"Бензиний нөөцтэй мөртлөө нэг хошуугаар олгож зохиомол оочер үүсгэсэн тохиолдлууд илэрвэл тусгай болон газрын зөвшөөрлийг цуцална"

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод шатахууны оочер, автобусны хүлээгдэл, авто замын түгжрэл иргэдийн уур, бухимдлыг барж буй.

Эдгээр нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх талаар нийслэлийн удирдлагууд шийдлээ танилцуулав.

Шатахууны оочерийн тухайд хотын дарга Б.Пүрэвдагва "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дизелийн түлш хангалттай хэмжээнд байгаа гэсэн мэдээлэл ирсэн. АИ92, АИ95 бензин орж ирж байгаа.

Шатахуун түгээх станцууд нөөцтэй байгаа бол түүнийгээ бүх хошуугаараа түгээх шаардлагатай байна. Хэрэв нөөцгүй бол иргэдэд нээлттэй мэдээлж, хиймэл оочер үүсгэмээргүй байна. Тээврийн хэрэгслүүд авто замын 1, 2 дугаар эгнээнд шатахуунд оочерлосноос авто зам түгжирч автобус ирэхгүй, иргэд олноороо удаан хугацаанд хүлээж бухимдал үүссэн.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яаманд байгуулагдсан шатахууны шуурхай штабт нийслэлээс төлөөлөл орж, хамтарсан байдлаар зохицуулалтуудыг хийж байгаа юм. Бензин бол стратегийн бүтээгдэхүүн. Нийслэлийн зүгээс бензинд хяналт тавих чиг үүрэг бий. Аравдугаар сарын 29-нөөс эхлэн улсын байцаагчийн үнэмлэхтэй багийн бүрэлдэхүүнтэй хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Улаанбаатар хотод байгаа 264 ШТС-д хяналт тавина.

Шатахууны бизнес хийдэг ААН, байгууллага төр, нийслэлтэй хамтарч ажиллаж, шатахууны нөөцөө түгээмээр байна. Стратегийн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа бол геополитикийн хүнд нөхцөлд нийгмийн хариуцлагын хүрээнд зөв зохистой зохион байгуулалттайгаар төр, нийслэлтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Бизнес хийж байгааг ойлгож буй. Энэ удаад уриалж байна. Төр бензинтэй хэрнээ өгөхгүй байгаа биш юм.

Хяналтын явцад бензиний нөөцтэй байж нөөцгүй мэт, нөөцтэй хэрнээ нэг хошуугаар олгож зохиомол оочер үүсгэж байгаа тохиолдлууд илэрвэл Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Монополийн эсрэг газартай хамтран тусгай зөвшөөрөл, нийслэлээс ШТС-ын газрын эрхийг цуцлахыг хатуу мэдэгдье.

Зохиомол, санаатай үйлдэл явуулбал захиргааны арга хэмжээ авах эрх нь НЗДТГ-т бийг шатахуун импортлогч хувийн ААН, байгууллагуудад хэлмээр байна.

Ийм байдал үүсэж буйд иргэдээсээ хүлцэл өчье. Хүнд нөхцөлд ажиллаж, амьдарцгааж байна" хэмээв.

Аравдугаар сарын 26-ны 18:00 цаг орчмын байдлаар Даваа гарагт шатахууны хомсдолоос үүдэн хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочер үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл багасан 0 зогсолт болжээ.