Г.Билгүүн: Нийтийн тээврийг байнга хянахын тулд тээвэр зохицуулагчийн орон тоог нэмэхээр төлөвлөж байна
Нийслэл хотод өдөрт нийтийн тээврийн 1,176 автобус иргэдэд үйлчилдэг байна. Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн автобус удаан хүлээлгэх болсон.
Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга(НТБГ) Г.Билгүүн "Цаг агаарын нөхцөл байдал болон бензиний хомсдолоос шалтгаалж нийтийн тээврийн автобусаар зорчих иргэд нэмэгдэж байна. Аравдугаар сарын 27-ны өдөр 766,000 орчим иргэн автобусаар үйлчлүүлсэн.
Авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй, шатахууны оочероос шалтгаалж нийтийн тээврийн хөдөлгөөн саарсан, түгжрэлээс шалтгаалж автобуснууд нэг талдаа гарч байгаа асуудлыг НТБГ-ын болон үйлчилгээ үзүүлэгч 17 оператор компанийн тээвэр зохицуулагч нар GPS-ээр хянаж, богино эргэлтээр явуулах зохицуулалт хийж байна. Тухайлбал энэ сарын 28-нд 40 орчим автобусыг богино эргэлтээр явууллаа.
Сарын хугацаанд 400 орчим тээвэр зохицуулалтыг хийсэн. Байнгын хяналттай байлгахын тулд тээвэр зохицуулагчийн орон тоог нэмэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар НТБГ-ын тээвэр зохицуулагчаар ажиллаж буй хоёр хүн 137 чиглэлийг хянадаг ч зарим чиглэлийг алдах магадлалтай. Иймээс нэг ээлжид 4-5 тээвэр зохицуулагч ажиллуулан цаг тутамд хянаж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай харилцаж, зохицуулалтыг дор бүр нь хийх шаардлагатай байгаа юм.
Аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийтийн тээврийн автобусны дундаж хурд 16 км/цаг гаруй болж, нэмэгдэж байна. Гэсэн ч тээвэр зохицуулалтыг байнга хийсээр байх болно" гэлээ.
Богино эргэлтийн автобус явуулж байгаа чиглэлүүд:
- Туул тосгон-Яармаг
- Амгалан-Сүхбаатарын талбай
- Таван шар-Сүхбаатарын талбай
Харин Туул тосгон чиглэлд нэг автобус нэмж, Туул тосгон-Хангарди чиглэлийг Туул тосгон-Яармагийн 3 дугаар буудал болгон өөрчилж байгааг мэдээлэв.
Нийслэл хотод 20 автобусыг иргэдийн санал хүсэлтийг үндэслэн эрэлттэй чиглэлд нэмж, үйлчилгээнд явуулах юм байна.
Ирэх онд нийтийн тээврийн салбарт 156 шинэ автобусаар парк шинэчлэлт хийх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
