явах боломжтой, нэг дор 300-390 орчим хүн суулгах багтаамжтай, өөртөө батарей хураагууртай, доороо дугуйтай их багтаамжийн хөнгөн галт тэрэг. 2027 онд их багтаамжийн дээрх хоёр нийтийн тээврийг нэвтрүүлнэ.
Дүүжин замын тээвэр энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас дүүжин тээвэр иргэдэд үйлчилж эхэлнэ. Яармагаас Хархорин хүртэл 4.4 км явах дүүжин тээвэрт суух хүн олдохгүй гэж шүүмжилдэг. Энэхүү тээврийг ашигтай ажиллуулахын тулд Яармагаас Хархорин дээр буусан хүн ART хөнгөн галт тэргэнд сууж хотын төв рүү орох уялдааг төлөвлөж байгаа юм.
4. Сургуулийн хүртээмжгүйгээс хотын захаас төвийн сургуульд хүүхдээ хүргэж өгөхөөр 105,000 орчим автомашин замын хөдөлгөөнд оролцдог. 82 сургуулийг хүртээмжгүй байгаа цэгүүдэд байгуулна. Одоогийн байдлаар 40 сургуулийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар яриа хэлэлцээрт орж, газар чөлөөлөлтийг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна.
5. Ухаалаг гэрлэн дохионы хувьд ЗХУТ-өөс 176 уулзварын гэрлэн дохиог удирдахдаа нэг уулзварыг хаахгүйгээр нийт системээр нь зохицуулах боломж бүрдэж буй.
6. Энэ жил Улаанбаатар хот 130км дугуйн замтай болсон. Жил бүр нэмсээр 450км дугуйн зам тавина. Өнөр хорооллоос Амгалан хүртэл унадаг дугуйгаар явдаг болгоно" гэж танилцууллаа.
Энэ тухай тэрбээр "Автобус худалдаж авах сонгон шалгаруулалтад оролцож байгаа зарим компани зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнийн санал өгчхөөд тендерт шалгарахгүй болохоор гомдол гаргачихдаг. Нэг өдөр ч алдахгүйгээр нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх гэхээр цаг хугацаа алдуулаад байх юм. Бодит биш, жижигхэн эрх ашиг шингэсэн тоглолтоо болимоор байна. Ялангуяа Моннис компанид хэлмээр байна. Хууль зөрчсөн зүйлгүй байхад, гомдлоо татаж үйлдлээ таслан зогсоогоорой" хэмээв.
Статистик мэдээлээр өнөөдрийн байдлаар нийслэлийн сая гаруй иргэний 24% нийтийн тээврээр үйлчлүүлдэг бол 56% өөрийн автомашинаар зорчдог, 14% алхдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
