Дайныг зогсоох зорилготой Украин, Оросын ээлжит яриа хэлэлцээ үр дүнд хүрэлгүй өндөрлөлөө

Т.Давааням, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох зорилготой Орос, Украин, АНУ-ын гурван талт яриа хэлэлцээ Абу Даби хотноо хоёр өдөр үргэлжилсний эцэст өндөрлөлөө.

Америкийн тал "зарим нэг боломж" ажиглагдсан гэж мэдэгдсэн хэдий ч дайныг эцэс болгох дорвитой ахиц дэвшил гарсангүй.

Гарсан ганц ахиц дэвшил нь Москва, Киевийн талууд олзлогдсон цэргүүдийг өргөн хүрээнд солилцох асуудлыг ярилцаж, удахгүй хэрэгжиж магадлалтай болжээ.

Украины хэлэлцээний багийн гишүүн Давид Арахамия хоёрдугаар сараас хойш анх удаа болж буй энэ удаагийн хэлэлцээг "хамгийн хүнд хэцүү үе шатуудын нэг" байсан гэж дүгнэсэн байна.

"Оросууд маш хатуу зааварчилгаатай ирсэн бололтой, тиймээс хэлэлцүүлгийн уур амьсгалыг зөөлрүүлэхэд туйлын хэцүү байлаа" гэж тэр ярьсан юм. Гэхдээ тэрбээр "эерэг эрч хүч" мэдрэгдсэн гэдгээ онцлоод дараагийн хэлэлцээг аль болох хурдан зохион байгуулахыг уриалжээ.

Кремлийн хэлэлцээний төлөөлөгч Владимир Мединскийн мэдэгдэл харьцангуй хатуу байр суурьтай байв. Тэрбээр "Одоогийн байдлаар... Украин, АНУ-ын байр суурь, мөн Европын ухаарч, бодит байдлыг ойлгох эсэхээс их зүйл хамаарна" гэж хэлжээ.

Хэлэлцээний дараа АНУ-ын төлөөлөгчид болох Стив Виткофф болон ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Пүрэв гарагт Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй, улмаар Дублин хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй дараалан уулзахаар болсон байна.

Абу Дабид болсон уулзалт нь голчлон Европын "аюулгүй байдлын бүтэц"-ийн асуудалд төвлөрсөн бололтой.

Киевийн хувьд энэ нь Украин улс НАТО-гийн гишүүн биш хэдий ч дахин халдлагад өртсөн тохиолдолд холбоотнуудын тусламжийг авах баталгаатай холбоотой асуудал юм.

Харин Москвагийн хувьд "аюулгүй байдлын тогтолцоо"-г шинэчлэхдээ Зүүн Европ дахь НАТО-гийн нөлөөг хязгаарлах асуудлыг багтаахыг зорьж байгаа. Тус эвсэл дорно зүгт тэлэх нь Кремлийн санааг хамгийн их зовоож буй асуудал юм.

Долоо хоногийн эхээр Жаред Кушнер хэлэхдээ АНУ-ын засаг захиргаа Украин, Орос, Европын хооронд "тогтвортой энх тайвныг хангах" шинэ аюулгүй байдлын тогтолцоог бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Кремлийн төлөөлөгч В.Мединский дэлхий ертөнцөд "шинэ" бөгөөд "шударга" аюулгүй байдлын тогтолцоо хэрэгтэй байгааг онцолж байв.

Энэхүү тогтолцоог "шинэ Ялта, Потсдам" болно гэж Мединский мэдэгдсэн нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа ялагч холбоотон гүрнүүд Европ тивийг нөлөөллийн хүрээнүүдэд хувааж авсан 1940-өөд оны дээд хэмжээний уулзалтуудыг дурдсан хэрэг байв.

Украин болон Европын орнууд АНУ-ын одоогийн засаг захиргааны Европын аюулгүй байдлыг хангах амлалт, мөн Кремлийн эсрэг баримтлах байр суурь нь зөөлөрч байгаад удаан хугацааны турш санаа зовниж ирсэн юм.

Их Британи, НАТО болон Европын Холбооны зарим орны төлөөлөгчид мөн Абу Дабид хүрэлцэн ирж, АНУ болон Украины хэлэлцээний багийнхантай уулзсан байна. Гэвч Европын Холбоотой албан ёсны харилцаагүй Оросын тал төлөөлөгчид нь тэдэнтэй ямар нэгэн холбоо тогтоогоогүйг мэдэгджээ.

Европын орнууд өөрсдийгөө өөрийн тив дэх дайны дараах үйл явцын гол оролцогч гэж үзсээр ирсэн ч Москва тэдний оролцоог үл тоомсорлосон байр суурьтай байна.

Олон улс орон, ялангуяа Зүүн Европын улсууд өөрсдийн аюулгүй байдлаа Украины аюулгүй байдалтай салшгүй холбоотой гэж үздэг. Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Лхагва гарагт мэдэгдэхдээ "НАТО-гийн гишүүн орнуудын дунд зөвшилцөлд хүрэхгүйгээр" ямар ч хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжгүй гэжээ.

АНУ-ын тал Европын орнуудыг энэ үйл явцад татан оролцуулах сонирхолтой байгаа бөгөөд тэднийг "хэлэлцээний формат"-д оруулах асуудлыг Путинтэй хийх яриа хэлэлцээний хөтөлбөрт тусгахаа Кушнер амласан байна.

Мөн ирээдүйн аюулгүй байдлын тогтолцооны талаарх хэлэлцүүлгийн дараалал дээр ч санал зөрөлдөөнтэй байна. Европын орнууд болон Украины гал зогсоосны дараа хэлэлцүүлэг өрнүүлэх хүсэлтэй байгаа бол Кремль эсрэгээрээ, хэлэлцээр байгуулсны дараа л байлдааны ажиллагаа зогсох ёстой гэсэн нөхцөлийг тулгаж байгаа юм.

Гэсэн хэдий ч энх тайван тогтсоны дараах үеийн аюулгүй байдлын тогтолцооны тухай аливаа хэлэлцээр нь дайн дуусах нөхцөлөөс шууд хамааралтайг Кушнер онцолжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ "газар нутаг болон хоёр талын бусад бүх асуудлаар тохиролцоонд хүрэхээс нааш" дайн дуусах боломжгүй гэсэн байна.

Өнгөрсөн жил хэлэлцээ эхэлснээс хойш тохиролцоонд хүрэхэд саад болж буй гол асуудал бол Оросын мэдэлд ихээхэн хэсэг нь ороод буй Украины Донецк муж юм. Киев өөрийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж буй энэ газар нутгаа хяналтдаа байлгахын тулд одоогийн фронтын шугамыг царцааж үлдээх хүсэлтэй байгаа. Харин Оросын тал Донецкийн үлдсэн хэсгээс цэргээ гаргаж, бүрэн шилжүүлж өгөхийг Украинаас шаардаж байна.

Кушнер газар нутгийн асуудал хамгийн хүнд сэдэв хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн бол Украины хэлэлцээрийн төлөөлөгч Кирило Буданов тус улсыг Донецкоос цэргээ гаргахыг Оросын тал шаардаж байгаа эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Хожим Буданов энэ удаагийн яриа хэлэлцээ "хүнд" байсан бөгөөд Украины тэргүүлэх чиглэл бол Орос улс ирээдүйд дахин довтлохгүй байхыг баталгаажуулах явдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эх сурвалж: BBC