Цагийн аясаар хувьсан өөрчлөгдөхөөс нь өмнө хадгалж үлдэх давтагдашгүй төрх
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Нарангэрэлийн “ЗАМ-2” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийгээд удаагүй байна.
Зураач Ц.Нарангэрэлийн уран бүтээлийн үндэс нь байгаль дэлхий юм. Тэрээр байгалийн гадаад төрхийг бодитой дүрсэлж, түүний дотоод хэмнэл, уур амьсгал, сэтгэл хөдлөлийг уран бүтээлдээ шингээхийг зорьдог бөгөөд гэрлийн намуухан туяа, уудам орон зайн гоо сайхныг илэрхийлдгээрээ онцлог. Түүний хувьд байгалийн зураг зурах нь зөвхөн тухайн газрын дүр төрхийг буулгах бус, цаг хугацааны эрхээр өөрчлөгдөхөөс нь өмнө давтагдашгүй өнгө төрх, оршихуйн мөн чанарыг нь хадгалан үлдээх нэг арга юм.
Ц.Нарангэрэлийн уран бүтээлүүд нь хэв маяг, сэдэв агуулга, дүрслэл, өнгө аясаараа өргөн цар хүрээг хамардаг хэдий ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, судлан сурталчлах гэсэн нэгдмэл үзэл санаагаар холбогддог билээ. Монгол орны өргөн уудам тал нутаг, хязгааргүй тэнгэр, хүн ба байгалийн зохицол, өдөр тутмын амьдралын энгийн атлаа яруу найргийн шинж нь түүний уран бүтээлийн сэтгэлгээний суурь болжээ. Түүний “Аргалын утаа”, “Ээжий бөн бөн”, “Зэрэглээ” зэрэг бүтээл Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг.
Тэрээр Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваагийн шавь бөгөөд 1986 онд Бүгд Найрамдах Чехословак улсын Прага хотод монументаль уран зургийн чиглэлээр суралцан төгсжээ. Прага хотод эзэмшсэн мэргэжлийн суурь, туршлага нь түүний бүтээлийн зохиомж, бүтэц, орон зайн сэтгэлгээнд гүнзгий нөлөө үзүүлсэн байдаг. Сургуулиа төгсөж ирснийхээ дараа Ц.Нарангэрэл СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн Монументаль урлагийн тэнхимд багшилж, 1990–2017 онд тэнхимийг удирдан ажиллаж, энэ хугацаанд 160 гаруй зураач, уран бүтээлчийг бэлтгэн гаргасан байна.
Урлагийг соёл, түүх, үе үеийн хүмүүсийг холбох хүч хэмээн зураач Ц.Нарангэрэл хэлдэг. Цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг даван хүрэхүйц бодит, сэтгэлд хоногших дүрслэл бүхий түүний бүтээл бүр үзэгчдийг түр саатан ажиглаж, эргэцүүлэн бодож, байгаль дэлхийтэйгээ дахин холбогдохыг урин дуудсан өвөрмөц орон зай болох нь дамжиггүй.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
