Говийн ус дуусаж байна уу, эсвэл бид хангалттай судлаагүй юу?

ikon.mn
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Ус ашиглахгүйгээр бий болдог баялаг гэж байхгүй. Хэрэв Өмнөговийн усан хангамжийн асуудлыг шийдэж чадвал Монгол Улсын усны асуудлыг шийдэхэд том алхам болно. Харин усны асуудлаа шийдэж чадвал улс орноо хөгжүүлж чадна.”

Энэ бол Усны газрын дарга З.Батбаярын хэлсэн үг. Тэрбээр Монгол Улс сүүлийн 30 жилд эдийн засгийн орлогоо нэмэгдүүлсэн ч хөгжлийн боломжоо бүрэн ашиглаж чадаагүйн нэг шалтгааныг усны нөөцөө хангалттай нэмэгдүүлээгүйтэй холбон тайлбарлав.

зураг
 

Ашигт малтмалын арвин баялагтай Өмнөговь аймагт ус яагаад хөгжлийн гол асуудал болж байна вэ? Говийн ус үнэхээр хомс уу, эсвэл бид байгаа нөөцөө хангалттай судлаагүй юу? Уул уурхайн үйлдвэрлэл газрын доорх усанд хэрхэн нөлөөлж байна вэ? Эдгээр асуудал бол аравдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад болсон “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” 34 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурлын гол сэдэв байлаа.

зураг
 

Монгол Улсын Их Хуралд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуульд өөрчлөлт оруулах тухай төслүүд хэлэлцэгдэж буй энэ цаг үед тус эрдэм шинжилгээний хурлыг сурвалжилсан тэмдэглэлээ хуваалцъя.

Монгол орны газар нутгийн 83 хувьд газар доорх усны хайгуул хийгдээгүй

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 17 хувьд газрын доорх усны эрэл хайгуул хийгджээ. Энэ бол маш харамсалтай бөгөөд чамлалтай тоо болохыг салбарын эрдэмтэд хэлж байв. “Оюу толгой” компанийн ашиглаж байгаа Гүний хоолойн газар доорх усны орд бол Монгол Улсад илрээд байгаа дөрөв дэх том нөөц ажээ. Хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох энэ ордын нөөцийн 60 хувийг ашиглах боломжтой бөгөөд Монгол Улсын Усны зөвлөлөөс “Оюу толгой” компанид хэрэглээг 892 литр секундээр шинэчилж тогтоож өгчээ.

Засгийн газар энэ хэмжээг баталгаажуулж өгснөөр 2044 он хүртэл тус нөөцийг ашиглах боломжтой болох нь. Гэхдээ “Оюу толгой” компани өнөөдрийн байдлаар 400-600 л/сек усыг үйлдвэрлэлд зарцуулж байгаа ба ус дахин ашиглалт 87 хувьтай байгааг тус компанийн Байгаль орчны багийн ахлах мэргэжилтэн, гидрогеологич, Монгол Улсын зөвлөх инженер С.Отгонбаатар хэлсэн. Сүүлийн таван жилийн дунджаар секундэд 518.52 литр/секунд ус ашиглаж ирсэн нь Усны зөвлөлөөс өмнө нь баталсан хэмжээний 56 хувьд л ус ашиглаж байгаа гэсэн үг юм.

зураг
 

87 хувь дахин ашиглаж байгаа хэмжээг Усны газар давхар хянаж явдаг бөгөөд “Оюу толгой”-н усны менежмент сайн байгааг хүлээн зөвшөөрдөг ажээ. Манай улсад зөвхөн нэг грамм алтыг нэг тонн шорооноос гаргаж авахын тулд 4 тонн ус ашигладаг бол “Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад 0.44 м³ ус шинээр татаж ашиглаж байгаа нь дэлхийн ижил төстэй уурхайнуудын дунджаас даруй гурав дахин бага үзүүлэлт байна.

