Италийн радикал Марксист бүлэглэлийн гишүүн асан Аргентин дахь гэрийн хорионоосоо оргожээ
Италийн радикал Марксист бүлэглэл болох "Улаан бригад"-ын гишүүн асан, 74 настай эр гэрийн хорионоос оргосон тухай Аргентин улсын аюулаас хамгаалах яам Лхагва гарагт мэдээлжээ.
Тэрбээр хөлдөө зүүсэн хяналтын төхөөрөмжийг салгаж, гахайн махтай саванд хийж үлдээгээд таван давхрын тагтнаас доош бууж зугтсан байна.
Леонардо Бертулацци нь 2024 оноос хойш Буэнос-Айрес хотод гэрийн хорионд байгаа бөгөөд Аргентины эрх баригчид түүнийг Италид шилжүүлэн өгч, 27 жилийн хорих ялыг нь эдлүүлэхээр бэлтгэж байжээ.
Тэрбээр төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, мөн зэвсэгт бүлэглэлийн гишүүн байсан хэргээр уг ялыг 1987 онд сонсож байсан юм.
Олон жил нуугдсаны эцэст Бертулацци 2002 онд Аргентины хууль сахиулах байгууллагынханд анх баривчлагдсан байна. Хэдэн сарын дараа суллагдаж, 2004 онд дүрвэгчийн статус авсан ч уг статус нь цуцлагдсаны дараа 2024 онд дахин баривчлагджээ.
Лхагва гарагт Аргентины аюулаас хамгаалах яам Бертулаццийг дахин баривчлахад туслах мэдээлэл өгсөн хүнд $13,000-ын шагнал амласан байна.
Оргодол этгээд нь Италийн түүхэнд "Хар тугалган он жилүүд" (Anni di Piombo) гэгддэг 1969-1980 оны хооронд олон халдлага үйлдсэн "Улаан бригад" хэмээх радикал Марксист байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан хүн юм. Тус бүлэглэл нь 1978 онд Италийн ерөнхий сайд асан Альдо Морог хулгайлж, амь насыг нь хөнөөснөөрөө хамгийн том хар түүх үлдээж байв.
Хяналтын камерт Бертулаццигийн орон сууцны барилгаас гудамжинд бууж ирж байгаа дүрс бичигдсэн байна.
Аргентины цагдаагийн мөрдөгч "La Nación" сонинд ярихдаа Бертулацци тусгай олс ашиглан таван давхраас доош буусныг мэдээлжээ.
"Тэр эхлээд хөлийн хяналтын төхөөрөмжөө салгаж, гахайн махтай саванд хийсэн. Мөн температурыг нь хадгалахын тулд цусны даралт хэмжигч төхөөрөмжийг ч хамт хийсэн байв. Дараа нь тэр дээвэр дээр гарч, олс ашиглан таван метр доошилж, амьдарч байсан байрныхаа ард байх эзгүй талбайд үсрэн буусан байна. Улмаар төмөр хаалгыг давж гудамжинд гарчээ” гэж мөрдөгч ярьсан байна.
Цагдаа нар түүний хөлд зүүсэн хяналтын төхөөрөмжөөс хөдөлгөөний мэдээлэл ирэхээ больсныг анзаарч, гэрт нь очиход Бертулацци тэнд байгаагүй гэнэ.
Аргентины Дээд шүүх түүний гаргасан эцсийн шатны гомдлыг хэрэгсэхгүй болгосны дараа 2025 оны долдугаар сард тус улс Бертулаццийг Итали улсад шилжүүлэн өгөх шийдвэр гаргаж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
