Ч.Хувьзаяа: Гэрлэн дохио дээр дөрвөн минутаас илүү хүлээлт үүсэхгүй
Улаанбаатар хотод ажил тарах үеэр авто замын гэрлэн дохио дээр иргэдийг 10 гаруй минут хүлээлгэдэг тухай гомдол их ирдэг байна. Өвлийн улиралд ингэж удаан зогсоомооргүй байгааг НИТХ-ын хуралдааны үеэр хөндөв.
Гэрлэн дохионы тохируулгын талаар “Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа "Явган хүний гарц болон бусад уулзвар, замын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор гэрлэн дохионы зохицуулалтаас шалтгаалж хүлээлтийн хугацаа үүсдэг.
Тээврийн Цагдаагийн Алба, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын төв хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд гэрлэн дохиог 240 секундээс дээш нэг циклийн хугацаагүйгээр тохируулсан байдаг. Ингэхээр гэрлэн дохио дээр 4 минутаас илүү хүлээлт үүсэхгүй" гэв.
Нийслэл хотод 176 гэрлэн дохио ажилладаг бөгөөд засвар үйлчилгээг Замын Хөдөлгөөний Удирдлагын төв хариуцдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
