Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Хөх хотыг зорьжээ

Д.Янжиндулам, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорьсон байна.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр албан айлчлалын хүрээнд хот төлөвлөлт, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль орчин, хог хаягдлын менежмент, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр явжээ. Энэ үеэр

  • Хоёр хотын Засаг дарга нар “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанбаатар хот хоорондын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичиг;
  • Хөх хотын Бүсийн эдийн засаг, худалдааны туршилтын чөлөөт бүс болон Монгол Улсын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Хоёр хотын дүүргүүд болон Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурах аж.

Түүнчлэн "Хавдрын эмчилгээний иж бүрэн төхөөрөмжийг нийслэл Улаанбаатар хотод бэлэглэлээ. Ховор төрлийн хорт хавдартай хоёр хүүхдийг Хөх хотод нарийн шинжилгээнд хамруулж, өвчний онош болон цаашдын эмчилгээний төлөвлөгөөг мэргэжлийн багтай хамтран тодорхойлох чиглэлээр хамтран ажиллана" гэв.

Сануулахад нийслэл хотын авто замууд түгжирч, тоог нь нэмнэ гээд буй нийтийн тээврийн автобус иргэдийг хүлээлгэсэн байдалтай байна. Уг нь хотын дарга Б.Пүрэвдагва "Өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобус удаан хүлээлгэхгүй, дааруулахгүй байхад анхаарна. Нийслэл хотод нийтийн тээвэр хүрдэггүй, алслагдсан байршлуудад богино эргэлтийн 16 шинэ чиглэлийг энэ жил нээнэ. Богино  шинэ чиглэлд дунд оврын 46 автобус явуулахаар авсан" гэж амласан ч өөрчлөгдсөнгүй.