Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2025 онд Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.7 хувийг хангажээ
Өнөөдөр /2026.11.11/ Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-нд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанд, ажлын хэсгийн гишүүд болон хөрөнгө оруулагч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 6–8 хувиар өсөж, 2025 онд нийт хэрэглээний 21 орчим хувийг импортоор хангасан. Иймд, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөх зорилт чухал хэвээр байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагч талаас төслийн хэрэгжилттэй холбоотойгоор гэрээний зарим нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн. Үүний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 237 дугаар захирамжаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулаад байна. Энэхүү ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж буй юм.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Цаашид хөрөнгө оруулалтын гэрээний төслийг холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, зохицуулалттай нийцүүлэн боловсруулах, гэрээний нөхцөлүүдийг нарийвчлан судлах шаардлагатай"-г онцолж, ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг, чиглэл өглөө гэж ЭЗХЯ-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