ШУТИС-ийн Гидрогеологи, уул уурхайн сургуулийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн Дэд профессор, доктор Н.Буянхишиг Оюу толгойн усны дахин ашиглалт бусад компанитай харьцуулахад өндөр, ялангуяа баяжуулах үйлдвэрээс гарсан хольцоос усыг эргүүлэн авах ажиллагаа сайн байгааг онцолсон.

зураг
 

Харин бусад, ялангуяа бичил уурайнууд усыг замбараагүй ашигладаг, ашиглах боломжтой нөөцөө тооцуулалгүйгээр нэг нөөцийг тултал ашиглах зэрэг нь гүний усны нөөцөд сөрөг нөлөөлж байгаа нэг хүчин зүйл болохыг “Охь Ус” ХХК-ийн захирал, гидрогеологич, Монгол Улсын Зөвлөх инженер Г.Цэрэндондов дурдсан.

зураг
 

Монгол орны нийт газар нутгийн 83 хувьд үндсэндээ газрын доорх усны нөөцийг илрүүлэх эрэл хайгуулын ажил хийгдээгүй гэсэн үг. Энэ нь тухайн газарт ус байхгүй гэсэн үг биш. Харин хаана, ямар гүнд, ямар чанартай, хэр хэмжээний ус байгааг бид хангалттай судалж амжаагүйг илэрхийлнэ.

Монгол Улс ашигт малтмалын ордуудаа эрж хайх, тогтоох, үнэлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж ирсэн. Гэвч олборлосон баялгаа боловсруулахад зайлшгүй шаардлагатай усны нөөцийн судалгаа түүнтэй дүйцэх хэмжээнд хөгжиж чадаагүйг энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын үеэр хөндөж байлаа. Харамсалтай нь усны хайгуул судалгаа хийх нь геологийн хайгуул судалгаанаас дутахгүй өндөр зардал, хөрөнгө оруулалт, мэргэжлийн чадавх шаарддаг ажээ.

Гэтэл усны нөөц нь төрийн нийтийн өмч учраас ийм төрлийн судалгааг зөвхөн хувийн хэвшлийн хэрэгцээ, санхүүжилтэд найдаж орхиж болохгүйг Усны газрын дарга З.Батбаяр тэмдэглэн хэлээд “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг усныхаа нөөцийн хэрээр хөгжлөө төлөвлөх шаардлагатай” хэмээн сануулав.

зураг
 

Өнөөдөр Монгол Улсын судлан тогтоочхоод байгаа газрын гүний усны дийлэнх нь говийн бүсэд хамаарч байгаа аж. Тодруулбал, говийн бүсэд секундэд 3,500 орчим литр усны нөөцийг илрүүлсэн байгааг хоёр дахин нэмэгдүүлж, 7,000 литр секундэд хүргэж байж тухайн бүс нутгийн том жижиг уурхайнууд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болох нь.

Энд газрын доор байгаа нийт ус, хайгуул судалгаагаар тогтоосон нөөц, ашиглаж болохоор баталгаажуулсан нөөц гурав бол өөр ойлголтууд гэдгийг тодотгох хэрэгтэй. Газар доор байгаа нийт нөөцийн тал орчим хувийг ашиглах боломжтой ба тухайн нөөцөд тулгуурлан ашиглах хэмжээг Усны зөвлөл тогтоож өгдөг. Тэр хэмжээнд тулгахгүйгээр үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэсэн үг. Тийм ч учраас уурхайнууд, үйлдвэрүүд байж болох хамгийн өндөр хэмнэлттэйгээр ашиглаж, дахин ашиглах, усны менежментээ “Оюу толгой” компанийн хэмжээнд хүргэж ажиллахыг шаардана гэдгээ З.Батбаяр дарга хэлсэн юм. Үүнийг Усны тухай хуульд тусгах бөгөөд хэмнэж чадахгүй бол өндөр төлбөрөө төлөөд ашиглахаас аргагүй болох ажээ.

“Оюу толгой” компанийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа усыг хүн битгий хэл мал ч уух боломжгүй

Говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн тухай ярихад “Уурхай малчдын ундны усыг шавхаж байна” гэх түгээмэл ойлголт байдаг. Энэ бол ташаа ойлголт ажээ.

