Инфляц аравдугаар сард 13.4 хувьтай гарч, энэ оны хамгийн өндөр түвшинд хүрлээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Инфляцын түвшин 2025 оны аравдугаар сард 9.2 хувьтай байсан бол 2026 оны аравдугаар сард 13.4 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр энэ оны хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм. Энэ оны долоодугаар сард инфляц 13 хувьтай гарч байлаа.
Улсын инфляц 13.4 хувьтай гарахад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (32.8%) өссөн нь голлон нөлөөлөв.
Мөн түүнчлэн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 10 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.
Инфляц 2026 оны аравдугаар сард 13.4 хувь гарсны 4.9 (36.6%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгааллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзлэв.
2026 оны 10 дугаар сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 44.4 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 46.2 хувиар, хонь, ямааны махны үнэ 55.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар өсөхөд гурил болон бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 12.7 хувиар, гоймонгийн үнэ 26.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