Усаа хэрэглэж байж л хөгжлөө тэлнэ гэдэг санааг Усны газрын дарга З.Батбаяр хэлсэн. Гагцхүү нөөцөө илүү сайн судлан тогтоож, манай улс хаана ямар савтай, тэр саванд хэдий хэмжээний ямар ус байгаа, ямар зориулалтаар үр ашигтай хэрэглэж, эдийн засгаа тэтгэх боломжтой вэ гэдгээ өөрсдөө мэддэг байх нь тулгамдсан чухал асуудал болсныг доктор Н.Буянхишиг тайлбарласан. Тэрбээр говийн харьцангуй бага гүний ус унданд тохиромжтой байх тохиолдол байдаг бол зарим гүн давхаргын ус эрдэсжилт, хатуулаг өндөртэй, мал ч уухад тохиромжгүй байдгийг дурдаад ийм усыг уул уурхайд ашиглаж эргэлтэд оруулах нь зөв гэсэн байр сууриа илэрхийлсэн. “Оюу толгой” компанийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа усыг хүн битгий хэл мал ч уух боломжгүйг мөн хэлсэн юм.

Учир нь уурхайд ашигладаг ус газрын хөрснөөс доош 140-400 метрт оршдог буюу малчдын ундны уснаас тусгаарлагдсан байгалийн тогтоцтой ажээ. Тийм ч учраас Гүний хоолой хэмээх газрын доорх усны орд орчмын Булан, Шар дов зэрэг малчдын худгийн усны түвшин сүүлийн 10 гаруй жил тогтвортой байж ирснийг 399 хяналтын цэг, үүнээс газрын доорх усны 325 хяналтын цооног, малчдын 64 худаг, байгалийн 10 булагт тогтмол хийдэг мониторингийн дата харуулж байна. Өөрөөр хэлбэл, уурхайн ус ашиглалт малчдын худгуудад нөлөөлөх эсэхийг зөвхөн усны гүнээр нь бус, уст давхаргын холбоо, усны түвшний олон жилийн хэмжилтээр тогтоодог байна.

“Монгол орны хэмжээнд усны нөөц нийтээрээ хомсдоод эхэлсэн нөхцөл одоогоор тогтоогдоогүй. Харин тооцоо, бүртгэлгүй худгууд усны хомсдол үүсгэх эрсдэлтэй” гэдгийг гидрогеологич Г.Цэрэндондов онцолсон. Тэрбээр “Одоогийн нөхцөлд усны эрэл хайгуулыг ихэвчлэн тухайн газар ус ашиглах хэрэгцээ үүссэн байгууллага санхүүжүүлж байна. Үүний улмаас судалгааны мэдээлэл тархай бутархай, зарим бүс сайн судлагдсан байхад нөгөө хэсэг нь бараг судлагдаагүй үлдэх эрсдэлтэй байна. Харин улсын хэмжээнд нэгдсэн гидрогеологийн мэдээллийн сантай болсноор нэг сав газарт хэр хэмжээний ус илрүүлж, хэдийг нь ашиглаж, ямар өөрчлөлт гарч байгааг цогцоор нь үнэлэх боломж бүрдэнэ.

зураг
 

Худгийн бүртгэл ч үүнтэй салшгүй холбоотой. Судалгаагүй, нөөцийн тооцоогүй худгаас ус олборлох нь өөрөө эрсдэл дагуулдаг” гээд ялангуяа жижиг, бичил уурхайн үйл ажиллагаанд ийм эрсдэл байгааг анхааруулав.

Энэ ч утгаараа Цогтцэций, Ханбогд орчимд томоохон үйлдвэр, уурхайнууд төвлөрч, усны хэрэглээ өсөн нэмэгдсэнийг дурдаад байгууллага бүрийн тус тусдаа хийсэн судалгааг нэгтгэн дүгнэж, улсын хяналтад авах цаг болсныг Г.Цэрэндондов онцолсон юм.

Говийн усны ирээдүйд нөөцөө нэмэгдүүлэхээс гадна хариуцлагатай ашиглах нь чухал

“Говьд ус байхгүй биш, ус бий. Хамгийн гол нь жилд ганц хоёрхон удаа ордог борооны их усыг хуримтлуулах, гадаргын усаа ашиглах, газрын доорх усаа хэмнэх шаардлагатай” хэмээн Усны газрын дарга З.Батбаяр онцоллоо.

зураг
 

Говийн усан хангамжийг сайжруулахын тулд газрын доорх усны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, “Хэрлэн–Тооно”, “Онги–Цагаан бургастай” зэрэг усны төслийг судалж хэрэгжүүлэх, хур борооны усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах, үйлдвэрлэлийн усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр дурдав. Говьд хур тунадас ховор боловч богино хугацаанд хүчтэй бороо орж, их хэмжээний ус сайр даган урсдаг. Энэ усыг тохиромжтой байршилд хуримтлуулан ашиглах боломж бий. Гэхдээ геологийн нөхцөл, ууршилт, усны чанар, байгаль орчны нөлөөллийг нарийвчлан судлах шаардлагатай ажээ.

Усны нөөцийг хамгаалахад зөвхөн шинэ эх үүсвэр илрүүлэх бус, ус ашигласны төлбөрийг хэрхэн зарцуулж байгаа нь чухал. ШУТИС-ийн дэд профессор, доктор Н.Буянхишигийн хэлснээр ус ашигласны төлбөрөөс орон нутагт төвлөрсөн орлого усны салбарын судалгаа, мэргэжилтэн бэлтгэх, тоног төхөөрөмж, мониторингийн чадавхыг сайжруулахад тэр бүр эргэн зарцуулагддаггүй байна.

зураг
 

Тухайлбал, Оюу толгой компани 2013 оноос 2026 оны эхний улирал хүртэл ус ашигласны төлбөрт нийт 226 тэрбум төгрөг төлжээ. Гэвч энэ орлогоос Засгийн газар хэдийг нь усны эрэл хайгуул, бэлчээрийн худгийн шинэчлэл, усны чанарын хяналт, судалгаанд зарцуулсныг ялгаж харах шаардлагатай ажээ.

Усны салбарын өөр нэг тулгамдсан асуудал нь мэргэжлийн боловсон хүчин, судалгааны чадавх. Н.Буянхишигийн мэдээлснээр ШУТИС 1973 оноос хойш гидрогеологи, инженер геологийн чиглэлээр 700 гаруй инженер бэлтгэжээ. Энэ чиглэлээр суралцагчдын тоо өнгөрсөн жил 40 орчим байсан бол энэ жил 60 орчим болж нэмэгдсэн ч салбарын мэргэжилтний хэрэгцээ өндөр хэвээр байгаа ажээ.

Эцэст нь, говийн усны асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн уул уурхайн компаниуд усаа хэмнэх нь хангалтгүй. Төр усны нөөцийн эрэл хайгуулаа нэмэгдүүлж, ашиглалтад нэгдсэн хяналт тавих, усны төлбөрийн орлогыг эргээд судалгаа, хамгаалалтад зарцуулах шаардлагатай. Харин компаниуд усны хэрэглээ, дахин ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээллээ ил тод болгож, урт хугацааны мониторингийг тасралтгүй хэрэгжүүлэх учиртай аж.

зураг
 

ШУТИС-аас зохион байгуулж, “Оюу толгой” компани дэмжин оролцсон тус хурлын бас нэг онцлог нь Монголын гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Н.Батсүхийн нэрэмжит сангийн нээлт давхацсан явдал байв. Тус сан нь залуу судлаач, оюутан, эрдэмтэн багш нарыг дэмжих, эрдэм шинжилгээний өвийг хадгалан түгээх, салбарын сургалт, судалгааг хөгжүүлэх зорилготой ажээ.

 

Р.Оюун

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.